Инженерийн мэргэжлийг ур чадвар, туршлагаас шалтгаалан арван төвшинд эрэмбэлдгээс долдугаар түвшинд хүрч өдгөө Google компанид 13 дахь жилдээ программ хангамжийн ахлах инженерээр ажиллаж буй Б.Баттулгатай ярилцлаа.
-13 жилийн өмнө Google компанид ямар шалгуураар орж байв? Яагаад Google-ийг сонгож ажиллах болсон бэ?
–Оюутан байсан үе л дээ. Миний хувьд Microsoft-д орох сонирхолтой байсан юм. Ажиллана ч гэж бодож байлаа. Тухайн үед АНУ–д очих боломж олдоод явчхаад ирсэн чинь Google ид моданд орчихсон байсан. Start up компаниас гараад том компаниудын эгнээнд шилжиж байсан гэсэн үг. Ингээд Google-д ажиллах сонирхол төрж байсан юм. Google компани Солонгосоос ажилтан шалгаруулж авах үеэр нь ярилцлага өгөөд орсон. Бусад IT компаниудаас Google-ийн ярилцлага шалгалт тэс өөр байсан. Өөрөөр хэлбэл зургаан цагийн турш ярилцаж, бодлого бодуулдаг процесстой. Тухайн үед энэ нь чухам л шинэлэг санагдаж билээ. Одоо бол хэвийн л үзэгдэл болсон.
–Монгол IT инженерүүдээс таныг дэлхийн том комданиудад ажилласан анхны хүмүүсийн нэг гэж ойлгоод байгаа?
–Миний хувьд Google-д ажилласан анхны Монгол хүн. Microsoft, Yahoo зэрэг комданиудад манай инженерүүдээс ажиллаж байсан. Олзуурхууштай нь сүүлийн үед Силикон валлид 300-400 Монгол залуу ажиллаж байна. Тэдгээр залуучуудад миний зүгээс аль болох амбицтай байхыг зөвлөдөг. Алхам алхмаар урагшлах ёстой. Хүн том компанид ажиллаад эхлэхээр сэтгэл ханачих гээд байдаг. Улам ахиж, өсөж байх хэрэгтэй.
–Таны хувьд программ хангамжийн ахлах инженер юм байна. Яг ямар ажил хийдэг вэ?
–Инженерийн түвшинд арван эрэмбэ байдаг. Миний хувьд долдугаарт эрэмбэлэгддэг. Энэ нь одоогийн байдлаар Монгол хүний хүрсэн хамгийн дээд үе шат. Зургаад хүрсэн ганц нэг хүн байдаг ч компаниасаа гарчихсан байгаа. Миний хувьд мэдээж найм, ес, арав болох хэрэгтэй. Аравдугаар түвшний инженерүүд зөвхөн Google, Microsoft, Amazong компанид байдаг. Facebook гэхэд л аравдугаар төвшний инженерийг авч чаддаггүй. Үйл ажиллагаа нь ч ийм инженерүүдийг шаардахаар хэмжээнийх биш. Монгол инженерүүд маань аравдугаар төвшинд хүртлээ ажиллаад эх орондоо ирэхэд тухайн хүнийг дагаад технологи, цаашлаад олон боломж орж ирнэ шүү дээ.
–Хийдэг ажлын тухайд?
Миний хувьд хүнтэй харьцдаггүй. Зөвхөн машинтай харьцана. Өөрөөр хэлбэл код бичнэ. Үүний давуу тал нь магадгүй 50 хүнээр ажил хийлгэнэ гэдэг хэцүү л дээ. Хүмүүс хоорондын янз бүрийн харилцаа байдаг. Манай багийн хувьд дөрвөн хүнтэй. Гэтэл бидний хэрэглэдэг машины цахилгааны мөнгө гэхэд жилдээ 30–40 сая доллар гарчих жишээтэй. Энэ нь нэг армитай. Армийн хоол хүнсний зардал гэсэн үг юм. Зөвхөн хүн биш машин хэрэглээд асар их зүйл бүтээх боломжтой.
-Ур чадвартаа ханахгүйн тулд таны хувьд өөрийгөө хэрхэн шахаж байна вэ?
Би анх ажилд орохдоо гуравдугаар түвшнээр орж байсан. Үе шат болгон дээр хийдэг ажил, ашиглах технологиуд өөр. Тэр болгонд өөрийн ур чадвар хэр нэмэгдэж байна түүнийг хэрхэн үнэлүүлэхээс хамаарна гэж боддог. Жишээ нь тавдугаар түвшин гэхэд цаанаас өгсөн ажлын учрыг өөрөө олоод шийдэх чадвартай байх хэрэгтэй. Долоодугаарт орох юм бол департмент хоорондын холбоосуудад хамтарч ажиллах боломжтой. Харин ес, арав болоод ирэх юм бол салбартаа лидер байхыг шаарддаг.
–Манайд программ хангамжийн салбарт хүний нөөц маш хомс, эрэлттэй байгаа. Энэ мэргэжлийг сонгох гэж байгаа залуус, магадгүй мэргэжлээ солиод технологийн инженер болох хүсэлтэй залууст мэргэжлийн үнэ цэнийн тухай ярихгүй юу?
–Яах аргагүй технологийн салбарынхан асар их дутагдаж байгаа. Намайг сурч байх үед жилдээ арай их оюутан төгсгөдөг байсан бол өнөөдөр хол явчихсан байгаа. Гэхдээ одоо ч оройтоогүй. Төгсөгчдийн тоогоо жил бүр нэмэх хэрэгтэй. Яг ковидын үед АНУ, Хятадын технологийн компаниудын үнэлгээ 60 хувь өссөн. Технологийнхон бүгд өсөлттэй байсан. Гэтэл үйлчилгээний салбар, бусад бизнесүүд уналтад орж байна. Бүгд технологийн инновацийг нэвтрүүлж эхэлж байна. Тэгэхээр дижитал шинэчлэлийг хийх хэрэгтэй байгаагийн хэрээр энэ төрлийн мэргэжилтнүүд өндрөөр үнэлэгдэж, эрэлт үүснэ.
–Сонирхлоороо IT-гийн салбар уруу шилжих боломжтой юу? Мэргэжлээ хөрвүүлж байгаа хүнд хэдий хэр хугацаа шаардах бол?
Хөрвөж ажилласан хүмүүс их байдаг юм билээ. Энэ нь дан ганц IT-гаар сурч төгссөн хүнээс илүү мэдлэг, туршлагатай байдгаараа давуу. Анзаараад байхад манайд ажил олгогч болон хийж байгаа хүмүүс хооронд огтлолцол үүсэхгүй байгаа. Жишээ нь залуу үеийнхэн хиймэл оюун ухаан дээр ажиллахыг хүсч байж болно. Нөгөө талдаа бизнесүүд техонологижих. Энэ нь ажил олгогчийн хүсч байгаа зүйл ирээдүй хоёр огтлолцохгүй байна гэсэн үг. Үүнийг нийлүүлэхийн тулд залуучууд технологийг бодит байдалтай холбохыг зорих хэрэгтэй гэж боддог.
Хугацааны хувьд хоёр жил мастерт сураад хөрвөх тохиолдол, зургаан сарын турш хичээгээд шууд ажиллаж эхэлсэн ч тохиолдол бий. Харилцан адилгүй болов уу.
–Дижитал шилжилтийг манайхан их том агуулгаар нь ойлгоод байх шиг. Гэтэл энэ нь амьдралын өдөр тутмын зүйл байж болох өөрчлөлт шүү дээ. ААН байгууллагууд дижитал уруу шилжье гээд зоривол юун дээр анхаарах ёстой вэ?
–Дан ганцаараа дижитал болъё гээд бүтэхгүй. Яагаад гэвэл дэд бүтэц нь бүрдээгүй шүү дээ. Үүнийг бүрдүүлэхийн тулд инженерүүдтэй болох ч хэцүү. Тэрхүү дэд бүтцийг бид харьцангуй хурдтай бий болгож байна. Суурь технологио бүрдүүлж байна гэсэн үг. Энэ нь хөгжлийн гарц болно. Дижитал үндэстэн энэ бүх ажлыг эхлүүлэх сайн суурь болсон гэж хүлээж авч байгаа.
–Ярилцсанд баярлалаа.
–Баярлалаа.