Коронавирусийн цар тахлаас шалтгаалан бага ангийн хүүхдүүд ялангуяа нэгээс гуравдугаар ангийн хүүхдүүд гэрээсээ цахимаар хичээллэсэн учраас хоцрогдол ихтэй байна гэж эцэг эхчүүд хэлж байна. Бага насны хүүхдүүдийн хувьд бие даан хичээл хийх, анхаарлаа төвлөрүүлэх чадвар сул учраас эрсдэл ихтэй ч гэсэн танхимаар хичээлд нь явуулж байна гэлээ.
Эцэг эхчүүд:
-Энэ жил манай хүүхэд нэгдүгээр ангид орж байна. Хэдийгээр цар тахалтай байгаа ч гэсэн боловсролын байгууллагаас хүүхдүүдийг хичээлд нь оруулна гээд шийд гарчихсан. Тав хоног танхимаар хичээллээд тав хоног цахимаар хичээллээ гээд тэр үед коронавирус алга болчихгүй шүү дээ. Яаж энэ шийдвэрийг гаргасанг нь ойлгохгүй л байна. Мэдээж өвчний голомт их байгаа. Өвчлөлөө сайн дарсны дараа хичээлд нь явуулахад бага насны хүүхдэдээ санаа зовох зүйлгүй л байх гээд байна. Тэгээд олны жишгээ дагаад л сургуульд нь явуулахаар шийдсэн. Ажилтай хүмүүсийн хувьд яг өдрийн дунд хоёрын хооронд хоёр цаг ороод тарахаар нь буцаад гэртээ хүүхдүүдээ хүргэх, аль нэг нь заавал ажлаасаа чөлөө авах асуудал үүсэж байна.
-Цахимаар хичээл орохын давуу тал нь хүүхэд бие дааж сурах талтай. Ажилгүй үедээ хичээлийг нь нөхөж үзээд хамт хийдэг. Гэхдээ танхимаар хичээл орсноор хүүхэд нийгэмших, багштайгаа харьцах харьцаа арай илүү байна. Эрсдэл өндөр байгаа ч гэсэн хүүхдийн маань орж буй сургууль шинээр байгуулагдаж байна. Дээрээс нь анх удаа орж байгаа болохоор орчныг нь өөрчилье гэж бодоод сургуульд нь явуулахаар шийдсэн. Түүнээс биш гэрт нь жоохон дүү нь байна эрсдлээ бодвол явуулахааргүй л байлаа. Хүүхдүүд өдөржин масктай халууцаад байж чадахгүй шүү дээ. Ямар ч байсан энэ долоо хоног солих масктай нь явуулаад үзье гэж бодож байна. Болохгүй бол гэрээр нь цахим хэлбэрээр л сургана даа.
–Цахимаар хичээл орох нь манай хүүхдийн сурах арга барилд тийм ч сайн тохироогүй учраас хоцрогдолтой байгаа. Эцэг эхийн зүгээс хоцрогдлыг нь арилгах дээр нэмэлтээр өдөр өнжүүлэхэд явуулах, хоцрогдол арилгах сургалтад явуулсан. Цар тахалтай зэрэгцээд хичээл эхэлж байгаа нь эрсдэлтэй боловч хүүгийн маань хувьд маш чухал алхмыг эхлүүлж байгаад баяртай байна. Гуравдугаар ангийн хүүхэд маань шууд гэрээсээ хоёр жил онлайн хэлбэрээр хичээллэсэн учраас танхимын сургалт удаан үргэлжилбэл сайн гэж бодож байна. Гэхдээ эрүүл мэндийн хувьд эрсдэл их байх юм бол яалт ч үгүй цахим хэлбэрийг дэмжихээс өөр сонголт байхгүй. Тав хоног цахимаар, тав хоног танхимаар хичээллэхийг зөв гэж үзэж байгаа. Хэрвээ хүүхэд өвчилсөн бол гэртээ байх хугацаанд нь далд хэлбэр нь илрэх зэргээр эрүүл мэндийн талаасаа зөв хувилбар гэж харж байгаа. Хичээл нь хоёр цаг орж байгаа болохоор түгжрэлээ ч бодсон ч тэр бараг сургуулийнх нь гадаа хүлээж байгаад л аваад явж байна.