Дэлхий дахинд дижитал хөгжмийн борлуулалт буурч эсрэгээрээ пянзны борлуулалт өссөөр байгаа. Хамгийн чанартай хөгжмийн дуугаралтыг пянзны гадаргуун дээр буулгаж, насан туршдаа сонсож, хэдэн үе дамжуулан хадгалж болдог, соёлын биет өв, оюуны өмч гээд олон давуу талыг өөртөө агуулсан гайхамшигт пянзны эрин үе Монголд ч давалгаалсаар.
Бид “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт зураач, урлаг судлаач, “World music gallery” хөгжмийн түүхийн музейн захирал Б.Эрдэнэбаярыг урьж ярилцлаа.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Батбилэгийн Эрдэнэбаяр гэдэг. Урлаг судлаач мэргэжилтэй, одоогоор “World music gallery” буюу хөгжмийн түүхийн музей ажиллуулдаг. Багаасаа би урлагтай холбоотой байсан. Учир нь манай аав Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Батбилэг гэж зураач хүн бий. Энэ хүний ууган хүү болж мэндэлсэн. Аав минь зураач учраас харж үзсэн мэдэрсэн зүйлс бүгдээрээ урлагтай холбоотой. Өнөөдрийг хүртэл урлагийн хүн болж урлаг судлаач болж өссөн минь үүнтэй холбоотой. Манай аав туурган хивсний ангийг төгссөн. Ээж минь тогооч хүн байдаг. Аав, ээж хоёрынхоо бас нэг зүйлд баярладаг. Яагаад гэхээр намайг хүүхэд байхад спортын секц, дугуйланд хэзээ ч хориглож байгаагүй. Би чинь их саваагүй байлаа. Морин хуур, төгөлдөр хуурын дугуйлан, усан бассейн, таеквондо л гээд явчихдаг байв.
-Хөдөлгөөнтэй хүүхэд байсан байх нь ээ?
-Миний нэг мартдаггүй зүйл байдаг. Нэг орой гаднаас коридорт бөөн шуугиан чимээ болоод. Тэр хоёр найзуудтайгаа чирчихсэн маш том төгөлдөр хуур оруулж ирж байлаа. Би хэдэн настай байснаа санахгүй байна. Их л жаахан байсан цочоод, гайхаад. Намайг төгөлдөр хуурын дугуйланд явлаа гэхээр миний санахаар 3000 төгрөгөөр төгөлдөр хуур авсан байдаг юм. Түүнээс хойш би уйгагүй төгөлдөр хууран дээр маш их дасгал хийдэг байсан. Их сонирхолтой байдаг байсан. Тэр дурсамж надад их гоё санагддаг.
Энэ бүхэн минь миний суурь хүмүүжил болоод багаасаа ингэхээр томроод мэргэжил сонгохдоо хүн тэрийг л хардаг юм байна.
-Тэгээд л аав шигээ зураач болохоор шийджээ?
-Гэхдээ аавын өөрийнх нь сонирхол сонин байдаг юм. Намайг хүүхэд байхад манай аав намайг лам болгоно гээд, би өөрөө түүнийг хүлээн зөвшөөрчихсөн. Нэг удаа зүүд зүүдэлсэн гэсэн байх аа, ямар ч байсан намайг лам болгохоо больсон. Тэгвэл ерөөсөө зураач болно гээд зургийн сургуульд анх орж байлаа. Дүрслэх урлагийн дээд сургууль гэж байсан. Тэнд монументаль уран зургийн ангид Ц.Нарангэрэл гэж манай багш байгаа.
-“World music gallery”-г хэрхэн байгуулсан бэ?
-Энэ бол хөгжмийн түүхийн, дэлхийн хөгжмийн түүхийн музей гэж явна. Үүний үүсэх болсон шалтгаан нь бас л манай ааваас эхлэлтэй. Анх хобби нь байсан. Пянзны хобби бол хямдхан хобби биш, пянз маш үнэтэй зүйл.
-Пянзны цуглуулгыг анх аав тань эхлүүлсэн байдаг. Хэрхэн цуглуулгаа баяжуулсан бол?
-Манай аав, ээж хоёр Англид олон жил амьдарсан. Тэнд байх хугацаандаа цуглуулгаа арвижуулан нэмсэн. Аавын сонирхол нэгдүгээрт, дуртай хамтлагууд нь байгаа. Хоёрдугаарт, дэлхийд танигдсан хамтлагуудын пянзны дандаа эх хувиудыг хайж байсан. Хадгалж үлдэнэ гэдэг нь өөрөө түүхийн хувьд ирээдүй хойч үедээ авч үлдээж байгаа хүний хийх ёстой зүйл байгаа. Үүнийг манай аав эхлүүлсэн.
-Аав тань “Та бэлэн үү” буюу “Are you ready” үзэсгэлэнг 2012 онд анх дэлгэхэд пянзыг ингэж цуглуулдаг аа хэмээн дуу алдан үзэж байлаа.
-2012 онд талбайн хажуу талын Соёлын төв өргөөний галерейд үзэсгэлэн гаргаж байсан. Би тухайн үед зургийн сургуулиа төгсчихсөн, мэргэжлийн хүн болчихсон, харах өнцөг арай өөр болсон байсан. Уран зураг, пянз, хүний хувийн цуглуулгаас бүрдсэн бүтэн цогц 500-600 метр кв талбайд бид үзэсгэлэнгээ гаргаж байлаа.
Тэрийг анх хараад “Бурхан минь юу вэ” гээд аавынхаа хийж байсан үйлдлийг ойлгож байгаа юм. Нэгдүгээрт, би ижилхэн мэргэжилтэй. Энэ цуглуулгыг би үргэлжлүүлээд аваад явах боломж байгаа. Энэ бол миний хувьд үнэтэй капитал болж хувирч байгаа юм. Үүнийг хараад бид ярилцсан. Ер нь галерей энэ үзэсгэлэнг байнгын байлгамаар байна гээд тэр үед анх санаагаа яриад тэр үеэс би ирээдүйд энэ бүхэн минийх болно. Яагаад гэвэл надад таалагдлаа, би хийхийг хүсэж байна гэж хэлээд үзмэрүүд, аавынхаа цуглуулсан цуглуулгыг өөр дээрээ авсан. Тэгж яваад 2019 оны есдүгээр сарын 1-нд галерейгаа нээсэн. Манай аав, аавын найз Түвдэндорж ах, манай найз Н.Мишээл, Б.Мөнх-Эрдэнэ гээд бид тав галерейгаа ямар нэгэн байдлаар нээе гээд. Анх төлөвлөж байснаасаа мини байдлаар нээсэн. Яваандаа энэ хэзээ ч улам л өргөжин үү гэхээс хумигддаг зүйл биш.
"Queen” хамтлагийн “A Night at the Opera” гээд алтан пянз 250 хувь л хэвлэгдсэн байгаа. Түүний 101 дэх нь манай Монголд байж байна гэдэг нь гайхалтай.
Би пянзыг энгийн хэрэглээ болоосой гэж хүсдэг. Пянз одоогийн залуучуудад шинэ зүйл болоод байгаа. Нөгөө сайтар мартагдсан зүйл шинэ зүйл болдог гэдэг шиг. Уг нь байсан юм. Гэхдээ маш гоё баялаг түүхтэй л дээ.
2012 онд бид анх үзэсгэлэн гаргахад тодорхой хэмжээний хүмүүст маш их цочроо өгсөн. Пянзаа гэртээ цуглуулж байсан хүмүүс гайхсан. Пянзаа цуглуулж байгаад хаясан хүмүүс шоконд орсон. Энэ дунд зайлшгүй дурдах ёстой гавьяатай хүмүүс байна. Шог зураач С.Цогтбаяр ах байна. Бүх нийтийг пянзжуулах аян гээд. Гайхалтай мундаг хүмүүсийн хүч нөлөөгөөр пянз гэдэг хөгжмийг хүмүүс эргэн санаж эхэлж байна. Үүнтэй уялдаад хамтлаг дуучид пянзаа гаргаж байна.
-Урлаг судлаачаар урд сурсан гэж сонссон?
-2013 онд мэргэжлээ дээшлүүлье гээд магистрын цол горилж Хятадын Өвөр Монгол руу явж байлаа. Бидэнд Өвөр Монголд Монгол соёлын төв хэрэгтэй байсан. Монгол соёлын төв байгуулна гээд. Нэгдүгээрт өөрөө урлагаар сурч байгаа хүн байгаа орчноо мэдэрч байна. Хоёрдугаарт миний хувь хүний амбиц байна шүү дээ. Тэнд сурч байх үедээ би юм хийж бүтээмээр байна гэдэг юм уу. Тэнд байдаг нэг найзтайгаа хамтраад монголоос найз нараа дуудаад байгууллаа. Маш амжилттай байсан. Хоёр жилийн хугацаанд тэрийг ажиллуулсан. Гол зорилго нь хүүхдүүдэд суурь хүмүүжлээ авч байгаа насан дээр нь монгол сэтгэлгээ халх аялгыг зааж өгснөөр магадгүй 10 жилийн дараа энэ сэтгэлээ устахгүй.
-Цуглуулагаа баяжуулж байсан сонин түүхээсээ хуваалцвал?
-Өнгөрсөн жил бороо ороод шавартай, айлын хашаанаас гарч явж байгаад нэг хайрцагт бүдрэхгүй юу. “Өө, тан нар чинь хогоо хойшлуулдаггүй юм уу, яг замд” гэж хэлээд хартал хог биш чемодан байна. Гайхаад түүнийг сөхөөд үзтэл пянз тоглуулагч байгаа юм. “Хүүш, энэ пянз тоглуулагч байна шүү дээ. Та нар үүнийг яагаад хаясан юм бэ” гэхэд “Мэдэхгүй ээ, наадах чинь олон жил хашааны хажуу талд хэвтэж байгаа юм” гээд. Нөгөө шавартай чигт нь тэврээд машин руугаа ороод бөөн баяр байгаа юм чинь, яасан гоё юм бэ гээд. Гэх мэтчилэн сонин тохиолдлууд их тохиолдоно.
-Галерейдаа зохион байгуулсан хамгийн ойрын ажил гэвэл аавын тань ганц зургийн нээлт байсан шүү дээ. Энэ бүтээлийн талаар сонирхуулахгүй юу?
Зургаараа төдийлөн ажиллаж амжаагүй. Одоо миний хийдэг ажил галерейн ажил. Дүрслэх урлагийн нэвтрүүлэг хаяа хөтөлж байна. Хүнд цаг зав гарахаа больчихдог юм байна. Тийм болохоор өөрийн хувь уран бүтээл хойш хаягдаад байгаа тал бий. Ихэнхдээ урлаг соёлын ажлаа урдаа тавиад хүмүүст юм хүргэе гээд зориод явж байна. Галерей дээр зохион байгуулагдсан сүүлийн ажил бол аавын уран бүтээлийн нээлт боллоо. Нэг зургийн бүтээлийн нээлт гэж монголд ховор болдог. “Хүннү рок” нэртэй бүтээлээ сая нэг жил гаруйн хугацаанд зураад дуусгаад өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийхэд “The Hu” энд байж тарлаа. Одоо тэд аялан тоглолтдоо явсан.
-Ойрын зорилго тань?
Цар тахал бидэнд бодох хугацаа олголоо. Одоо бидний бодож зорьж байгаа зүйл бол үүнийгээ өшөө дэлгэрүүлье, том болгоё. Яагаад гэвэл бидэнд нөөц, бололцоо маш их байгаа. Үүнийгээ дахиад бүрэн утгаар нь дайчлая гээд яг одоо бид төсөл дээрээ ажиллаж байна.