Эх хэлний чадвар хувь хүний хөгжлийг харуулдаг. Харин өнөөгийн бидэнд үндэс угсаагаа дээдлэх, эх хэлээ эрхэмлэх, яруу тод Монгол бичгээ бүх нийтэд түгээх нэн шаардлага тулгарч буй. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Б.Ренчин гуай нэгэн бичвэртээ, Монгол хэлэнд наад зах нь нэг сая гаруй үг бардам гэсэн байдаг. Гэтэл өнөөдөр бид 2000-3000 үгээр харилцаж байна. Энэ нь бидний эх хэлээ үгүйрүүлж буйн нэг жишээ юм. Хүн бүр гадаад хэлийг чухалчлах болсон энэ үед эх хэлээ нандигнан эрхэмлэж Монгол хэлний ЭЕШ-нд 800 оноо авсан Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийн сурагч Х.Айдостой хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Хуандых овогтой Айдос гэдэг. Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийн 12 Б ангид суралцаж төгслөө. Гэр бүлийн хувьд аав маань малчин хүн бий. Эцгээс зургуулаа.
-Монгол хэлний ЭЕШ-ндаа 800 оноо авчээ. Хэрхэн бэлдэж өндөр оноо авч чадав аа?
Нэг жилийн турш онлайн хичээлээр дамжуулан ганцаарчилж бэлдсэн. Хүний тархи өглөө сэргэг байдаг учраас хүнд даалгавруудаа ойлгох хүртлээ дахин дахин хийж байсан. Маш сайн төлөвлөж бэлдсэн гэсэн үг. Ховд аймгаас 320 хүүхэд шалгалт өгсөн. Миний хувьд маш их бэлдсэн учраас 800 оноо авна гэдэгтээ итгэлтэй байсан. Мөн эргэн тойрны хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд их хичээсэн маань үр дүнгээ үзүүлсэн гэж бодож байна. Тоо чухал биш чанар чухал учраас өдөрт 2-4 цагийг яс суугаад хичээлдээ зориулдаг байсан. Бас хичээлийнхээ хажуугаар гэрээ цэвэрлэх, хоол цайгаа хийх, ус түлээ бэлдэх гээд л бүх ажлаа орхигдуулахгүй хийсэн.
Монгол хэлний хичээл их барьцгүй. Миний хувьд бүх дүрмүүдийг судалж мэдсэн. Монгол хэлний хичээлийн нэг гол онцлог нь гурван хичээлийн агуулга ирдэг. Монгол бичиг, Уран зохиолын хичээлээ заавал маш сайн судлах шаардлагатай.
Таныг Казах үндэстэн гэх юм билээ?
Миний хувьд Монголд төрснөөрөө их бахархдаг. Адилхан л Монгол Улсын иргэн. Казах хэлээр төгс ярьж бичиж чаддаггүй. Уншиж л чадна. Казах үндэстэн гэхээрээ л халх хүүхдээс хэл ярианы хувьд доор байх ёстой биш шүү дээ. Зарим хүмүүс үндэсний ялгаа гаргадаг талтай. Монголчууд цөөхөн учраас эв найрамдлыг эрхэмлэх хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор Казах хүүхэд Монгол хэлээр өндөр оноо авчээ гэж ярьж байгаа нь жаахан таагүй санагдаж байгаа.
Монгол хэл, уран зохиолын багш болох хүсэлтэй талаараа ярьсан байсан шалтгаан нь юу вэ?
Чаддаг зүйлээ л хийхийг хүссэн минь энэ. Багаасаа шүлэг өгүүллэг унших сонирхолтой хүүхэд байсан. Би үндэсний бичгээр төдийлөн сайн бичдэггүй. 2025 оноос бид монгол бичгээр албан бичгээ хөтөлж хос бичигтэй болно. Тэр үед хүүхэд багачуудад Монгол бичиг зааж сургахыг маш их хүсдэг. Багш болохыг хүссэн нэг шалтгаан маань энэ байх. Сурах хүсэлтэй хүүхдүүдэд чадах бүхнээ дайчлан сургана гэж боддог.
Багш гэснээс таны багш ямар хүн байдаг вэ? ЭЕШ-нд нь амжилт гаргахад гойд нөлөө үзүүлсэн байх?
Манай багшийг М.Сарантуяа гэдэг. Монгол Улсын Зөвлөх багш. Манай багш маань ганц намайг гэлтгүй Ховд аймгийн бүх сурагчдад хоёр сар гаруй хугацаанд зөвлөх багшийн хичээл орсон. Багш маань хүүхдэд хайртай, үргэлж сурагчдынхаа төлөө байдаг, заах арга зүй сайтай чадварлаг багш бий. Намайг зургадугаар ангиас хойш маш олон уралдаан тэмцээнд бэлтгэж оруулсан. Багш маань огт хүүхэд ялгаж харьцдаггүй. Хүүхдэд хатуурхаж болохгүй, хүүхдийг хүүхэдтэй харьцуулж болохгүй гэдэг. Байнга хүүхдийг урамшуулж сургадаг. Сайн багш болъё гэвэл эхлээд хүүхдүүдэд хайртай багш нь байх хэрэгтэй гэж зөвлөдөг.
-Ингэхэд ямар сургуульд элссэн бэ?
Би МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангид элсэхээр болсон. Ирээдүйд Их, дээд сургуулийн эрдэмтэн багш болно. Эхний даваагаа амжилттай давсандаа их баяртай байгаа.
-Хүүхэд залуучууд гадаад хэлийг их чухалчлах болжээ. Үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ? Эх хэлний үнэт зүйлийн талаар юу хэлэх вэ?
-Юуны түрүүнд эх хэл бол бидний дархлаа гэдгийг мартаж болохгүй. Монгол хүнийг Монголоор нь үлдээх мартаж боломгүй өв соёл. Хэсэг хүмүүс Монгол хэл гэхээсээ гадаад хэлийг хавьгүй илүүд үзэж хуулбарлан дуурайдаг болж. Энэ нь соёлын хожимдолтонд хүргэдэг гэж боддог. Мөн хүмүүс оюуны биш эд зүйлсэд ач холбогдол өгч байгаа нь соёлын хоцрогдолд оруулж, үндэсний дархлаа суларч байгаа юм шиг. Бид үнэт зүйлсээ мэддэг, хамгаалдаг байх хэрэгтэй.