ОХУ-ын Москва хотноо өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан морин спортын ДАШТ-д Монголын баг, тамирчид амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлжээ. Шүүгчдийн зүгээс монголчуудын ур чадварыг үнэлж, Улаан талбайд долоо хоног тоглолт хийхээр болсон ч цуцлагдсан.
Бид энэ удаад “Хөрөг” нэвтрүүлэгтээ Морин спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багш, дасгалжуулагчаар ажилласан Монголын морин урлагийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Ариунболдыг урьж ярилцлаа.
ОХУ-ын нийслэл Москва хотод жил бүр "Джигиты" буюу Морьтны ДАШТ-нийг зохион байгуулдаг. Тэмцээнд Герман, Англи, Франц, Голланд зэрэг дэлхийн олон улсын тамирчид өрсөлддөг. Монгол Улсын баг 2019 онд анх удаа очиж, хүрэл, мөнгөн медаль хүртсэн. Энэ жил даагаа нэхэх гээд эмэгтэй, эрэгтэй хоёр багийн зургаан тамирчинтай амжилттай оролцоод ирсэн билээ.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Доржийн Ариунболд гэдэг. Миний аав СҮҮ ХК-д насаараа ажилласан өндөр Х.Дорж гэж нэртэй ажилч хичээнгүй, тусархаг, мундаг хүн байлаа. Ээж минь Н.Нямаа гэж хүн бий.
Би бага насаа өвөө, эмээ дээрээ өссөн. Одоо миний ажил, амьдрал, Монгол ёс заншил, адуу мал эдлэх гээд яриад байгаа зүйл минь хөгшчүүл минь надад суулгасан эрдэм. Миний одоо хашиж байгаа алба гэвэл Монголын морин урлагийн нэгдсэн холбооны тэргүүн. Хийж байгаа ажил минь бол “Үүр-Ариг” гээд миний хувийн компани байна. Урлагийн ажил, морин шоу, морины цирк ажиллуулдаг. Үүний маань зах зээлийн ихэнх хэсэг нь Хятад улсын дөрөв, таван хотод Хятадын компаниудтай хийсэн гэрээний дагуу Монголын түүхэн дэлхийн олон нийтийн хэллэгээр бол морины мюзикль тоглодог. Үүнд, морь эдлэх соёл, Монголын ахуй, үндэсний хувцас, эд хэрэглэл, зэр зэвсэгтэй харьцах гээд бүх зүйл багтсан байдаг.
-Морин спорт, цирктэй анх хэрхэн амьдралаа холбож байв?
-Улсын Батлан хамгаалах тусах нийгэмлэгийн дэргэд Морин спортын төв клуб гэж байсан. Төв клубийн дугуйлангийн сурагч, тамирчин болоод Монгол Улсын циркт ажилчнаар орж морь мал маллаад. Морин спортын төв клубд байхад бидний тэмцээнд ороод байгаа саадтай харайлт, уран явдал, сэлмээр цавчих, хүйтэн зэвсэгтэй харьцах, гар буу бүх зүйлийг заадаг байсан. Морин спортын төв клуб маань ч алга болжээ.
Монгол Улсын циркт амьтны анги гэдэгт анх орж морь маллаад сүүлд морин дээр сургуулилт хийж морины жүжигчин болох ажлаа эхэлсэн. Дээр нь амьтан сургагчаар баавгай сургаж эхэлсэн хүн шүү дээ би. Тэгж цирктэй үй зайгүй холбогдсон.
-Морин циркийг гадаадад байгуулж байсан шүү дээ. Энэ талаараа эргэн дурсвал?
-1990-ээд оны дунд үеэс мориныхон мэднэ дээ манай Цогоо тэргүүлээд урлагийн хүмүүстэй Солонгос Чэжү арал руу урлагийн тоглолт руу яваад тэндээсээ салбарлаж ажиллаж тоглолт ирсэн. Ингээд Чежүгийн анхны долоо гэж морин урлагийн түүхэнд бичигдсэн.
Дэлхийн хэмжээний хамгийн том морины шоуг 60 морьтон, АНУ, Австрали, Шинэ Зеландаас 120 адуу, эмнэг, понигоос эхлээд хоёр метрийн өндөртэй, тонн жинтэй морьд авчирч, бүгдийг эмнэгээр нь сургаж, Солонгос улсын Чэжү аралд 2008 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласан өдөр хамгийн том морины шоуг хийж байлаа.
2008 онд БНСУ-ын Чэжү аралд анх байгуулсан энэ шоу маань өнөөдөр дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдсөн Монгол морьтны шоу болж хөгжсөн. Энэ шоуны олон залуучуудыг, хүмүүжүүлэх, хөгжүүлэх, дүрэм, ёс журмыг бүгдийг анхалж би зохиосон. Морьтны эгнээнд ээлж солигдож хамгийн багадаа 3200 хүн морин урлагаар хүмүүжиж, Монгол ахуй соёлоос суралцаж, хүний зэрэгт хүрсэн байна.
– ОХУ-ын нийслэл Москва хотод жил бүр "Джигиты" буюу Морьтны ДАШТ болдог. Та энэ тэмцээнд хоёр ч удаа маш амжилттай оролцоод ирсэн. Тэмцээний сониноосоо хуваалцахгүй юу?
-Сүүлийн хэдэн жил ОХУ-д зохиогддог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож, тогтмол эхний гурван байрт ордог боллоо. Одоо хоёр удаа яваад ирсэн хүмүүс чинь тогтмол гэж ярьж болно биз дээ.
Энэ жилийн хувьд би дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2020 он явж чадаагүй учраас энэ жил шавь нараа сонгож бэлдээд сая ДАШТ-д шилдэг гурван багийн нэгээр буюу гуравдугаар байранд орж, эмэгтэй гурав, эрэгтэй гурван хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг явж дэлхийн шилдэг 15 тамирчны жагсаалтад рейтингээрээ бүгд багтсан ийм том амжилттай ирлээ.
-Спортын олон төрлийн тухайд ДАШТ-нд амжилттай оролцсон бол урамшуулдаг. Та нарыг монголын төр засаг хэрхэн үнэлэв?
-2008 онд Соёлын тэргүүн гэдэг шагналыг циркийн алтан манежинд авч хэмжээгүй баярлаж байлаа. Энэ циркийн урлагт амь биеэ хайрлахгүй зүтгэж байгаа залуус үнэндээ хүний алд биенээс хөгжмийн сонсгол, мэдрэмж, хөдөлгөөний чадвар, ухаан энэ бүх зүйлээрээ шалгарч дэлхийн аль ч улсад очсон Монгол гэдэг нэрийг авч явж байгаа учраас тэд залуу насандаа хийж бүтээж байгаа үедээ үнэлэгдэх ёстой. Дэлхийн аваргын тэмцээнд 2019 онд явсан манай баг ирээд Монгол бүх түүхийнхээ туршид морийг сүлдэндээ тахиж ирсэн ард түмэн. Дэлхийн аварга гэдэг морьтой аваргын тэмцээнд анх очоод мөнгө, хүрэл медалийг нь авч ирээд би шавь нараа Соёлын тэргүүний ажилтан болгоё гэхэд “Ажилласан жил нь хүрэхгүй байна” гээд өгөөгүй шүү дээ. Хөөрхий тэд маань багш нь гомдоочихсон юм шиг л гомдоод явж байгаа.
Улаан талбайд тоглоно гэж бэлтгэл хийж байгаад болилоо шүү дээ энэ удаад. Жишээлбэл, сая тэмцээний дараа гурван газар ажил ярьж байна. Тэгэхэд Орос улс дандаа улсын байгууллага, улсын яамны шугамаар ажлаа явуулж байна. Манайх шиг Монгол Улсын төлөө нэг хувийн компани явдаггүй юм байна л даа. Ирэх жил Улаан талбайд танайхыг дангаар нь тоглуулья гэдэг санал ирж байгаа юм. Гэхдээ та яам тамгын газар, улсаас чинь ядаж хүссэн, тусална, хамтарч ажиллана гэсэн ийм байдалтай ирээч ээ гэж байгаа юм. Агуулгын хувьд шаардлага нь зөв. Бүх улс шигшээ багаа спорт хороо нь зардлыг нь гаргаад коронавирусээс болж 2020 онд ДАШТ болоогүй. Хоёр жил тэр улсууд тамирчныхаа төлөө улс нь зардлаа гаргаад цаг заваа гаргаад ирж байна. Тэгэхэд Монгол Улсаас хувийн компанийн нөхөр зургаан шавиа аваад өөрийнхөө зардлаар Улаанбаатараас Москва хүртэл мөлхсөөр байгаад очиж байна. Тэгчхээд тэд нар нь хоёр жил бэлдсэн нөхдүүдийг байр ч үгүй, банзанд ч үгүй болгоод нэгт үү, гуравт нь уу гэдэг асуудал үүсгээд байхаар энэ чинь өөрөө асуудал юм байна л даа. Тэгж л аминчилж надад сая ойлгууллаа.
Чежү аралд таван минут тутамд онгоц бууж, гурван минут тутамд нисдэг. Тэнд ирсэн хүн заавал Монгол морины шоуг үздэг. Тэнд би цэргүүдээ жагсаагаад оройн тоогоо хийгээд уриа хэлдэг байсан юм. Тэр уриандаа хэлж байсан “Монголыг мандуулья олимпод түрүүлнэ” гэж. Тухайн үед үл итгэгч нар ч юм уу, хамтарч байсан хүмүүс саад тотгор хийгээгүй бол би 2012 онд бараг олимпод орно доо гэж бодож байсан. Яагаад гэвэл их сайн нөхцөлд Солонгост очсон шүү дээ. Байр сайн бэлдсэн, морьд сайн худалдаж авсан. Тэр маань ч өнөөдөр чинээгээрээ яаж суурийг нь сайн тавьсан бэ гэдэг нь 10 гаруй жилийн дараа Дэлхийн аваргын тэмцээнд зургаан удаа урилга ирж хоёр удаа очлоо. Агуу том Хятад гүрний нийслэл төв талбайд нь би 108 шавьтайгаа тоглолоо.
Энэ жил би үнэхээр дэлхийд түрүүлчихнэ гэж үнэндээ шавь нараа бэлдсэн юм. Эр, эмгүй морины гэдсэн доогуур давхиж яваад гарахад 30 оноо. Давхиж яваа морины хүзүүн доогуур тойроод нөгөө талаас нь мордохоор 25 оноо. Бүгдээрээ халаасандаа 55 оноотой болохоор үндсэндээ бусад дасгалууддаа бага оноо авлаа гэхэд бүгдээрээ хүрэл медаль халаасандаа хийж байгаа юм. Тэгээд яах вэ, бид гуравдугаар байртайгаа ирлээ.
-Таны дараагийн зорилго?
Дараагийн зорилт бол 2024 онд Монгол хүү, охин, хэн ч байж магадгүй морьтойгоо саад харайлтын тэмцээнд олимпод алтан соёмбот далбаагаа өргөчихвөл миний амьд явсны хүсэл гүйцээ.
Энэ жил гэхэд дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сарын эхээс эхэлж би шавь нараа бэлдэж бэлтгэлд гарсан. Энэ хооронд аав минь хүндээр өвчилж тэнгэрийн оронд явсан. Өөр хүн байсан бол сатаарах байсан байсан л даа. Гэхдээ би аавдаа дэлхийд монгол хүүг төрүүлнэ гэж хэлсэн байсан. Би энэ зорилгоо биелүүлсэн, явсан. Одоо нэг зорилго үлдлээ. Аав минь эс ч ээж минь үзэх байлгүй дээ гэж бодоод залбираад явж байна даа.