Коронавирусээс үүдэн дэлхийн бүхий л улс хилээ хааж хорио цээрийн дэглэмд байсаар 18 гаруй сарын хугацаа өнгөрч байна. Тэгвэл доор танилцуулах гэж байгаа таван улс ковидийг жирийн үзэгдэлд тооцож хилээ нээж бүх хорио цээрийг эцэслэж байгаа юм. Эдгээр улсуудын зарим нь вакцинжуулалтын цар хүрээ хангалттай байгаа тул дархлаа тогтсон гэж үзэж байна. Харин зарим нэг нь эдийн засагт нь учрах хохирол нэмэгдэж байгаа учраас энэ шийдвэрүүдийг гаргажээ.
Дани: Урьдчисан сэргийлэх үйл ажиллагаа үр дүнтэй болов
– Дани улсын засгийн газраас Коронавирусийн голомт бүхий газруудыг хяналтдаа авсан гэдэг мэдээллийг өглөө. Тэд есдүгээр сарын 10-нд албан ёсоор ковидийг бүтэн хяналтад авсан гэдгээ хэлсэн. Энэ улсын засгийн газрын төлөөлөгч "Одоо үүнээс хойш ковидийн халдвар манай улсад аюул учруулахуйц хэмжээнд хүрэхгүй” гэжээ. Дани улсын нийслэл Копенгагений төвөөр жуулчдыг хүлээж авч эхэлсэн бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй байна. Мөн урлаг уран сайхны бүхий л үйлчилгээг нээж, шөнийн цэнгээний газар ресторан зэргийг чөлөөтэй ажиллуулж эхэллээ. Мөн нийтийн тээвэрт маск болон бусад хамгаалах хэрэгсэл зүүхгүйгээр оролцож болохоос гадна олон нийтийн арга хэмжээг зөвшөөрсөн байна. Данийн засгийн газрын мэдээлснээр нийт хүн амын 74 хувь нь вакцинд хамрагдсан учраас сүргийн дархлаа тогтсон гэжээ. Өнөөдрийн байдлаар халдварын 300 орчим шинэ тохиолдол дунджаар бүртгэгдэж байгаа. Энэ тоо буурсаар байгааг онцоллоо. Мөн ковидийн паспортыг нэвтрүүлсэн бөгөөд үүнийгээ ашиглан иргэд чөлөөтэй зорчиж болохоор болжээ.
Сингапур: Ковидтой зэрэгцэн амьдрах төлөвлөгөө
– Сингапурын засаг захиргаанаас өнгөрөгч зургадугаар сард Ковидтой зэрэгцэн амьдрах төлөвлөгөөг боловсруулж ард иргэддээ танилцуулсан. Төлөвлөгөөнд вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж, хорио цээрээ сулруулах ажлууд багтсан юм. Тэгвэл энэ наймдугаар сараас эхлэн вакциндаа бүрэн хамрагдсан иргэдийг олон нийтийн газраар үйлчлүүлэх боломжийг нээж өгчээ. Ингэхдээ вакцинд хамрагдсан баталгаагаа үзүүлэхэд л хангалттай юм. Одоогийн байдлаар нийт вакцинд хамрагдсан хүн амын хувиар тэргүүлэгчдийн нэг болоод байна. Тодруулбал Сингапур улсын хүн амын 81 хувь нь вакцинд хамрагджээ.
Тайланд: Вакцинжуулалт удаан байгаа ч жуулчин авна
– Тайландын хувьд ирэх сард Бангкок болон бусад олон улсын жуулчин хүлээж авах газруудыг нээхээр шийджээ. Зүүн азийн улсуудын хувьд аялал жуулчлалын салбараа бага багаар нээж байгаа бөгөөд гаднын жуулчдыг хүлээн аваад эхэлсэн байна. Өнгөрсөн сард тус улс Пукет арлаа жуулчдад нээсэн бөгөөд ойролцоох Кох Самух болон Кох Тао арлуудыг мөн нээхээр төлөвлөжээ. Нийт хүн амын ердөө 21 хувь нь вакцинд хамрагдаад байгаа ч эдийн засгийн томоохон салбар болох аялал жуулчлалаа ийнхүү нээхээр болжээ. Энэ улсад одоогоор ковидийн 15 мянга орчим тохиолдол өдөрт бүртгэгдэж байна
Өмнөд Африк: Дельта хувилбар айдас дагуулсаар байгаа ч эдийн засгаа бодно
– Энэ улсад өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдол буурч байгаа ч Дельта хувилбар хүний аминд хүрсээр байна. Одоогоор өдөрт таван мянган тохиолдол дунджаар илэрч байгаа бөгөөд энэ тоо эрчимтэй буурч байгаа юм. Тухайн улсын засаг захиргаанаас өнгөрөгч сард цагийн хязгаарлалтад шилжүүлээд байсан шөнийн цэнгээний газруудыг үүрийн 4 хүртэл ажиллах боломжтой болгожээ. Мөн зоогийн газар тоглоомын төвүүдийг эргэн нээсэн байна.
Чил: Вакцинжуулалт өндөр хувьтай байгаа учир жуулчид авна
– Нийт хүн амынхаа 87 хувийг амжилттай вакцинжуулж чадсан энэхүү улс аялал жуулчлалын салбараа эргүүлэн нээх шийдвэр гаргажээ. Одоо гаднын жуулчдыг хүлээн авах боломжтой болсон бөгөөд хичээл сургууль бусад төрийн алба хэвийн горимд шилжсэн байна. Маск зүүхийг хүчлэхгүй байгаа. Хүн хүсвэл маскгүй олон нийтийн арга хэмжээнд оролцож болно гэжээ. Өдөрт дунджаар 400 орчим тохиолдол энэ улсад илэрч байна.