Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхэд зам хөндлөн гарах тал дээр эцэг эхчүүд болон жолооч нар юун дээр анхаарах талаар ТЦА-ны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодруулж зөвлөгөө мэдээллийг хүргэе.
Тэрбээр, Цагдаагийн байгууллагаас энэ жилийн хувьд “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Үүний хүрээнд “Гэрэлт ирээдүйнхээ төлөө гэрлээ асаацгаая” аяныг зохиож, жолооч нарын гэрлийг асааж замын хөдөлгөөнд соёлтой оролцох, явган зорчигч нарт зам тавьж өгөх гээд нөлөөллийн зөвлөмжийг өгч ажиллаж байна. Хүүхэд зам хөндлөн гарахдаа гэнэт л гүйдэг. Замын хөдөлгөөнд оролцохдоо маш эмзэг гэсэн үг. Өөр зүйл бодчихсон явж байдаг учраас жолооч нар ялангуяа 9, 10 дугаар сард маш анхаарал болгоомжтой яваарай.
Манай зүгээс одоогийн байдлаар 40 гаруй сургуульд хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээг нэмэлтээр байршуулсан. 9 дүгээр сарын 1-нд зам тээврийн ослын дуудлага хэвийн байдаг. Хүн болгон хүүхдээ сургуульд нь өгөөд авчихдаг шүү дээ. Харин маргааш яах вэ гэдэг асуулт зайлшгүй хэрэгтэй байдаг. Нэгдүгээр ангийн хүүхдийг гуравдугаар ангийн ах эгч нараар нь авахуулдаг. Гэтэл 10 хүртэлх насны хүүхдийг заавал асран хамгаалагчтай нь явуулна гээд заасан байдаг юм.
2019 оны 9 сард зам тээврийн ослын улмаас 5 хүүхдийн амь нас хохирсон. 46 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Харин 2020 оны 9 сард 7 хүүхдийн амь нас хохирч 36 хүүхэд гэмтэж бэртсэн байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд эхний 2 3 өдөр хүүхдээ зөөгөөд бусад үед нь битгий эрсдэлд оруулж орхиорой.
Алслагдсан гэр хороолол руу хүүхдийн автобус зорчхоор зохион байгуулж байна. Мөн ТЦА-наас зам зохион байгуулалтын асуудал дээр анхаарал хандуулж байгаа. Замын эвдрэл гэмтэл дээр хурд саардаг. Энэ хэсэг дээр нь зам засварын ажил хийж байна. Шаардлагатай уулзварыг нэг урсгалд оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Сурагчид:
- Ногоон гэрэл, улаан гэрлээ сайн харах ёстой. Мөн машин сайн харах ёстой. Аав ээж эмээ өвөөгөөсөө зам гарах талаар суралцсан. Одоо хичээлдээ орох гэж байна. Ээжээрээ хүргүүлж ирсэн.
- Гэрлэн дохио, гарцаа сайн харж зам гарах ёстой. Машинаа явахыг хүлээж байгаад зогсохоор нь л гарцаар гарна даа. Замын хөдөлгөөнд оролцох тухай багш, гэр бүлийнхэн маань заадаг. Хүүхдүүд ээ замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.
- Машин хөдөлж байхад явж болохгүй. Цагаан шугам, ногоон гэрлээр гарч болно. Би автобусаар явдаг. Дүрмээ бариад явахад аюулгүй гэж бодож байна. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд, ногоон гэрэл, цагаан шугамаар гараарай гэж зөвлөмөөр байна.