Долоодугаар ангийн сурагч 12 настай Х.Анар хоёр сарын өмнөөс үсний даруулга, үсний боолт өөртөө зориулж хийж сураад бизнес болтол хөгжүүлсэн байна. Тэрбээр ирээдүйд Монгол уламжлалаа шингээсэн өөрийн гэсэн гоёл чимэглэлийн дэлгүүртэй болохыг хүсдэг гэсэн юм.
Энэ талаар “ANUKA” үсний боолт, даруулгын үүсгэн байгуулагч Х.Анар “Хоббигоороо боолт хийж уран нугаралт, сагсаар хичээллэдэг. Анх өөртөө боолт хийе гэж бодоод ээжээс асуусан чинь хийгээд үзчихгүй юу гээд хийж үзсэн чинь болохоор санагдсан. Тэгээд ээжээсээ боолт хийгээд зарж болох уу гэсэн чинь ээж нь чамайг дэмжинэ гээд гэрийнхэн маань таатай хүлээж авсан. Оёх тал дээр ээж минь оёдлын машин дээр яаж оёх талаар зааж өгөөд харин би боолт яаж эсгэх талаар youtube-ээс харж байгаад өөрөө бие даан сурсан. Аав боолт авах материалын мөнгийг нь өгөөд өөрийнхөө хүүхдийн 100 мянган төгрөг дээр нэмээд ээжтэйгээ хамт явж материалаа авч байсан” гэлээ.
Тэрбээр эхний тав, зургаан хоног оёж сурах гэж маш их оролдож, бүтэлгүйтсэн гэсэн юм.
“Анхны авсан материалаа бүгдийг нь баллаад дууссан. Өмнө нь эмээгийн оёдлын машин дээр оёход их удаан байсан. Тэгээд Америкт байдаг Анна эгч маань чи ингэж мундаг гоё оёж байгаа юм чинь эгч нь чамд оёдлын машины мөнгийг нь явуулъя. Чи оронд бартердаад 500 ширхэг боолт эгч рүүгээ явуулаарай. Эгч нь эндээ зараад оёдлын машиных нь мөнгийг гаргаад авчихъя гэсэн. Хичээлээс гадна сагс, уран нугаралтаар хичээллэж дээрээс нь боолт хийхээр маш завгүй болдог. Одоо цагаа зохицуулаад хийнэ гэж бодож байна. Надаас байнга боолт авдаг нэг эгч байдаг. Ер нь зөндөө олон гоё захиалагчтай болсон. Захиалагч маань боолтоо авчхаад хүүхдэдээ ч эсвэл өөрөө зүүгээд зургаа явуулаад бичихээр гоё санагддаг” гэв.
Түүний боолтуудаас “Энхрий” боолт онцлог бүтээгдэхүүн нь юм. Учир нь есөн өнгийн торгоор оёж, хонх нэмж оёсон нь энхрий дээлнээс санаа авч муу муухай бүхнээс хүүхдийг хол байлгадаг гэж бэлгэшээн урлажээ. “Загвараа илүү тэлэх гэж хичээж байгаа. Одоогоор энгийн ийм боолт 20 гаруй төрөл гарсан. Нэг удаагийн уутнаас татгалзаж байгаа. хэрэглээд хаячихдаг учраас даавуун уут өөрсдөө хийгээд гаргаж байгаа. Яг өөрийнхөө олсон мөнгөөр өөртөө юм авна гэдэг хамгийн гоё мэдрэмж. Тэгээд гэр бүлдээ бас тодорхой хэмжээгээр зарцуулдаг” гэлээ.
Тэрбээр зорилгынхоо тухай ярихдаа “Орчин үед Монгол уламжлалаа хаячих гээд байгаа юм шиг санагдаад байгаа. Тийм учраас том болоод ирээдүйд том дэлгүүртэй болоод Монгол уламжлалаа шингээсэн гоёл чимэглэлүүдийг хийж зарна гэсэн зорилготой. Ер нь бүх боолтоо сэтгэлээ шингээж урладаг. Үйлчлүүлэгч маань сэтгэл хангалуун байдаг учраас гоё байдаг. Та бүхэн намайг дэмжээрэй” гэсэн юм.