Сэтгэл гутрал нь сэтгэцийн эмгэг учраас тодорхой байдлаар сөрөг даавруудыг ялгаруулдаг байна. Тухайн сөрөг мэдрэмж өгч байгаа даавар удаан хугацааны турш ялгарах юм бол бие махбодын эмгэг болох цаашлаад амиа хорлох сэдлийг бий болгодог аж. Тэгвэл сэтгэл гутрал хэрхэн илэрдэг, ямар арга хэмжээ авах талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
Энэ талаар сэтгэл зүйн эрүүл мэндийн мэдээлэл оруулдаг Light.word.us инстаграм хаяг хөгжүүлэгч Б.Ариунзулаас тодруулахад “Дуртай байсан зүйлдээ дургүй болох, олон нийтийн арга хэмжээ үйл ажиллагаанд орохоос цааргалдаг болох, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлах шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг. Сэтгэл гутралд өртөхөөр хүн болгонд ялгаатай байдлаар илэрдэг. Зарим нэг төрлийн хүмүүс хэт их унтдаг, зарим нь бүр огт унтахаа больчихдог зэрэг нойрны асуудалтай болдог. Хэт их идэх эсвэл огт хоолны дуршилгүй болдог гэх мэтчилэн шинж тэмдгүүд илэрдэг. Иймэрхүү шинж тэмдэг илрээд байгаагаа хүмүүс мэдэхгүй яваад байдаг. Сэтгэл гутрал маш удаан хугацааны туршид үргэлжлэх боломжтой.
Нөлөөлөх хүчин зүйлс нь бага насандаа авсан сэтгэлийн шарх, одоогийн нөхцөл байдалд нөлөөлөхүйц томоохон үйл явдлууд жишээлбэл, ажлаасаа гарах, хайртай дотнын хэн нэгнээ алдах, салах гэх мэтчилэн шалтгаануудаас үүсэж болно” гэлээ.
Сэтгэл гутрал нь урт хугацааны туршид үргэлжилдэг ч хүн сэтгэл гутралын шинж тэмдэг илэрснээ анзаардаггүй байна. Энэ талаар Б.Ариунзул “Монголчууд сэтгэл зүйн боловсрол хомс байгаад байдаг учраас анзаарахгүй болон тоохгүй яваад, тоохгүй явснаасаа болоод улмаар амиа хорлох ч юм уу тийм эрсдэлтэй зүйлүүдийг хийдэг. Тийм учраас ямарваа нэгэн байдлаар эрч хүчгүй болоод, нойр хоолны асуудалтай, амралт багатай, сэтгэл санаагаар дандаа унаад байх юм бол аль болох дуртай зүйлсээ хийх, орчноо солих, агаарт алхах, сайн унтаж амрах, зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх гэх мэтчилэн маш энгийн сонсогдож болох ч эдгээр зүйлүүд маань хүний сэтгэл зүйл бие махбодод хамгийн хэрэгтэй зүйлүүд байдаг. Мөн бясалгал болон амьсгалын дасгал хийх нь зөв.
Тэгээд үнэхээр надад хэцүү байна гэх юм бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Сэтгэл зүйн өвчлөл нь яваандаа бие махбодын өвчлөл болох магадлалтай байдаг учраас сэтгэл зүй эрүүл байвал бие эрүүл байна, бие эрүүл байвал давхар сэтгэл зүй эрүүл байна. Энэ хоёр маань дандаа нэгдмэл байдлаар оршдог. Тийм учраас хүмүүс өдөр тутамдаа өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл байдалд дандаа анхаарал тавьж, сэтгэл зүйн тодорхой ойлголттой болох хэрэгтэй” гэж зөвлөлөө.