Виртуал хөрөнгө гэдэг нь дижиталаар шилжүүлдэг, хөрөнгө оруулалтын болон төлбөрийн хэрэгслээр ашиглах боломжтой, үнэ цэнийг илэрхийлсэн дижитал илэрхийлэл юм. Монголд өнөөдрийн байдлаар дөрвөн крипто бирж үйл ажиллагаа явуулж, дөрвөн койн арилжаалагдаж байна.
Эдгээр дөрвөн бирж дээр сүүлийн нэг жилийн хугацаанд 1.9 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Бизнес өрөг нэвтрүүлэг энэ удаа Койнхаб дижитал хөрөнгийн биржийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Баттулгатай ярилцлаа.
-Койнхаб хөрөнгийн биржээ яаж эхлүүлж байсан бэ? Цаашид баталгаатай хөгжих бизнес гэдгийг юунаас олж харсан бэ?
-Би блокчэйн, биткойны технологийг Монголд хэрхэн нутагшуулж болох вэ, банканд нэвтрүүлж зардал бууруулах боломжтой эсэх талаас нь их уншиж, судалдаг байсан. Дэлхийн том банкирууд ч энэ талаар ярьж эхэлсэн. JP Morgan хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал Жэйми Даймонд анх биткойныг эсэргүүцдэг, их үгүйсгэж ярьдаг байсан бол саяхан харин блокчэйн, криптогийн бизнес рүү орж байгаагаа зарлаж, энэ бол ирээдүй юм гэж ярьсан. Энэ мэтчилэн дэлхийн том олон компаниуд койн гаргаж, энэ зах зээл хурдтай хөгжиж эхэлсэн нь илэрхий болсон л доо. Технологи хөгжихийн хэрээр криптогийн эрсдэлүүд хумигдаж байна. Би амьдралдаа санхүүтэй холбоотой том “дампууралтай” нүүр тулсан болохоор манай Монгол хөрөнгө оруулалт санхүү гэдэг зүйлийн талаар шийдэх ёстой юм байна гэж хараад л энэ салбарт орж бизнес эрхлэх болсон.
Дижитал хөрөнгийн биржийн цаана системийн найдвартай байдал, олон улсын стандарт, үүнийг авч явж байгаа менежмент байгаа. Энэ нь л гол үзүүлэлт.
-Монголын дөрвөн хөрөнгийн биржээс юугаараа ялгаатай болоод гарч ирээд нэгхэн сарын дотор 20 гаруй мянган харилцагчтай болсон бэ?
- Ард санхүүгийн нэгдлийн Ард койн
- ICT группийн хоёр койн
- Coinhub-ийнCHB койн
- Их бит ХХК-ийн IHC койн гэсэн дөрвөн төрлийн койн арилжаалагдаж байна.
Мөн дөрвөн бирж дээр арилжаалагдаж байгаагаас манайх хамгийн сүүлд нээсэн. Манай онцлог бол гадны том бизнестэй холбогдсон олон койныг бирж дээрээ оруулж ирж байна, мөн төв Азидаа анх удаа даатгагдсан бирж. Мөн бид манай CHB койныг эзэмшигчиддээ, хөрөнгийн биржээс олсон ашгийн 70 хувийг буцааж олгох модельтэй ажиллаж байна.
Крипто бирж гэдэг бол банктай их төстэй бизнес. Крипто салбарын хөгжил явахын тулд тухайн платформ нь олон улсын стандарт хангасан, найдвартай, технологи сайтай бирж байх ёстой юм. Монголд одоогоор койныг төлбөрийн хэрэгсэл гэж үзээгүй байна. Ирээдүйд бол энэ гарцаагүй зөвшөөрөгдөх байх. Койны хамгийн гол үнэт зүйл бол хөрөнгө оруулалт хийх. Энэ салбарын цаашдын хөгжлийг харахад найдвартай байдлыг бий болгож, хэрэглэгчдэд олон төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн санал болгож байгаа бирж манай Монголд төдийгүй төв Азийн бүс нутагт орон зай маш их байсан. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ч үүгээр шийдэж байгаа гэсэн үг. Манайх байгуулагдаад хоёр сарын дотор 60.000 гаруй харилцагчтай болсон. Монголоос гадагш гарч байгаа итериум, биткойны арилжаагаараа ч манайх тэргүүлж байна. Дижитал хөрөнгийн биржийн цаана системийн найдвартай байдал, олон улсын стандарт, үүнийг авч явж байгаа менежмент байгаа. Энэ нь л гол үзүүлэлт.
-Койны цаана юу арилжаалагдаж байгаа вэ? Цахим мөнгө бол Монгол банканд 1:1 бүртгэлтэй байдаг. Койны ард юу байгаа вэ?
-Жишээ нь хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн биткойны цаана технологи, код, тухайн биткойныг ажиллуулж байгаа дэд бүтэц буюу хүмүүсийн хөдөлмөр, цахилгаан зэрэг байгаа. Хамгийн гол нь биткойн дэлхий даяар олон хүнд танигдсан. Энэ биет бус хөрөнгийг дундаа үнэ цэнэтэй гэдгийг нь тохиръё гээд хүлээн зөвшөөрчихсөн.
Орон орны валютуудыг бодвол хэн дуртай засгийн газрууд хэвлэж, үнийг нь унагаад байхгүй үнэ цэнтэй гэсэн үг.
Монголын койнуудаас жишээ болговол манай CHB койныг аваад үзье. Үүний цаана нэгдүгээрт биет бус хөрөнгө буюу брэнд. Кока кола брэнд гэдэг шиг биет бус хөрөнгө байна гэсэн үг. Хоёрдугаарт манай койныг эзэмшигч тогтмол орлоготой байх боломжийг олгож байна. Койнхаб гэдэг бирж дээр 60 гаруй мянган харилцагч тогтмол гүйлгээ хийсэн шимтгэлийн орлогын 70 хувийг эргүүлж олгоно. Урамшуулал байдлаар хуваарилж байна гэсэн үг. Гуравдугаарт манай компанийн өсөн нэмэгдэх боломж давхар холбогдсон.
Койн бүрийн ард байгаа уламжлал болон технологи, блокчэйн дээр суурилсан бизнес, санхүүгийн бизнес зэргээс жирийн иргэд бага мөнгөөр эзэмших боломжийг энэ блокчэйн технологи өгч байгаа.
Жишээ нь итериум гэдэг бол санхүүгийн зах зээл дээр маш том нээлт болсон. Банкуудын хийж байгаа бүх үйлдлийг итериум дээр хийж болж байна. Үүнийг төвлөрсөн бус санхүү гэдэг. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа банкыг би 10 мянган төгрөгөөр юм уу, өөрт байгаа хуримтлалаараа Монголоос авах боломж нь бүрдэж байгаа гэсэн үг. Итериумээр дамжуулаад тухайн банкны хувьцааг авна гэсэн үг. Энэ нь хөгжөөд явбал тухайн хүний хөрөнгө өснө гэсэн үг.
-Яагаад крипто зах зээл гэнэт трэнд болов. Эсвэл ковидын үеийн эдийн засгийн хямралын хөөс үү?
-Зах зээлд оролцож байгаа оролцогчд болох хэрэглэгч, компаниудад санхүүгийн олон төрлийн хэрэгслүүд шаардлагатай болж байна. Урамшууллын бүтээгдэхүүн гаргах, бонд гаргах, койны арилжаа хийх зэрэг олон юм хосолж орж ирж сонголт бий болох шаардлагатай болж байна. Өмнө нь байгууллагын төвшинд л эдгээр санхүүгийн хэрэгслүүдийг ашигладаг байсан бол одоо эцсийн хэрэглэгч, иргэнд хүртэл эдгээрийг хэрэглэх шаардлага гарч байна. Үүнээс л үүдээд санхүүгийн салбарт байгаа хэрэгслүүдийг моданд орууллаа.
Жишээ нь худалдааны компани гадаад захиалга хийхэд гадаад валют хэрэг болно. Гадаад захиалга хийгээгүй үед өөрийн хөрөнгөө зөвхөн төгрөгөөр байлгах уу үгүй юу, түүнийхээ үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд өөр валютад хөрвүүлэх зэрэг шаардлагууд тулгарч байна.