Манай улсад ЛГБТИК+ хүмүүсийн талаарх зөв ойлголтыг түгээж энэ талын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болох ЛГБТ Төв нь жил бүр “Тэгш эрх, бахархлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 8-р сарын 27-ны өдрөөс 9-р сарын 10-ныг дуустал онлайнаар зохион байгуулж байгаа юм. Тэгвэл ЛГБТ Төв ТББ нь ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар болон сошиал орчинд тархсан ялгаварлан гадуурхалттай холбоотойгоор тус төвийн эрх зүйн хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа.
Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
Намайг Д.Эрдэнэбүрэн гэдэг. Би 2014 оноос ЛГБТ Төв төрийн бус байгууллагад сайн дурын ажилтнаар ажиллаж байгаад 2020 оны хоёрдугаар сараас "Эрх зүйн хөтөлбөр"-ийн менежерээр ажиллаж байна.
Танай байгууллага хэзээнээс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Байгууллагынхаа талаар танилцуулбал?
Манай байгууллага нь нийгэмд үйлчилдэг ашгийн бус, гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага. Эрх зүйн хөтөлбөр, залуучуудын хөтөлбөр, эрүүл мэндийн хөтөлбөр эрхэлсэн ажилтнуудаас гадна гүйцэтгэх захирал, хагас цагийн санхүүгийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. ЛГБТ Төв ТББ маань анх 2007 онд үүсгэн байгуулагдсан. Албан ёсны бүртгэлээ авах гэтэл тухайн үеийн иргэний бүртгэлийн байцаагч нар одоо явагдаад байгаа ялгаварлан гадуурхалт шиг ЛГБТ гэх ийм нэртэй байгууллага бүртгэхгүй гэж хэлж байсан. Ингээд хоёр жил тэмцсэний эцэст 2009 оноос албан ёсны бүртгэлтэй болсноор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь Монгол дахь бэлгийн болон хүйсийн цөөнхийн эрхийг хангах, хамгаалах зорилготой ажилладаг байгууллага юм.
“Тэгш эрх бахархлын өдрүүд” өдөрлөгийн хүрээнд ямар, ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Үйл ажиллагааны хүрээнд нийгэмд зөв зүйтэй ойлголтыг түгээх зорилгоор Тэгш эрх бахархлын өдрүүдийг энэ жил 9 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон жил бүр тэгш эрхийн алхалт, концерт, “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК+ кино наадам, Күийр театр, маш олон сургалт нээлттэй хаалганы өдөрлөгүүдийг зохион байгуулдаг. 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан алхалт, концерт, сургалтуудыг зохион байгуулж чадаагүй. Кино наадмаа онлайнаар зохион байгуулж байна.
Танай байгууллага 2007 оноос хойш нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна. Хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдсөн гэж бодож байна вэ?
Нийгэмд чиглэсэн зөв зүйтэй мэдээллийг түгээх гэж анх байгуулагдснаас хойш олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Нийгмийн хандлага харьцангуй өөр болсон гэж бодож байна. Жишээлбэл Тэгш эрх бахархлын өдрүүдээр хувь хүн, байгууллагууд логогоо солонгоруулан сольж байна. Зөвхөн ЛГБТИК+ хүмүүс өөрсдийнхөө төлөө дуугарахаас гадна хүний эрхийг ойлгодог дэмжиж ажилладаг хүмүүс гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон нь манай хөдөлгөөнд нэгдэж дуу хоолойгоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Гэхдээ үүний хажуугаар доромжилсон, турхирсан хүмүүс ч их бий.
Монголд хэчнээн ЛГБТИК+ хүмүүс байдаг вэ? Энэ төрлийн тоо судалгаа байдаг болов уу?
Монголын нийгэмд байгаа ялгаварлан гадуурхалт болон хүмүүсийн сөрөг хандлагаас болоод дийлэнх ЛГБТИК+ хүмүүс яг үнэндээ нуугдмал амьдардаг. Тиймээс Монголд ийм тоон судалгаа хийх боломж байхгүй байна. Гэхдээ олон улсад ямар ч нийгмийн хүн амын 5-10 хувь нь ЛГБТИК+ байдаг гэсэн ерөнхий жишиг тоогоор авч үзээд л явж байна.
Танай байгууллага үйл ажиллагаагаа явуулж байхад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?
“Тэгш эрх бахархлын өдрүүд” алхалт болгоны дараа тэр үеэр авсан зургуудыг хүмүүс сошиал медиа энд тэнд тавьж үзэн ядалт турхирсан мэдээлэл, сөрөг сэтгэгдлүүд бичдэг. Үүнээс гадна хүмүүс та нарыг ялгаварлан гадуурхаагүй байна. Тийм байхад яагаад сурталчлаад байгаа юм бэ гэх зэргээр хэлдэг. Чимээгүй бай гэж байгаагаараа хүмүүс өөрсдөө ялгаварлан гадуурхаж үзэн ядаад байгаагаа огтхон ч ойлгодоггүй.
Хотын орлогч даргын пост нэлээд олон хүний дургүйцлийг хүргэсэн. Танай самбаруудыг хуулахдаа та бүхэнтэй холбогдсон уу?
Бид Монгол улсад мөрдөгддөг хууль тогтоомжийн дагуу гэрээгээ байгуулаад 37 хоногийн хугацаатай 18 чиглэлийн автобусны гадна болон дотор талд мэдээллүүдээ байршуулсан. Бидэнд хуулах талаар ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Олон нийттэй адилхан тэр постноос л мэдээллийн самбаруудыг хуулагдсан гэдгийг мэдсэн. Энэ үйл явдалтай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Хууль дүрмийн дагуу шийдэгдэнэ гэж найдаж байгаа.
Автобусанд наасан мэдээллүүд тэгш эрх бахархлын өдрүүд арга хэмжээтэй холбоотой байсан уу?
Бид нарын автобусанд наасан мэдээллүүд бол Монгол улсын хууль тогтоомжийг сурталчлах гэж хэлж болно. Монгол улсын эрүүгийн хуулийн 14.1-р зүйлийг таниулах зорилгоор байршуулсан. 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хууль нь хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн ялгаатай байдлаар нь ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарлах юм бол эрүүгийн гэмт хэрэг гэж заасан байдаг.
Бэлгийн чиг баримжаатай холбоотойгоор хүмүүсийн сөрөг бодолтой байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна?
Ер нь бол хүн мэдэхгүй юмнаасаа айдаг, мэдэхгүй юмаа үзэн яддаг гэдэг шиг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв зүйтэй мэдээлэл аваагүйн улмаас айгаад үзэн ядаад байдаг. ДЭМБ 1990 онд бэлгийн чиг баримжааг төрөлхийн, өөрчлөгддөггүй, энэ бол өвчин биш гээд баталж нотолчихсон. Үүнийг мэдэхгүйн улмаас хүмүүс зүгээр нэг солонго хараад бэлгийн чиг баримжаа өөрчлөгдөнө гэж бодоод байдаг. Гэтэл энэ нь хүний төрөлхийн салшгүй мөн чанар ба өөрчлөгдөх боломжгүй зүйл.
Цар тахлаас шалтгаалан олон үйл ажиллагаа нь цуцлагдсан гэж байсан. Цахимаар болж буй богино хэмжээний кино тэмцээний тухайгаа яривал?
ЛГБТ Төв маань “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадмыг жил бүр зохион байгуулдаг. Харин гурван жилийн өмнөөс богино хэмжээний кино уралдааныг зохиох болсон. Үүний гол зорилго нь ЛГБТИК+ видео контентын санг үүсгэх, залуу уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчдийг бүтээлээрээ дамжуулан хүний эрхийг мэдрэмжтэй бүтээл хийх орон зайг үүсгэх зорилготой. Эхний жил 3 бүтээл ирж байсан бол өмнө жил 28 бүтээл ирж байснаас 17 бүтээл шалгарч “Тэнгис” кино театрын хоёр танхимаар зэрэг гарч байсан. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас өргөн дэлгэц, танхимаар гаргах боломжгүй байсан болохоор ЛГБТ төвийн юүтүб хуудсанд шалгарсан бүтээлүүдийг байршуулсан байгаа. Есдүгээр сарын 6-нд шилдэг бүтээлээ шалгаруулна.
Ярилцлагын төгсгөлд та хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
Манай байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш хүмүүсийн хандлага харьцангуй сайжирсан гэж бодож байна. Гэхдээ сошиал орчинд үзэн ядалт буруу ойлголтыг түгээх асуудал бас л их байгаа. Тиймээс бидний хувьд цаашид ч хийх зүйл их байна. Хэн ч бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаараа ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Хүний өөрчлөгдөшгүй төрөлхийн салшгүй нэг хэсэг. Таны ойр дотны хүмүүсийн дунд ЛГБТИК+ хүмүүс байж магадгүй бөгөөд та сөрөг сэтгэгдлүүд бичсэнээрээ өөрөө ч мэдэлгүй тэдгээр хүмүүсийг өөрөөсөө түлхэж, гомдоож байгаа шүү. Тиймээс энэ талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв мэдээллийг олж аваасай гэж хэлмээр байна.
Тэгш эрх, бахархлын өдрүүдийн мэндийг хүргэе!