Covid-19 халдварын дельта хувилбар орон нутагт тархсан талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээлсэн. Тэгвэл халдварын тархалт цаашид хэрхэн өөрчлөгдөх талаар ХӨСҮТ-ийн судлаач, Анагаах ухааны доктор Г.Цогзолмаатай ярилцлаа.
-Манай улс дельта хувилбарыг хэрхэн илрүүлж байна вэ?
-Вирусийн хувилбарын тандалтыг эхлээд ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид PCR-т суурилсан шинжилгээний аргаар илрүүлж байна. Вирусийн бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээг Японы халдварт өвчин судлалын төвтэй хамтраад сорьцоо явуулаад баталгаажуулах шинжилгээг хийж байгаа. Гэхдээ гарч байгаа эерэг тохиолдол бүрд хийдэггүй. Тандалтын журмаар хийдэг. Ингэж PCR-т суурилсан шинжилгээгээр хийж үзэхэд дельта вирус нийслэлийн хэмжээнд 10 орчим хувьтай илэрсэн.
– Сүүлийн өдрүүдэд өдөр бүр дельта хувилбарын 10 тохиолдол илэрч байна гэсэн. Энэ үнэн үү?
Өдөр бүр дельта хувилбарын 10 тохиолдол илэрч байгаа нь бидний тандалт хийж буй, сонгож авсан түүвэр дотор илэрч байгаа тоог хэлж байгаа юм.
– Дельта хувилбар орон нутагт тархсан гэж мэдээлсэн. Хаана, хэдэн тохиолдол илэрсэн байгаа вэ?
-Манай улсад тархаад эхэлсэн. Тиймээс хөдөө орон нутаг руу тархах нь цаг хугацааны асуудал. Одоогоор хөдөө орон нутаг руу тархсан магадлалтай байгаа. Яг тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Манай улсад коронавирусийн тархалт цаашид хэрхэн үргэлжилнэ гэж та харж байна вэ. Халдвар буурах уу?
Коронавирус цаашдаа яаж хувирахыг дэлхийн эрдэмтэд ч тааж чадахгүй судлаад явж байна. Бидний мэдэж байгаагаар альфа, дельта хувилбар гарлаа. Дараагийн хувилбар яригдаж байна. Магадгүй энэ вирус цаашдаа дахиад өөр болоод хувирахыг үгүйсгэхгүй. Тийм болохоор урьдчилан таамаглал дэвшүүлэхэд хүндрэлтэй асуудлын нэг.
–Дельта хувилбар вирусийн бусад хувилбартай харьцуулахад хүүхдэд халдварлах магадлал өндөртэй юу?
– Хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа. Тиймээс вакцинжуулалтад хамрагдаагүй бүлгүүд дельта вируст илүү өртөмтгий байх юм.
–Альфа болон дельта хувилбараас гадна Монгол хувилбар бий болсон талаар мэдээлсэн. Энэ хувилбар хэзээ бий болсон бэ?
-Монгол хувилбар гэдэг нь анх Хятадын Ухань хотод ковид-19 цар тахал эхэлж байх үед SARS-CoV-2 вирус тархаж байсан. Энэ вирус нь өөрчлөгдөөд манай улсад тархсан байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны дөрвөн сар хүртэлх хугацаанд бидний хэлж байгаагаар Монгол хувилбар буюу B.1.1.46 гэсэн хувилбар манайд зонхилон тархаж байсан юм байна гэсэн судалгаа байгаа. Харин одоо альфа болон дельта хувилбарууд давамгайлаад Монгол хувилбарын илэрц багасаж байна.