Хурд группын Хүннү–22 хотхонд барилгын ажил явагдаж, явган хүний замыг хааж барилгын түр хашаа бариад байсан юм. Энэхүү газар өмнө нь ногоон байгууламжтай, явган хүний замтай байв. Харин барилгын ажлын хүрээнд моднуудыг нь сугалан явган хүний зам буулгасан асуудал дээр иргэд бухимдалтай хандаад байсан юм.
Иргэдэд тулгамдсан энэ асуудлыг НМХГ-т мэдээлснээр, яаралтай ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийлээ.
Улмаар Эдлэн газрын хэмжээ байршлыг дур мэдэн өөрчилсөн Хурд группд торгуулийн арга хэмжээ авч, түр хашааг яаралтай буулган, явган хүний зам чөлөөлөхийг шаардлаа.
Бид үүсээд байсан зөрчлийн талаар Хот байгуулалт хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас тодруулахад
Хүннү 22 орон сууцны барилгын зүүн талд Хурд групп орон сууцны хорооллын зөвшөөрөлтэйгөөр загвар зургаа батлуулсан. Улмаар барилгын ажил эхлэх зөвшөөрлөө 2021 онд авсан, 2022 онд дуусгахаар жилийн зөвшөөрөлтэй. Явган хүний замыг хаасан гэж байна шүү дээ. Түр хашааг барихдаа өөрийнхөө эдэлбэр газрын хэмжээгээр барих ёстой. Хурд группын эзэмшил газар нь авто замаасаа 6 метрийн зайтай буюу явган хүний зам, ногоон байгууламж зэрэг орохгүй гэсэн үг. Бид Хурд группын орон сууцны хороолол дээр загвар зураг батлахдаа авто зам, явган хүний зам, зам дагасан жижиг ногоон байгууламж байхаар тусгасан.
Харин барилгын ажил хийж буй байгууллагуудад тавих стандарт шаардлагын талаар Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Н. Билэгсайхан
Барилга замын ажил гүйцэтгэхдээ иргэдийн аюулгүй байдлыг хангахаар батлагдсан стандарт гэж бий. Түүний хүрээнд барилгын үйл ажиллагаа, угсралт, шинэчлэлт, өргөтгөлийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага хангах үүрэгтэй. Иргэдийн зорчих хөдөлгөөнд ямар ч саад учруулахгүй байх ёстой. Дээр нь аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай. Хан-Уул дүүрэгт үндсэндээ 133 ААН-д шаардлага хүргүүлсэн байгаа. Түүн дотор Хүннү-22 орсон байх. Ажлын дэд хэсгийн ахлагч нь дүүргийн засаг даргын орлогч байгаа. Бид зөрчилтэй байгууллагуудад шаардлага хүргүүлж НМХГ-аас зөрчил асуудлыг шийдвэрлэдэг гэсэн юм.
Үүний дагуу манай редакциас энэхүү зөрчлийг НМХГ-т мэдээлэхэд, яаралтай ажлын хэсэг байгуулж хяналт шалгалт хийлээ. Энэ үеэр НМХГ-ын улсын байцаагч А. Даваажав,
Ирээд хяналт шалгалт хийгээд явлаа. Нийтийн эзэмшлийн талбайд хашаа татсан зөрчил байна. Торгуулийн арга хэмжээ авна. Зөрчлийн тухай хуулийн 12.3.4.1 дээр ААН 300 нэгж, иргэн 30 нэгж гэж байдаг. Хурд групп дээр 300 нэгжээр арга хэмжээ авч Улсын байцаагчийн хугацаат албан шаардлагыг хүргүүллээ. Хугацааг Улсын байцаагч өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ. Энэ зөрчил дээр яаралтай ажиллах шаардлагатай учраас маргааш торгуулийн арга хэмжээг тавьж 1-2 хоногт буулгах ёстой гэсэн даалгаврыг өгнө.
Мөн бид зөрчил гаргасан Хурд группын хяналтын инженер Б. Баатархүүгээс тайлбар авсан юм. Тэрбээр,
Барилгын ажлын явцад дэд бүтэц буюу доогуур явж байгаа шугам сүлжээтэй холбоотойгоор хүмүүсийн зорчих эрхийг хамгаалахын тулд хашаагаа зам руу шахаж барьсан. Одоо булалтын ажил хийгдсэн. Тиймээс маргаашийн дотор хашаагаа буулгаад явган хүн явах боломжтой болгоно. Бид харуулаар нөгөө талын хэсгээр яваарай гэдэг санамжийг байнга хэлүүлж байсан" гэв.
-Энэ хавиар өмнө нь явган хүний зам, ногоон байгууламж байсан. Яагаад нураасан бэ?
-Бид нөхөн сэргээлт хийнэ. Зөвшөөрөлтэйгээр бүх ажлаа хийж байгаа. Буцаад авто зогсоол, явган хүний зам, ногоон байгууламжийг буцаад тавина. Ажлын 10 хоногийн дотор нөхөн сэргээлтээ хийнэ. Манай хотхоны гадна тохижилттой холбоотой болохоор чанарын өндөр түвшинд хийнэ.
-Өмнө байсан ногоон байгууламж, моднуудыг яасан бэ?
-Дахин ашиглахаар хураасан байгаа.