Дэлхий дээр 4.6 тэрбум хүн интернэтийг өдөр тутамдаа ашигладаг гэсэн тооцоо бий. Интернэт хэрэглэгчдийн тоо жил бүр 8.2 хувиар өссөөр байгаа юм. Монгол улсын хувьд ч мөн адил интернет хэрэглэгчийн тоо өдөр тутам өсөж гурван саяыг давсан. Интернэт хэрэглэгчид өдөрт дунджаар 6.4 цагийг онлайн орчинд өнгөрүүлж байна.Ухаалаг утас хэрэглэгчид нийт гар утас ашиглаж буй хугацааныхаа 50-аас дээш хувийг сошиал медиад өнгөрүүлж буй. Тиймээс бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сошиал хэрэглээ ихэдвэл ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар мэргэжлийн сэтгэл зүйчээс тодруулан дараах мэдээллийг бэлтгэлээ.
Дэлгэцийн донтолт уу эсвэл хамааралтай болсон уу?
Хэрвээ та өөрөө ч мэдэлгүй фэйсбүүк, инстаграмын постуудыг гүйлгэж байхдаа цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч анзаарахгүй байсан удаа бий юу? Ямар ч зорилгогүйгээр сошиал хаягаа дахин дахин шалгаж гар утсаа удаан хугацаагаар оролддог бол энэ нь таныг дэлгэцийн хамааралтай болсон гэдгийг илтгэх эхний шинж тэмдэг юм. Энэ шинж тэмдгийг үл тоон хөдөлгөөнгүй нэгэн хэвийн байрлалаар гар утсаа оролдох, компьютер дээр цахим тоглоом удаан хугацаагаар сууж тоглох нь нуруу мурийх, хүзүү хөших гол шалтгаан болдог байна. Цаашлаад гар сарвууны үенд өөрчлөлт орох, толгой байнга өвдөх, амархан ядарч сульдах сөрөг мэдрэмжүүд өөрт мэдрэгдэнэ.
Дээрх шинж тэмдэг илрээд ч та өөрийгөө зогсоож чадахгүй бол ДОНТОХ эмгэгт өртөх эрсдэл ойрхон байна гэсэн үг. Нэгэн судалгаагаар инстаграм, фэйсбүүк, снапчат зэрэг сошиал медиа сувгууд хүний мэдрэлийн системийг казиногийн тоглоомууд эсвэл кокаинтай яг адилхан байдлаар донтуулж аль болох их хэрэглэх хүсэл төрүүлдгийг Харвардын Их сургуулийн судлаачид нийтлэлдээ тэмдэглэсэн байна. Тэгвэл дэлгэцийн донтолттой болсон гэдгээ хэрхэн мэдэх вэ?
Таны зан аашинд өөрчлөлт орж өдрийн дийлэнх цаг буюу наймаас дээш цагийг ухаалаг утас, сошиал медиа, цахим тоглоомд зарцуулснаас болж амин чухал асуудал болох сурах, нийгмийн харилцаанд орох, унтах, идэх зэрэг бие физиологийн асуудлаа умартахыг хэлж байгаа юм. Хэн нэгний утасны хэрэглээгээ болиорой, багасгаарай гэсэн шаардлагыг хүлээж авахгүй маш хүчтэй эсэргүүцэл үзүүлэх зэргээр сэтгэл санааны өөрчлөлтүүд бий болдог. Үүнээс шалтгаалан нойрны мөчлөг алдагдаж өглөө хэт эрт эсвэл ойр ойрхон сэрэх, шөнө хар дарж зүүдлэх гэх мэт өөрчлөлтүүд илэрдэг. Энэ нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжилбэл дэлгэцийн хамаарлаас гадна бие даасан нойрны эмгэгийг ч үүсдэг байна.
Дэлгэцийн хамаарал болон донтох эмгэг нь эмчилгээний хувьд ч ялгаатай байдаг. Тухайлбал, дэлгэцийн хамааралтай болсон тохиолдолд амбулаториор сэтгэл заслын эмчилгээ авч болдог. Харин донтох эмгэгийн хувьд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг аж.
Энэ талаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхэд өсвөр, үеийн клиникийн тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгор эмчээс тодруулахад “Зан төрхөд нь гүнзгий өөрчлөлт орчихсон хүүхдүүдийн хувьд дунджаар 14-21 хоног хэвтэн эмчлүүлдэг. Нойргүйдэлтэй бол нойргүйдлийн, өөрийн сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй, түрэмгий авирладаг бол тайвшруулах болон эмэн эмчилгээ хийдэг. Харин ядарч сульдахын хам шинж тод илэрсэн хүүхдэд дархлаа сэргээх витаминжуулах, физик эмчилгээнд хамруулах зэрэг эмчилгээг хавсарч хийдэг. Мөн эмнэлгээс гарсан ч хяналтад байж гурван сараас нэг жилийн хугацаанд сэтгэл заслын эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэдэг” гэж хэлсэн юм.
СЭМҮТ-д дэлгэцийн донтолттой гэсэн оношоор 2015 онд 41, 2016 онд 69, 2018 онд 57, 2020 онд 34 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Эмнэлэгт хандах хэмжээний асуудал тулгараагүй ч та нийгмийн сүлжээнд өөрөө ч мэдэлгүй бусадтай өөрийгөө харьцуулж сэтгэл гонсойх, ямар нэгэн юмнаас хоцроод байгаа юм шиг түгшүүр таны сэтгэл зүйд мэдрэгдэж байсан уу?
Хэрвээ үүсэж байсан бол энэ нь ямар нэг юмнаас хоцроод буй мэдрэмжээс үүдэлтэй айдас. Инстаграм, фэйсбүүк дээрх тансаг хоолны зургийг хармагц өөрийнхтэйгөө харьцуулж таны идэж буй хоол амтгүй санагдах эсвэл үдэшлэгийн зураг, пост харахаар таны зугаацах хэлбэр биш байсан ч ямар нэг зүйл хиймээр санагдах нь нийгмийн түгшүүр буюу ФОМО-ийн шинж тэмдэг аж. Үүнээс шалтгаалж хүмүүс өөрийгөө хөгжлөөс хоцорчихсон ч юм шиг эсвэл хүмүүсээс холдоод байгаа мэтээр мэдэрч сошиал медиаг эргээд ашиглаж эхэлдэг байна.
Өдөрт хоёроос дээш цагийг цахим орчинд зарцуулдаг иргэд үргэлж өөрийнхөө биеийн жин, хэлбэр, амьдралын төвшнөө бусадтай харьцуулдаг гэдгийг АНУ-ын Сүрввейгийн их сургуулийн эрүүл мэнд, сэтгэл судлалын хүрээлэнгийн доктор Брижет Диббээр ахлуулсан судалгааны багийн үр дүнгээр гарчээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдэд эдгээр шинж тэмдэг тогтмол илэрдэг байна. Үүний үр дүнд нойргүйдэл, сэтгэл түгших өвчин, жингийн хэлбэлзэл, сэтгэлээр унах, стресстэх зэрэг шинж тэмдэг илэрч байжээ. Энэ нь цахим орчинд хиймэл амьдрал үүсгэх гэж хэт оролдох эсвэл өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулах, дагагчийн тоогоо нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарах зэргээс шалтгаалдаг гэв.
Иймд мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөж буйгаар Хоёр хүртэлх насны хүүхдэд ямар нэгэн дэлгэц, цахим төхөөрөмж хэрэглүүлэхийг хориглодог. Тэгвэл 2-6 настай хүүхэд өдөрт 1 цагаас 1 цаг 30 минут гар утас ашиглахыг зөвшөөрдөг бол 6-12 насны хүүхэд 1 цаг 30 минутаас 2 цаг хүртэлх хугацаагаар утас, сошиал медиа үзэхийг зөвлөдөг. Харин өсвөр нас буюу 12-18 насныханд өдөрт 2 цагаас 2 цаг 30 минутаас илүүгүй хугацаанд зөв зохистой хэрэглэснээр ямар нэгэн донтолт эмгэгээс хамгаалдаг гэж үздэг байна. Энэ нь нэг дор хөдөлгөөнгүй суух биш тодорхой хугацаанд завсарлагатайгаар насандаа тохирсон контент үзэхийг хэлж байгаа юм. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд мөн адил ямар нэгэн шалтгаан зорилгогүйгээр дахин дахин хий дэмий нийгмийн сүлжээнд орохоос зайлсхийж аль болох зорилготой өөрт хэрэгтэй зүйлд цагаа зарцуулахыг зөвлөж байна. Учир нь хүн ямар нэг зүйлийг зорилгогүйгээр хийхэд донтох эмгэгт өртөх эрсдэлтэй гэж сэтгэл судлаачид үздэг байна.
Тэгвэл та өдөрт хэдэн цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдгээ мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол нэг хянаад үзээрэй. Өөрийгөө хянахын тулд iphone screen time эсвэл таныг өдөрт хэчнээн удаа гар утасныхаа цоожийг тайлж, нээж байгааг, хэдий хэр хугацааг зарцуулж байгааг бүртгэдэг BreakFree гэх мэт аппликейшн бий. Энэ нь таны гар утсаа ашиглаж буй мэдээлэл дээр үндэслэн донтолтын оноо өгдгөөрөө онцлогтой.
Иймээс та сошиал хэрэглээгээ хянан эрүүл зөв амьдралын хэв маягийг өдөр тутамдаа дадал болгож чадвал дэлгэцийн хамаарал янз бүрийн сэтгэцийн эмгэг, донтолтоос өөрийгөө сэргийлж чадах юм.