2019 онд Рио Тинто компани Оюу толгойн ТУЗ-д далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар өслөө. Үүнээс улбаалж далд уурхайн бүтээн байгуулалт 22 сарын дараа ашиглалтад орох болсон талаар танилцуулсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн Газар Оюу толгойн ТУЗ-өөрөө дамжуулан энэхүү далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн шалтгаан нь үнэн бодит эсэхийг судлуулахаар хөндлөнгийн шинжээчийг баг ажиллуулах хүсэлт гаргасан юм. Улмаар Дэлхийн нэр хүндтэй мэргэжилтнүүдээр бүрдсэн найман хүний хөндлөнгийн шинжээчийн баг 2021 оны наймдугаар сард дүгнэлтээ танилцуулсан. Дүгнэлтэд, Рио Тинто компанийн хэлээд байгаа шиг геотехникийн хүндрэлээс болж далд уурхайн зардал өсөөгүй гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Рио Тинто компани геотехникийн хүндрэлээс болж далд уурхайн зардал өслөө гэсэн бол хөндлөнгийн шинжээчдийн баг үүнээс болж зардал өсөөгүй байна гэсэн хоёр өөр дүгнэлт, тайлбартай болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулж бид Рио Тинто компаниас хөрөнгө оруулалтын зардал өссөн тал дээр тайлбар хэлээч ээ, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт дээр тайлбар өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа илэрхийлсний эцэст дараах асуултуудад бичгээр тайлбар авч чадлаа. Мөн Монголчуудын хүртэж байгаа үр өгөөж бага байгаа талаар болон үр өгөөжийг хэрхэн хэмждэг талаар 14 асуултад дараах хариулт тайлбар авлаа.
-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум доллароор өссөн нь үндэслэлгүй хэмээн ОТ-оос ажиллуулсан хөндлөнгийн шинжээчдийн баг дүгнэлээ. Энэхүү дүгнэлтэд тайлбар өгнө үү.
-Томоохон төслийг, энэ дундаа уул уурхайн мега төслийг хэрэгжүүлэхэд зардлын хэтрэлт гарах нь түгээмэл тохиолддог. Оюу толгой төслийн зардал хэтрэлт нь маш нарийн төвөгтэй асуудлуудыг хамарсан бөгөөд үүнийг бид “Оюу толгой” компанийн ТУЗ-өөр дамжуулан хэлэлцэж шийдвэрлэнэ. Бид Монгол Улсын Засгийн Газартай урт хугацаанд түншилж ажиллахыг зорьж ирсэн бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад тулгамдаж ирсэн асуудлаа ажил хэрэгчээр шийдвэрлэж, төслийн бүтээн байгуулалтыг дуусгаж, гүний уурхайн олборлолтоо эхлүүлэхээр зорин ажиллаж байна.
Та бүхэн тайлбарлаад байгаа 1.4 тэрбум долларын зардлын хэтрэлт үүсэх шалтгаан буюу геотехникийн хүндрэлээ яг хэзээ мэдээд, ТУЗ-даа хэзээ мэдэгдсэн бэ?
-Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар танай компани 2016 онд л геотехникийн хүндрэлийн тухай мэдэж байсан талаар мэдээлэл байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт, барилга угсралтын явцад тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар бид цаг тухай бүрд нь нээлттэйгээр мэдээлж ирсэн. Ийм том, ашиглахад нарийн төвөгтэй төслийг хэрэгжүүлэх нь амаргүй бөгөөд төслийн бүхий л үе шатанд урьдчилан тооцоолох боломжгүй төрөл бүрийн нөхцөл, бэрхшээл үүсдэг. Тэдгээрээс шалтгаалан төслийн хугацаа болон зардалд учирч болох нөлөөллийг нь нарийн тооцоолж, хэрэв нөлөө үзүүлэхээр бол түүнийг саармагжуулахын тулд бид холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг. Бид хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компанийн хувиар төслийн хугацааг хойшлуулах хэмжээний нөлөөлөл учирсан нь тогтоогдсон даруйд буюу 2018 оноос хойш энэ талаар тогтмол ил тод тайлагнаж, мэдээлж ирсэн билээ.
-Зардлын хэтрэлтийн алдаа гаргахгүй байх боломж байсан уу?
-Бид нөөц бололцоогоо бүрэн дайчилж, төслийн оролцогч талуудын ашиг сонирхолд хамгийн сайн нийцсэн арга шийдлүүдийг цаг үргэлж сонгон ажиллаж ирсэн. Төслийн зардал, хугацаанд орсон өөрчлөлтүүд нь төслийн бүхий л хамтрагч талуудад нөлөөлсөн гэдгийг ойлгож байна. Сүүлийн 15 жилд олон улсад хэрэгжсэн зэсийн уурхайн төслүүдийн зардал хэтрэлтийн дундажтай харьцуулахад Оюу толгой төслийн зардал хэтрэлт харьцангуй бага байгаа.
-Зардлын хэтрэлтийн алдаагаа одоо яаж яаралтай засварлах вэ?
-Зардал хэтэрсэн явдалд Засгийн газар шүүмжлэлтэй хандаж байгааг бид сайтар ойлгож байгаа төдийгүй хамтрагчдын хувиар бид нэг л завин дээр байгаа учраас яриа хэлэлцээний замаар дараа, дараагийн алхмаа тодорхойлж, гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтыг гүйцээн, Оюу толгойн гүний уурхайн ашиглалтад оруулж бүх талуудын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Гүний уурхай яг хэзээ ажиллаж эхлэх вэ?
Бид аль болох ойрын хугацаанд гүний уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, Оюу толгойн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.
-Гүний уурхай ажиллаж эхлэхэд ямарваа нэг хүндрэл бий юу?
-Гүний уурхайн бүтээн байгуулалтыг гүйцээхэд шаардагдах нэмэлт санхүүжилтийг “Оюу толгой” компанийн ТУЗ хараахан батлаагүй байна. Үүнээс гадна Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хэд хэдэн чухал зөвшөөрөл хүлээгдэж байгаагийн дээр уурхайн эрчим хүчний найдвартай, тасралтгүй эх үүсвэрээр хангах асуудлаар Эрчим хүчний яамтай зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна.
-Монголын засгийн газар буюу 34 хувь эзэмшигчид гүний уурхайг ажиллуулахад ямарваа нэгэн саад учруулсан зүйл байхгүй, биднээс хүлээж буй зөвшөөрөл сэлт байхгүй гэж мэдээлдэг. Та бүхэн гаднын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Монголын тал гүний уурхайн бүтээн байгуулалтад хүндрэл учруулж байгаа талаар мэдээлдэг. Яагаад? яг ямар хүндрэл?
-Бид хэвлэлд ийм мэдээлэл өгөөгүй, харин тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр Засгийн газартай яриа хэлэлцээг үргэлжлүүлж байгаа тухай мэдээлсэн. Манай компанийн үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг зарим улсад иймэрхүү мэдээллийг нийтэд мэдээлэх талаар хуульчлан тогтоосон байдаг. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг гүйцээхэд шаардагдах нэмэлт санхүүжилтийг “Оюу толгой” компанийн ТУЗ хараахан батлаагүй байна. Үүнээс гадна Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хэд хэдэн чухал зөвшөөрөл хүлээгдэж байгаагийн дээр уурхайн эрчим хүчний найдвартай, тасралтгүй эх үүсвэрээр хангах асуудлаар Засгийн газартай зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна.
-Монголын тал буюу 34 хувь эзэмшигчид ОТ төслөөс хэдэн хувийн үр өгөөж амсаж байгаа вэ?
-Өнөөгийн байдлаар Оюу толгойгоос бий болж буй үр өгөөжийн дийлэнх нь татвар, АМНАТ, болон бусад төлбөр, хураамжийн хэлбэрээр Засгийн газарт очоод байгаа бол уурхайг бүтээн босгохын тулд олон улсын хөрөнгө оруулагчид олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Бид Монгол Улсад ирж буй үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ойлгож байгаа бөгөөд хэлэлцээний үеэр үүнийг хэлэлцэж болно.
-Үр өгөөжийг ямар аргачлалаар хэрхэн тооцсон байдаг вэ? Үр өгөөж гэж юу вэ?
-Төслийн үр өгөөж нь маш олон хэлбэрээр бий болдог. Сүүлийн арван жилийн дунджаар тооцвол улсын төсөвт орсон 10 төгрөг тутмын 1 нь Оюу толгойгоос орж ирсэн. “Оюу толгой” компани нь өнөөдөр 13,000 хүнийг ажлын байраар хангаж байна. Түүнчлэн Оюу толгой төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсад хийгдэх гадаадын болон дотоодын дараа дараагийн хөрөнгө оруулалтын үүд хаалга нээгдэнэ. Энэ бүх таатай үзүүлэлтүүд үргэлжилж, өргөжих эсэх нь Оюу толгой төслийн ололт, амжилтаас хамаарна.
-Монгол улс 2051 он хүртэл ОТ төслөөс нэг ч төгрөгийн ногдол ашиг авахгүй, 22 тэрбум долларын өртэй үлдэх талаар 34 хувь эзэмшигчид мэдээлдэг. Энэ үнэн үү?
-Засгийн газар нь Оюу толгой төсөлд бодитоор нэг төгрөг зарцуулаагүй байгаа бөгөөд Оюу толгойд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан олон улсын бусад хөрөнгө оруулагчдаас ирээдүйн өгөөжөөсөө төлөх байдлаар зээлж ирсэн. Энэхүү зээлийн хэмжээ нь олон улсын зах зээл дээрх зэсийн үнэ зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан хувьсан өөрчлөгдөж байдаг. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх нь хамтрагч талуудын нэн тэргүүний зорилт болоод байгаа. Гүний уурхайн олборлолт эхэлснээр Оюу толгойн жинхэнэ үүц нээгдэх, хамтрагч талуудын хүртэх үр өгөөж нэмэгдэх юм.
-Та бүхэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үү?
-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд бид “Оюу толгой” компанийн ТУЗ-өөр дамжуулан тайлбараа өгөх болно. Тус тайланд бидний санал нийлэх ч зүйлс байна, нийлэхгүй ч зүйлс бас байгаа. Хамгийн чухал нь бид тоононыхоо доор тогоогоо тойрч суугаад тулгамдаж буй асуудлаа яриа хэлэлцээний замаар хамтран шийдвэрлэж, төслийн хугацаа дахин хойшлохоос сэргийлэх учиртай.
-Геотехникийн хүндрэл гэж яг ямар хүндрэл гараад байгаа юм бэ?
-Гүний уурхайн чулуулгийн шинж чанар нь бат бөх биш буюу сул хэврэг байгаагаас үүдэн уурхайн үйл ажиллаагаа болон дэд бүтцэд нөлөөлөхөөр байгаа юм. Жишээлбэл үүнээс шалтгаалан уурхайн хонгилын тогтвортой байдал, уурхайчдын аюулгүй байдлыг хангахын тулд бид илүү их хэмжээний бетон болон ган бэхэлгээ хийх шаардлагатай тулгарсан.
-Монгол улсын зарим иргэд ОТ тэр дундаа Дубайн гэрээтэй холбогдуулж, ял сонссон. Одоо хүртэл зарим нь ялаа эдэлж буй. Рио Тинтогийн зэсийн группийн захирал Б.Болд нарын хүмүүс тухайн үеийн Монголын удирдлагуудад авлига, хээл хахууль өгч байсан уу?
-Үгүй. Энэ бол огт ор үндэслэлгүй, худал гүтгэлэг.
-Рио Тинто компанид гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар зөвлөхөөр ажиллаж байсан Ричард Боул АНУ, Их Британийн үнэт цаасны зохицуулах байгууллагуудад Рио Тинтогийн эсрэг “шүгэл үлээж”, хөрөнгө оруулагчдад Оюутолгой төслийн гүний уурхайд үүсээд байсан асуудлаар цаг тухайд нь мэдээлэл өгөөгүй талаар гомдол гаргаад байгаа мэдээлэл бий. Энэ хүмүүс бодитой шүүмж гомдол мэдээлж байгаа юу? Та бүхний байр суурь.
-Үгүй, тэдгээр хүмүүсийн гаргасан нэхэмжлэх нь ор үндэслэлгүй мэдээлэл. Бид хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компанийнхаа хувиар хүлээсэн үүргийнхээ дагуу мэдээллээ цаг тухайд нь олон нийтэд, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нартаа мэдээлж ирсэн.