УИХ-ын 18, 28 дугаар тойргуудад аравдугаар сард 2.3 тэрбум төгрөгөөр нөхөн сонгууль явуулахаар болсон. Хуульд заасан хугацаандаа багтаж намууд нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулж, нэр дэвшигчдээ өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Нэр дэвшигчид энэ сарын 6-нд СЕХ-нд материалаа хүргүүлээд, 9-р сарын 18-аас тэдний сурталчилгааны өдрүүд эхлэх юм. Сонгогчдийн боловсролд зориулж нэр дэвшигчдийн намтар болон нэр холбогдож байсан дуулиануудыг цувралаар хүргэе.
НЭР ДЭВШИГЧ Э.БАТ-ҮҮЛ НАМТАР
Эрдэнийн Бат-Үүл 1957 оны долдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг, нийслэлийн засаг дарга бөгөөд УЛААНБААТАР хотын захирагч, УИХ-ын гишүүн асан. Монгол улсын баатар цолтой. Ардын уран зохиолч С.Эрдэнийн хүү юм.
Боловсрол
·1975 онд Улаанбаатар хотын НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙГ төгссөн.
·1981 онд МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД физикч мэргэжлээр суралцаж төгссөн.
1990 оноос өмнөх замнал
Тэрбээр 1981-1982 онд Барилгын техник мэргэжлийн сургуульд багшаар ажиллаж байгаад, 1982-1985 онд өөрийн хүсэлтээр ХӨВСГӨЛ аймгийн РЭНЧИНЛХҮМБЭ СУМЫН 10 жилийн дунд сургуульд багшаар томилогдон ажиллаж байв. 1985-1989 онд Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байлаа. Ийнхүү академид ажиллаж байхдаа 1988 оноос ШИНЭ ҮЕ хэмээх нууц бүлгэмийг байгуулж ардчилсан үзэл санааг түгээх зорилготой ухуулах хуудас нааж эхэлснээр улс төрийн амьдралын гараагаа эхлүүлжээ.
Ардчилсан хувьсгалын үе ба түүнээс хойших улс төрийн амьдрал
Бат-Үүл 1990 онд МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМЫГ анх байгуулалцаж, анхных нь даргаар сонгогдон 1992 он хүртэл ажиллаж байлаа. Тэрбээр 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, 1992-1996 онд Монголын Ардчилсан Намын улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМЫН Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж байгаад 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. 2000-2004 онд Чугу ХХК-д ажиллаж байгаад 2004, 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож 8 жил ажиллажээ.
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол УЛСЫН БААТАР цолоор шагнуулсан.
Тэрээр 2012 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан Намын жагсаалтыг тэргүүлэн оролцож намдаа ялалт авчирсан бөгөөд 2012 оны 8 сарын 7-ноос нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байв.Харин одоо Нийслэлийн ардчилсан намын даргын албыг хашиж байна.
Э.БАТ-ҮҮЛИЙН НЭР ХОЛБОГДОЖ БАЙСАН ДУУЛИАНУУД
Улс төрд насныхаа талыг өнгөрүүлсэн хүнд холбогдсон дуулиан арвин. Үүний доторх хамгийн сүүлийн дуулиан бол Э.Бат-Үүл Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нар бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдож шүүх хүртэл явсан юм. Энэ хэрэг одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна.
С.ЗОРИГ АГСНЫ ГЭРТ МАЛГАЙГАА МАРТСАН НЬ
Э.Бат-Үүл С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн “захиалагч” уу гэх асуулт 2000 онд гарч ирж, Э.Бат-Үүл “Ганц худаг”-т сар гаруй хоригдоод суллагдаж байв. Дараа нь 2016 онд хоёр дахь удаагаа энэ асуулт гарч ирж, Э.Бат-Үүл мөн л 20 гаруй хоног хууль шүүхийнхэнд шалгуулсан юм. Э.Бат-Үүл ийнхүү аллагын хэргийн захиалагч хэмээн нэр холбогдож байх цаг хугацаа нь сонгуулийн үеүдэд давхцаж байсан гэдэг.
1998 оны аравдугаар сарын 2-ны 22:30 минутын орчимд УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсон, дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудал гацаанд орсон ээдрээтэй цаг үе байж таарсан. “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслээс 1998 оны есдүгээр сарын 28-нд Э.Бат-Үүлийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандид өргөн барьсан боловч есдүгээр сарын 30-нд татгалзсан хариу ирүүлсэн байдаг. С.Зоригийг бусдын гарт амиа алдахаас 2,3-хан хоногийн өмнө гэсэн үг. Улмаар Ардчилсан холбоо эвсэл аравдугаар сарын 3-нд Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, Ерөнхий сайдад С.Зоригийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид өргөн барихаар төлөвлөөд байсан боловч С.Зориг өмнөх шөнө нь бусдын гарт амиа алдсан юм. Энэхүү хэрэг гарсан цагаас “Э.Бат-Үүлийн малгай С.Зориг агсны гэрээс олдсон” гэх дуулиан өнөө ч мартагдаагүй хэвээр. Түүний өмсөж явсан малгай хэргийн газраас олдсоноос болж тэр өдий 23 жил С.Зориг агсны хэрэгтэй нэр холбогдож яваа билээ. Э.Бат-Үүл энэ хэргийн тухай С.Зоригийг амиа алдах үед гэртээ хадам ээжтэйгээ хамт телевиз үзэж байсан гэж тайлбарладаг. Тодруулбал, Э.Бат-Үүл “Хэрэг гарсан шөнө би гэртээ хадам ээжтэйгээ хамт телевиз үзээд байж байтал тухайн үеийн Нийслэлийн цагдаагийн газрын дарга Н.Ганболд утсаар холбогдож, “С.Зориг бусдын гарт амиа алчихлаа, дараагийнх нь чамайг гэж байна. Би удахгүй очлоо, надаас өөр хүнд хаалгаа битгий тайлаарай” гэж хэлсэн. Төд удалгүй хүрч ирээд, “Чамайг хамгаалалтад авч байна” гэж хэлээд С.Зоригийн гэрт дагуулж очсон. Тэр үед хэргийн газрыг ямар ч хамгаалалтад аваагүй, маш олон хүн бужигнаж байсан. Би айж цочирдоод Ц.Элбэгдоржтой хамт хэргийн газраас гарахдаа өмсөж очсон цагаан цэнхэр өнгийн малгайгаа орхиод гарсан байсан. Хэргийн дараа намайг гэрчээр татаж анх удаа гэрчийн мэдүүлэг аваад малгайгаа мартаад гарсан гэдгийг прокуророос тогтоосон” хэмээн тайлбарласан байдаг. Хэргийн газарт мартаж үлдээсэн тэр цагаан цэнхэр өнгөтэй малгайг Э.Бат-Үүл хадам ээжийнхээ малгай гэж тайлбарласаар ирсэн юм.
Түүнчлэн Э.Бат-Үүлийн эхнэр Б.Дэлгэртуяа "Үүл бид хоёр" номондоо өнөөх алдарт малгайн тухай бичсэн бий. Тодруулбал,
“Үүл, миний ээж хоёрын ярьснаас тэр оройн явдлыг нэхэн өгүүлье:
-Арван сарын хоёрны орой ээж гадаа салхинд гарч ирээд Үүлтэй хоёулаа гэртээ сууж байтал утас дуугарч, Үүл авч л дээ. Тэгтэл нийслэлийн цагдаагийн дарга Наваансүрэнгийн Ганболд нэлээн халамцуу маягтай:
– Бат-Үүл ээ, битгий гадагшаа гараарай! Зоригийг алчихжээ…
– Юу яриад байна аа, ямар Зоригийг? гэтэл нь
– Шар Зоригийг
– Юун шар Зоригоо?
– Санжаасүрэнгийн 3ориг оо. Би одоо ингээд танайд очлоо гээд утсаа тавьчихаж. Яахаа ч мэдэхгүй болчхоод зогсож байтaл нь Ганболд тун удалгүй орж ирж л дээ. Нээрээ халамцуу, за тэр нь ч яах вэ, ажлын дараа тийм юм болдог л байлгүй. Тэгээд:
– За одоо хоёулаа Зоригийнх руу очно оо гэж.
-Яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь:
-Тэнд намынхан чинь цугларчихаад байгаа гэж. Үүл хувцсаа өмсөөд малгайгаа өмсөх гэтэл олдоггүй гэнэ.
Тэгтэл ээж гадаа салхинд сууж байхдаа өмсөж байсан саравчтай цагаан цэнхэр өнгийн даавуун малгайгаа аваад өгчээ. Аравдугаар сарын 2 гэдэг чинь тэгтлээ ч хүйтэрчихээгүй цаг шүү дээ. Түүнийг нь толгой дээрээ тавиад л гараад явчихаж. Ганболд ч шууд л Зоригийн гэрт дагуулаад очсон, орсон байгаа юм.
– Энэ чинь яаж байгаа юм бэ? Хэргийн газар шууд ингээд орчихож болох юм уу? гэсэн чинь:
– Болно оо, болно ор! гэжээ.
Орох гэтэл хаалганд юм тээглэхэд нь хартал талийгаачийн цогцос байж байх юм гэнэ. Хаа сайгүй цус болчихсон байж. Ороод очтол цаана нь талийгаачийн ах нь, намын нөхөд, Ша.Батбаяр, С.Эрдэнэ гээд хэдийнээ өчнөөн хүн орчихсон харагдсан байгаа юм. Ороод жаахан сууж. Тэгтэл тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан Элбэгдорж ч ирж, юу ч ярьсан юм, Засгийн газрын ордон руу ч юм уу явцгаах болж, хуралдаж яаралтай арга хэмжээний шийдвэр гаргахаар. Тэгээд гараад Элбэгдоржийн машинд суух гэж явснаа малгайгаа гэнэт санаж.
-Малгайгаа мартчихаж, ороод аваадахъя гэхэд нь, Элбэгдорж "За за дараа бол, хүмүүс хүлээгээд байна!" гээд яаруулж, тэгэхээр нь орцны үүдэнд зогсож байсан цагдаад ч хэлээд явжээ” гэсэн бий.
Эх сурвалж: ergelt.mn
Х.БАТТУЛГЫГ ГҮТГЭСЭН ХЭМЭЭН 4 САЯАР ТОРГУУЛЖ БАЙВ
Хотын дарга асан Э.Бат-Үүл /2020.01.29/ Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр төрд халдсан хэргээр шүүгдэв. Тодруулбал, 2019 оны зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм.
Тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө өгсөн нь энэ юм.
Эх сурвалж news.mn