Хичээлийн шинэ жилийн эхний өдөр таагүй мэдээгээр эхэлсэн. Хэдийгээр цар тахлын улмаас хоёр жил цахимаар голдуу хичээллэсэн танхимын хичээлийг нээсэн таатай өдөр байсан ч халдварын тохиолдол анх удаа хамгийн өндөр буюу 3726 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 217,546 болсон юм. Өнгөрсөн наймдугаар сард нэг өдөрт хамгийн багадаа 970 бүртгэгдэж 1500 давж байсан халдварын тохиолдол наймдугаар сарын 25-наас хойш 2400 болон өссөн. Энэ тоо өчигдөр огцом өсөж 3726 хүрлээ. Монгол Улсад ковидийн халдвар бүртгэгдсэнээс хойш өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд 2746 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Тэгвэл өдгөө тохиолдлын энэхүү үзүүлэлтээс 1000-аар өслөө.
Таван өдрийн өмнө ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа есдүгээр сарын сүүлээр вакцины нөлөө 25 хувиар буурвал халдварын тоо хамгийн дээд тал нь 3500-гаас дээш гарна гэсэн тооцоог танилцуулж байсан.
Эрсдэлийг тооцоолж, дэлхий нийтийн жишгийг дагаж танхимын сургалтыг эхлүүлсэн нь зөв хэдий ч сургуулийн орчинд халдвар тархах магадлал өндөр байж болохыг эцэг, эхчүүд хэлж байгаа.
Коронавирусийн мутацилагдсан халдвар тархаж буй үед хүүхдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж аль болох хөл хорио тогтоохгүй байх талаар зохицуулалт хийж ажиллахаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон албаныхан удаа дараа мэдэгдээд буй.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр “Халдварын нийт батлагдсан тохиолдлын 20.5 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Цар тахлын онцгой нөхцөлд эрсдэлийг тооцоолж, аль болох боломжит хувилбараар хүүхдүүдийг хичээл, сургуульд нь хамруулахаар ажиллаж байгаа. Ер нь сургуулийн орчинд хүүхэд өвчлөх эрсдэл харьцангуй бага. Хамгийн гол нь эцэг эх, асран хамгаалагчийн дунд халдвар зөөвөрлөгдөх хэлбэрээр хүүхэд тусах магадлал өндөр байна. Есдүгээр сарын 1-нд халдварын тохиолдол 3726-гаар нэмэгдсэн учир хөл хорио тогтоох байх гэсэн таамаг дэвшүүлж байна. Ийнхүү их тохиолдол гарсан нь PCR шинжилгээний цэгүүдийг нэмсэнтэй холбоотой. Эерэг гарах хариу нийт тохиолдолд 20 хувийг эзэлж байгаа гэв.
Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын шинжилгээнд хамрагдах тохиолдол өсөхөөс гадна орон нутагт халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өчигдрийн хувьд орон нутагт тандалтын 11 мянга, PCR шинжилгээний есөн мянган сорьцоос тохиолдлыг тогтоосон. Цаашид ч энэ тоо буурахгүй байх магадлалтай.
Тиймээс иргэд хөл хорио тогтоох асуудлыг сонирхож байна. Монгол Улсад батлагдаж байгаа нийт тохиолдлын 50 хувийг Дельта хувилбар эзэлж буй. Хоёр дахь тунгаа хийлгээд гурван сар болсон иргэд гурав дахь тунг хийлгэх боломжтой зохицуулалтыг хийсэн. Хамгийн өндөр тохиолдол вакцин хийж эхлэх эхний 14 хоногийн хугацаанд бүртгэгдэж байсан бол түүнээс хойш тархалт тогтмол буурч байна. Дэлхийн 170 гаруй улсад Дельта хувилбар тархсан. 7-8 дугаар сард Дельта хувилбарын тархалт дотоодод өсч эхэлсэн. Энэ төрлийн вирусийг илрүүлэхэд дотоод болон гадаадад сорьцыг шинжлүүлж байна. Цаашид боловсролын салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд хорио тогтоохгүй танхим, цахим хэлбэрийг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа” гэдэг мэдээллийг өгсөн.
Цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн хичээл эхэлж байгаа учраас хөдөө орон нутгаас хотыг зорих хөдөлгөөн хэдийнээ ихэссэн. Үүнтэй холбоотойгоор орон нутагт бүртгэгдэж байсан халдварын өндөр тохиолдлууд өдгөө хотод ийнхүү бүртгэгдэж эхэлсэн болохоор бага насны хүүхдээ аль болох гадуур дагуулж явахгүй, зөвхөн гэр сургууль, цэцэрлэг, гэр маршруттай байхыг холбогдох байгууллагынхан анхааруулсаар байгаа билээ.
Түүнчлэн намрын улиралд хурим найр, бэр гуйх ёслол, хүүхдийн дайх үргээх ёслол ар араасаа үргэлжилдэг. Эрүүл мэндийн салбарынхан халдвар ахуйн хүрээнд дэгдэж байгааг ч анхааруулсаар байгаа ч одоогоор хурим, найрыг хориглоогүй. Олон хүний бөөгнөрөл үйлчилгээний байгууллага, дэлгүүр, зах гэхээсээ илүүтэй найр, цэнгэлд ойр дотнын хүрээлэлд үүсэж амны хаалт, зай барих тухай хэдийнээ мартагддаг. Тиймээс ковидийн халдварын арлаагүй гэдгийг мартаж болохгүй.
Одоо л бид илүү хариуцлагатай байх цаг ирлээ. Үр хүүхдээ удаан хүсэн хүлээсэн сургууль, цэцэрлэгт нь хэвийн явуулж, өөрсдөө ч ажил төрлөө хийн эдийн засгаа сэргээх боломжийг алдаж болохгүй. Ковидтой дасан зохицож, урьдчилан сэргийлж амьдрах нөхцөлтэй хэдийнээ нүүр тулсан учраас дахин халдварын өмнө өвдөг сөхрөхгүй баймаар байна.Үүнд хүн бүр, гэр бүл бүрийн хариуцлагатай үйлдэл, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь чухал.
Сайхан цаг ирэхэд найрлах цэнгэх цаг хугацаа хангалттай олдоно. Харин эрүүл мэнд, амь насаа эргэж олдохгүй. Тиймээс ковидийн халдвар тэр тусмаа дельта вирусийн дэгдэлт нийт тохиолдлын тал хувийг эзэлж байгаа энэ цаг хүн бүр халдвар хамгааллаа сахин хурим, найраа хойш тавьж, гэр бүл хайртай дотнын хүмүүсээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатай байцгаая.