Нийгэм цагийн үеийн өөрчлөлтийг дагаад боловсрол олгох арга хэлбэр ч хурдтай шинэчлэгдэж байна. "Бизнес өрөг" энэ удаа Elf School-ийн хамтран үүсгэн байгуулагч Б.Солонготой боловсролын бизнесийнх нь талаар ярилцлаа.
“Амьдралын шаардлагаар долдугаар ангиасаа ажил хийж, оюутан байхаасаа бизнес эрхэлсэн болохоор эрт санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Ресторан, барилгын салбарт бизнес хийж яваад хүүхдүүддээ сайн боловсрол олгох гэж судалсаар боловсролын салбарт гүнзгий орсон” хэмээн ярьсан түүний ярилцлагыг хүлээн авна уу.
Хүүхэд сургуулиасаа академик боловсролоос гадна амьдралд хэрэгтэй зөв дадал, чадваруудыг авдаг байх хэрэгтэй.
–Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд мөнгө харамлахгүй зориулахыг боддог болсон. Гэвч сайн сургууль гэж ямар сургуулийг хэлэх вэ? Сайн багштай байх уу, сайхан орчинтой байх уу, сайн хөтөлбөртэй сургуулийг сайн сургууль гэж үнэлэх үү?
–Хүн зөвхөн цэцэрлэг, сургуульд сурдаг юм биш. Амьдралынхаа туршид суралцаж байдаг шүү дээ. Насанд туршдаа суралцахыг шаарддаг болж байна. Нөгөө талаас сургууль гэдэг нь хүүхдийн ихэнх цагаа өнгөрөөдөг газар байдаг. Тэгэхэээр сургуульд сурч байх хугацаандаа амьдралд хэрэг болох бүх чадваруудыг сургуулиасаа авч байх ёстой. Жишээ нь харилцааны ур чадвар, сурах арга барил, эрүүл амьдралын дадал зэргийг академик боловсролтойгоо хослуулаад авч байх ёстой юм. Бид үүний төлөө зорьж ажилладаг.
Нөгөө талдаа хүүхэд сурах үйл явцаа өөрийнхөө арга барилд тохируулж сонгодог байх нь чухал. Өөрөө сурах арга барилаа эзэмшчихвэл зөвхөн багшаас хамаардаг, орчноос хамаардаг байх албагүй гэдгийг коронавирусын үед бид ойлгож авч байна шүү дээ. Хүүхэд сурах арга барилаа багаасаа эрт өөртөө төлөвшүүлэх нь чухал. Манай ELF school дунд сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хүрээнд Hybrid school гэдэг хөтөлбөр нэвтрүүлээд явж байна. Өөрөөр хэлбэл манай хөтөлбөрийн гол онцлог нь хүүхдийг амьдралд бэлдэх чадвар, дадалтай болгох юм. Амьдралд юу ч тохиолдоно. Тиймээс насаараа хэрэглэх чадварыг арван жилийн орчинд сургаад гаргая гэдэг төслийн хүрээнд ажиллаж байна. Амьдралд хэрэг болох олон чадваруудыг арван жилийн боловсролтой нь хамт эзэмшүүлье гэсэн үг юм.
–Ихэнх сургууль дэлхийн иргэн бэлтгэнэ зэрэг гоё гоё уриа дэвшүүлж ажилладаг. Гэхдээ уриаг хэрэгжүүлэхийн тулд сайн хөтөлбөр зайлшгүй чухал. Танай хөтөлбөрийн давуу тал нь юу вэ? Хөтөлбөрөө яаж боловсруулдаг вэ?
Бид ийм гоё юм хийнэ гээд шууд сайн хөтөлбөр боловсруулчихдаг зүйл биш. Дэлхий даяар боловсролын байгууллагад хэрэгжүүлж байгаа сайн хөтөлбөр боловсруулагдаад гарах хугацаа урт байдаг. Зарим сайн сайн гэсэн хөтөлбөрүүд Монголд орж ирээд 10-20 жил болж байгаа ч үр дүнгээ өгч байна уу гэдгийг байнга дүгнэж байх хэрэгтэй. Өмнө нь бол сайн хөтөлбөрүүдийг тухайн салбарын доктор, судлаачид боловсруулдаг байсан бол одоо сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан хөгжүүлдэг компаниуд тархи яаж ажилладгийг судалж, хүн яаж сурдаг юм, тархины холбоосонд сууж үлдэж байгаа мэдлэг ямар процессын дагуу бий болж байна гэдгийг туршиж судалж, түүний үр дүнд тулгуурлан сургалтын хөтөлбөрүүд өөрчлөгдөж байна. Бид хөтөлбөртөө сүүлийн үеийн тархины шинжлэх ухааны судалгаа, дэвшлүүдийг нэвтрүүлээд явж байгаа. Сайн гэж боловсруулагдсан хөтөлбөр хамгийн гол нь хүүхдийн тархи, дадалд сууж үлдэх ёстой. Хүүхэд сургана гэдэг нь зөвхөн академик боловсрол олгохоор хэмжигдэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барилын онцлогт тааруулж олгох нь чухал. Энэ нь манай хөтөлбөрийн гол онцлог гэж хэлж болно.
Та бүхэн нийт сурагчдынхаа 50 хувийг тэтгэлгээр авдаг юм байна. Энэ нь маркетингийн бодлого уу, урт хугацааны хөтөлбөр үү?
Монголд өндөр төлбөртэй олон хувийн сургуулиуд нээгдэж, зөвхөн боломжтой айлын хүүхэд тэнд сурч нэг ёсондоо боловсролын ялгарал үүсээд эхэлж байна. Бид боловсролын ялгаа арилгах зорилгоор жил бүр тэтгэлэг олгодог. Нөгөө талдаа сургалтын төлбөр төлөх чадваргүй ч, маш зөв хандлагатай, чадвартай, авьяастай хүүхдүүдэд бид боломж олгож байгаа юм. Одоогоор бид мөнгөн дүнгээр найм орчин тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон. Энэ хөтөлбөрөө бид үргэлжлүүлээд явна.
Нялх хүүхэдтэй, гэхдээ ажил бизнесээ хийж карьераа өсгөх зорилготой ээжүүдэд хүртэл ийм байдлаар тэтгэлэг олгохоор ажиллаж байна.
Энэ жил бид 5000 гаруй хүүхдээс тэтгэлэг хүссэн хүсэлт авсан. Өөрийнхөө чадвар, хүсэл зорилгыг илэрхийлсэн эсээ явуулдаг юм. Түүнийг нь бид уншиж танилцаад, өрхийн санхүүгийн чадамжид нь тааруулж, хувилсан байдлаар тэтгэлэг олгодог.
–Та бүхэн Монголдоо боловсролын цогц хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж, түүнийгээ олон улсад гаргах зорилготой гэж байна. Олон улсад Монголын боловсролын байгууллага өрсөлдөх зах зээл байна гэдгийг юунаас харж байгаа вэ?
Боловсролын асуудал бол дэлхийн асуудал болчихсон. Бид боловсролынхоо хөтөлбөрийг технологижуулах ажлыг сүүлийн 3-4 жилийн хугацаанд хийж байна. Үүний хүрээнд эхний ээлжинд аппликейшнээ гаргаж байгаа. Энэ бол дадал зуршлыг өөрчилдөг дэлхий нийтэд хэрэгцээтэй байгаа зүйл. Жишээлбэл, коронавирусийн үед маш олон судалгаанууд гарсан. Эрүүл амьдралын хэв маягтай, суурь өвчингүй, дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл, зөв хооллодог хүмүүс хөнгөн тусч байна гэдгийн цаана, эрүүл мэндийн боловсрол гэдэг зүйл дэлхий даяар байхгүй байгааг харлаа. Яагаад бид хамгийн чухал боловсролоо орхигдуулчихсан байгаа юм гэдгийг энэ вирусийн гаж нөлөө бидэнд тодхон харуулж байна шүү дээ. Тэгэхээр бидний хийж буй ажил заавал трендийг дагадаг биш трэндийг гаргаж ирдэг байх юм. Ингэхдээ сурагчдыг өглөө болгон дасгал хийдэг, эрүүл зөв хооллодог, өдөр бүртээ талархдаг, байгаа хүрээлэлдээ үнэ цэнээ өгдөг, аз жаргалтай, дуртай зүйлээ хийдэг болгохыг зорьж буй юм. Сурагчдаас гадна эцэг эхчүүдийг нь энэ дадалд хамт сургах зорилготой. Манай хөтөлбөр аппликэйшнээр дамжаад бүх насныханд амьдралын зөв дадал, боловсрол олгох зорилготой. Технологи нь сайн, хөтөлбөр нь сайн байхад олон улсад зах зээл байна гэж харсан.
–Аппликейшны хувьд ямар үйлдэлтэй байх вэ?
–Хүн өдөр тутамдаа гар утастайгаа ажилладаг. Манай аппликейшнийг татсан тохиолдолд өдөр бүр босоод нэг арав үсэрчих, гурван аяга ус уучих, өнөөдөр юунд талархаж байгаагаа бичээрэй гэх зэргээр мэдэгдэл ирэх юм. Энэ чинь hybrid буюу хүний дадал зуршил шүү дээ. Үүнтэй уялдуулаад боловсролыг ч мөн том хүрээнд харах хэрэгтэй. Зөвхөн сургуулийн өгдөг зүйл гэж харах биш шүү дээ. Хүний өнөөдрийн сэтгэлзүй, юм хүлээж авах чадвар хөдөлгөөнтэй шууд хамаатай байдаг. Бид боловсролыг маш өргөн хүрээнд харж апп-аа боловсруулсан.
–Аппликейшнээ олон улсад гаргах юм байна шүү дээ?–
–Тийм. Олон улсад гарна. Дижитал шилжилт буюу мэдлэг гэдэг зүйл хязгааргүй болчихлоо. Англи хэлийг заадаг маш олон аппликейшн байхад бид 51 дэх аппликейшнийг хийснээс тухайн хүнийг эрүүл дадалтай болгох шинэ зүйл бүтээсэн нь үр дүн, үнэ цэнийн хувьд илүү байх болно гэж үзсэн.
Орчин үеийн хүүхдүүдийн сошиал хэрэглээг хорьж дийлэхгүй. Яаж зохистой хэрэглэх буюу богино хугацаанд өөрт хэрэгцээтэй зөв мэдээллийг аваад хааж сурах вэ гэдэг талаар л сургах нь чухал. Тийм байдлаар бид сургуулийн өмнөх боловсролын насныхантай ажиллаж, ковидын үед гэртээ аав ээжтэйгээ ажиллах олон хайрцгуудыг гаргасан. Үр дүн ч үзүүлсэн. Одоо ч хуваалцахад бэлэн байгаа.
Ярилцлагын үргэлжлэлийг дээрх линкээр үзнэ үү.