Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын гарын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын гарын дарга Я.Содбаатар “Өнөөдөр бид өмнөх Ерөнхийлөгчийн үед Үндсэн хуулийн цэцэд хандсан хоёр хүсэлтээс бүхэлд нь татгалзах саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэмд ялангуяа улс төрчид, судлаачдын хүрээнд хамгийн их маргаж байсан шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр сүүлийн жилүүдэд бид хэд хэдэн ажил зохион байгуулсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн эрхэнд байсан хоёр эрхээс үндсэндээ татгалзаж байна гэж хэлж болно.
Нэг нь шүүхийн томилгоо, шүүгчдэд хариуцлага тооцох механизмыг бий болгох чиглэлээр шинэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хоёр чухал зүйл бий болсон. Нэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх үү. Шүүгчдийн сахилгын хорооны гишүүдийг хэрхэн томилох вэ гэдэг асуудлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой заалтууд орсон. Үүний дагуу Шүүхийн тухай хууль батлагдан гарсан. Энэ хууль батлагдан гарсны дагуу өмнөх Ерөнхийлөгч үүнд хориг тавьж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт тавьсан байсан.
Хоёр дахь нь АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд УИХ-д санал болгодог байх энэ зүйлээс татгалзаж байгаа.
Энэ хоёр зүйл олон жил яригдаж ирсэн шүүхийн шинэтгэлтэй холбоотой хоёр чухал асуудал.
Шүүх эрх мэдлийг хараат бус байлгах, нийгэмд шударга ёсыг тогтоох, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд баримталж байгаа томоохон шинэтгэл өнөөдрөөс эхэлж байна гэж хэлж болно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн ажлаа цаашид үргэлжилнэ гэдгийг тодотгож хэлье.
Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, энэ эрх Их хуралд очно. Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-д санал болгодог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж байна. Ингэснээр шүүхийн салбарт хийх томоохон шинэтгэлийн ажил эхэлж байна.
Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Одоо процессын дагуу Үндсэн хуулийн Их суудлын хуралдаан болно. Их суудлын хуралдаанаас өмнө Ерөнхийлөгч дээрх эрхүүдээсээ бүрэн татгалзаж байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тал өөрийнхөө хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болдог. Ерөнхийлөгчийн хувьд уг эрхийнхээ дагуу маргаан үүсгэхээс татгалзаж байгаа юм" гэдэг мэдээлэл өглөө.