Улс төрийн задлан энэ удаа Оюутолгой тойрсон сэдвийн хүрээнд "ГҮНИЙ УУРХАЙН ГҮН РҮҮ" нэвтрүүлгээ бэлдлээ.
Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан Оюутолгойд яг юу болдог, юу болоод байгаа талаар ярилаа.
-Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн гэхээр хаалттай юм ярьдаггүй, өндөр цалинтай, Рио Тинтогийн эрх ашгийг хамгаалдаг гэх ойлголт нийгэмд бий. Таны хувьд ТУЗ-д ороод хэвлэлүүдээр нэлээд их ярьсан. Яагаад ярья гэж бодсон юм бэ. Ярихгүй л бол болохгүй асуудлууд юу байна. Яг тэнд ТУЗ-д юу болдог талаар та бидэнд ярьж өгөөч?
-Миний хувьд Оюутолгой компанийн ТУЗ-д хамгийн анх улс төрийн биш, хүмүүсийн чадвар чадамж дээр суурилж нээлттэй сонгон шалгаруулалт болсны үндсэн дээр томилогдсон хоёр гишүүний нэг. Би хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байсан банкир хүн. Санхүүгийн чиглэл дээр нэлээн туршлагажсан. Уул уурхайн том хэлэлцээрүүдэд зөвлөгөө өгч ажилладаг байсан хүний хувьд одоо болоод байгаа асуудлуудыг хараад Монголын иргэдийн төлөө гэсэн утгаараа чимээгүй байж чадахгүй л дээ. Аль болох нээлттэй, хүмүүст зөв мэдээллийг өгөхийг хичээдэг. Зарим нэг асуудал дээр Монголын талын гурван гишүүн зөвшөөрөөгүй ч гэсэн нөгөө тал маань дийлэнх олонхоороо буюу есөн хүний зургаа нь шийдээд явчих боломжтой байдаг. Өнөөдрийг хүртэл тийм асуудлууд байсан. Манай Монголын талын хүлээн зөвшөөрөөгүй асуудлыг нөгөө тал дийлэнх олноороо зөвшөөрөөд явдаг асуудлууд ч бий. Зарим асуудлууд Рио Тинто болон Туркойз Хилл компанийн зээлдүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг ч байдаг юм уу, бусад өөрсдийнхөө хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг ч байдаг юм уу, тэндээс заавал Монголын Засгийн газартай ойлголцож хамтран ажиллах гэсэн шаардлага байдаг учраас зарим тохиолдолд биднийг зөвшөөрөөгүй тохиолдолд заавал олонхоороо шийдээд явах боломжгүй асуудлууд байдаг. Тухай бүрд бид өөрсдийн санал бодлоо илэрхийлэн аль болох үр дүнтэй, өөрсдийнхөө байр суурийг ойлгомжтой илэрхийлээд явдаг.
-Та ТУЗ-ийн гишүүн болсон чинь ямар дүр зурагтай, ямар компанийн ТУЗ-ийн гишүүн болсон бэ. 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбумын өртэй үлдэх юм компак ТУЗ-ийн гишүүн болчихсон шүү дээ. Хүнд байдал угтсан уу?
-Яг үнэнийг хэлэхэд би өмнө нь гадаадын уул уурхайн компанид ажиллаж байсан, олон жил уул уурхайгаар явсан. Одоо гадаадын хөрөнгө оруулагчтай харьцана. Уул уурхайн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг компанид ажилладаг, өөрийгөө нэлээд баруунжсан хүн гэж ойлгодог. Дээрээс нь тухайн ажилд томилогдохоосоо өмнө Монголын мэдээнд гарч байгаа, сошиал дээр бичиж байгааг харвал үнэндээ л Монголын Засгийн газар асуудалтай юм байна даа. Рио Тинто гэж мундаг компани Оюутолгой төслийг явуулах гэхээр Монгол Улсын Засгийн газар л саад болоод байгаа юм уу даа гэсэн яг бодитой дүр зураг байхгүй ч тиймэрхүү таамаглалтай олон жил явсан. Гэтэд ТУЗ-д орсны дараа юу болоод байгаа нь ойлгомжгүй байсан. Би санхүүгийн мэргэжлийн хүн. Уул уурхайн компаниуд яаж үйл ажиллагаа явуулдгийг нэлээн мэднэ. Гэрээ хэлэлцээр яаж хийдгийг мэднэ. ТУЗ-д орсныхоо дараа богино хугацаанд төсөл, компанийн мэдээллүүдтэй танилцаад гэрээнүүдээ уншаад нөгөө Рио Тинтогийн алдартай 22 тэрбумын тооцооллыг хараад яг үнэндээ би их сэтгэл зовнисон. Тэр 22 тэрбумын тооцооллыг хийсэн эксел файлыг анх нэг бүрчлэн үзчихээд тухайн шөнө миний нойр хүрээгүй. Нухаад сайн шүүгээд үзэхээр үнэхээр л Монголын Засгийн газар хаяа алдаа гаргадаг уу, гаргадаг. Манай Засгийн газар зарим нэг асуудал дээр удаан хандсан байж магадгүй байсан. Оюу толгойн энэ оны нэгдүгээр сард ашиглалтад орох ёстой байсан төсөл яагаад ороогүй байгаа юм, яагаад зардал хэтэрчхээд байгаа юм, яагаад бид зэсийн үнэ ингэж хөөрөгдсөн үед ашиг шимийг нь хүртэж чадахгүй байгаа юм гээд үзэхээр төсөл ашиглалтад ороогүй л байгаа байхгүй юу. Төсөл яагаад ашиглалтад ороогүй вэ гэхээр төслийн менежментийг явуулдаг төслийн бүтээн байгуулалтыг Рио Тинто гэдэг компани л хариуцаж байгаа. Түүнд Монгол Улсын Засгийн газар нөлөөлөл байхгүй. Хариуцлага гэдэг зүйлийг Рио Тинтотой заавал ярих ёстой.
"ГҮНИЙ УУРХАЙН ГҮН РҮҮ" нэвтрүүлгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.