Коронавирусийн халдвар авч Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гурван сартай жирэмсэн эмэгтэй Н ургаа хянуулж, эсэн мэнд байгаа эсэхийг нь мэдэж чадахгүй байгаа талаар манай редакцид хандлаа. Учир нь тухайн эмнэлэгт ЭХО-ны ганцхан аппарат байдаг. Тэр аппаратаар ковидын халдвартай хүнийг үзэхгүй. Учир нь бусад өвчтөнүүдэд халдвар тарах эрсдэлтэй гэж эмч нар тайлбарлажээ.
Энэ талаар иргэн Н, “Би коронавирусээр өвчилж аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтээд долоо хонож байна. Улаанбаатар хотод байгаа коронавирус туссан, надтай адилхан жирэмсэн эмэгтэйчүүд эход харуулж, ургийнхаа усыг хэмжүүлэн эсэн мэнд бойжиж байгаа эсэхийг мэдэж байгаа шүү дээ. Гэтэл Говь-Алтай аймагт тийм боломж байхгүй байна. Коронавирусийн цар тахал шинэ гарсан өвчин байхаа больчихлоо. Хоёр жил болж байхад одоог хүртэл нэг эхоны аппарат бэлдчихээгүй байгаа нь гайхмаар байна. Бүхэл бүтэн аймгийн төв байж ийм дорой байж болохгүй. Энэ зуны турш наадам, тахилга хийлээ. Цар тахлын үед чухал зүйлээ ялгаж салгалгүй баяр наадамд мөнгө үрж байхын оронд эрүүл мэндийн салбараа анхаарах хэрэгтэй. Мөн эмнэлэгт эмчлүүлэхэд танил тал маш чухал байдаг юм байна. Танилгүй л бол өвдөж ч болохгүй болчихсон байна шүү дээ. Танил талтай хүмүүст эмчилгээг нь үнэхээр л сайн хийх юм. Иймэрхүү хандлага хаа сайгүй байгаад бухимдалтай байна” гэсэн юм.
Үүнтэй холбоотой бид дүрс оношилгооны эмч Л.Нандинзулаас ургийн усны хэмжээ зэргийг хянуулахгүй байснаар ямар сөрөг үр дагавар гарч болох талаар тодрууллаа. Тэрбээр, “Жирэмсний эхний гурван сард ургийн өсөлт, усны хэмжээг хянахгүй байснаар эрт үеийн гажгийг илрүүлэх боломжгүй болно. Ялангуяа ковидоор жирэмсэн эмэгтэйчүүд илүү хүнд өвчилж байгаа учраас урагт тавих хяналт сайн байх хэрэгтэй. Гурван сараас хойш хугацаанд хяналтад орвол ургийн гажигтай хүүхэд төрөх, эсвэл ураг амьгүй ч болж болно” гэлээ.
Харин хүний амьдрал, хүүхдийн ирээдүйд эрсдэл учирч болох энэ асуудлаар Говь-Алтай аймгийн Засаг Дарга О.Амгаланбаатартай холбогдон шийдвэрлэх ямар арга зам байгаа талаар тодруулах гэсэн боловч тухайн аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд холбож өгөх боломжгүй гэсэн юм. Говь-Алтай аймгийн Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга н.Баяраа, “Засаг даргын утсыг хэн дуртайд нь өгдөггүй. Гомдол гаргасан эмэгтэйнхээ мэдээллийг өгчих. ЭХО-д харуулах арга хэмжээг авъя” гэсэн тайлбар хэллээ. Үүнээс харахад гомдол гаргаж хэл ам хийсний эцэст, иргэн эмнэлгээс авах ёстой үйлчилгээгээ авч чадахаар байна. Харин хэл ам хийж сүр бадруулаагүй өвчтөнүүдийг аймаг, эмнэлгээс нь тоохгүй орхиж болох дүр зураг харагдаж буй нь энэ юм.
Холбоо тогтоох боломжгүй эрх дархтай Говь-Алтай аймгийн засаг даргаа! аймгийн нэгдсэн эмнэлэг чинь ковидтой жирэмсэн эмэгтэйчүүдээ анхаарах чадал алга. Баяр наадмыг урьтал болголгүй эрүүл мэндийн салбараа анхааралдаа авахыг хүсье.