Энэ сарын 7-ны өдөр 11 настай эрэгтэй Б, 13 настай эмэгтэй Э-г олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн, түүний дүү болох 7 настай Э-г мөн олон удаа хутгалж хүнд гэмтээсэн хэрэг олны анхаарлыг татаад буй. Гэсэн ч хэрэгтнээр татагдаад буй 11 настай Б гэгч нь гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоогүй.
Бид өсвөр насны хүүхэд хүнд ноцтой гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг сурвалжлахаар хэд хэдэн эх сурвалжтай уулзаж мэдээллийг авлаа. Юун түрүүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа хүүхдийн тухайд мэдүүлэгтээ, “Хохирогч хүүхдүүд намайг шоглодог байсан” гэсэн байна. Гадуурхаж үл тоох нь нийгэмд үзэн ядалтыг бий болгодгийн нэг жишээ энэ юм.
Гэмт хэрэгт холбогдсон Б-гийн сэтгэл зүйн талаар сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭХ ХҮҮД ААВ ЭЭЖ БАЙГААГҮЙ ГЭЖ ХЭЛНЭ
Өсвөр нас 10 наснаас эхэлдэг болсон. Гэтэл ээж аав нар үүнийг мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл 16, 17 настайгаас эхэлдэг гэж ойлгоод байгаа юм. Нөгөөтэйгүүр бид хүүхдээ үргэлж өөрийн захиргаанд байлгах дуртай байдаг. Гэтэл хүүхэд маань, “би том болчихлоо. Би шийдвэр гаргах эрхтэй” гэж бодож эхэлдэг. Ийм хүүхдийг “Чи яагаад миний үгэнд орохгүй байна аа” гээд тулгаад байхаар хүүхэд уурлаж эхэлдэг. Тиймээс хүүхэдтэйгээ найз шиг харилцаж, аөрийн үзэл бодлыг тулгахаас илүү сонсдог байх нь чухал.
Гэмт хэрэгт холбогдсон 11 настай хүүг би аав ээжгүй гэж хэлнэ. Байгаа л байх л даа. Гэсэн ч хүүхдийнхээ хажууд байснаараа аав ээж нь болчихдог гэсэн үг биш. Үнэхээр хүүхэддээ хайр халамжаа үзүүлж байсан эсэх, сайхан хоол хийж өгч байсан уу гээд маш олон зүйлийг задалж ярих хэрэг гардаг. Тэгэхээр энэ бүгдийг хүүхэд тэнцвэртэй авч байж хүмүүжилтэй хүүхэд бий болдог.
Нийгэм тухайн хүүхдийг болон түүний эцэг эхийг маш их шүүмжилж буруутгах байх л даа. Гэхдээ энэ хэргээр дамжуулан хүмүүс өөрсдөө ямар аав ээж юм бэ гэдгээ эргэцүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хүүхдээр дамжуулаад бид нар өсвөр насны хүүхдээ ойлгодог эсэхээ асуух хэрэгтэй, өөрөөсөө.
11 настай хүүгийн хувьд цаашдаа, амьдралынхаа мөч бүхэнд санаж дурсах хар толботой болж байгаа юм. Өөрөө мартахыг хичээсэн ч өрөөл бусад хүмүүс сануулна шүү дээ. Тиймээс нийгэм үүнийг маш зөв хүлээж авах ёстой. Хүүхдийг эерэг, зөв замд нь оруулахад тусалж дэмжихгүй бол улам эвдэрнэ гэсэн үг.
Мөн хэргийн талаар Цагдаагийн хошууч Г.Золжаргал
ХҮҮ СЭРГЭСЭН Ч БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙГАА
Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, БЗД-ийн цагдаагийн газрын нийт 50 алба хаагч шуурхай ажлын хэсэг байгуулж 3 цагийн дотор тухайн хоёр хүүхдийг хэн болохыг тогтоосон. Мөн энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй Б гэгчийг илрүүлэн шалгаж байна. Анх дуудлагыг тухайн гражны жижүүр, манаач мэдээлсэн юм билээ.
7 настай хүүхдийн биеийн байдал одоогоор ямар байгаа вэ?
Өчигдөр өглөө ухаан орсон байж байгаад өнөөдөр дахиж эмчилгээ сайн хийсний хүчинд ухаан орсон байна. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Яагаад гэвэл энэ хэргийг шалгаж байна. Мөрдөн байцаах шатандаа явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүн гараагүй байгаа.
ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж
“ҮЛ ХАЙХРАХ” ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛДЭГ
Тухайн хүүхдүүдийн ар гэрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Энэ нь хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-р хэсэгт зааснаар, “Хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал мөн нэр төртэй нь холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байх” үүрэг нь бидэнд байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үр нөлөөгөөр хүүхдийн сэтгэлзүйн онцлогт өөрчлөлт орж байгааг үгүйсгэхгүй. Залуучуудын дунд архи согтууруулах ундаа хэрэглэх, хүүхдэдээ анхаарал халамж хандуулахгүй байх нь мэргэжлийн хэллэгээр бол “үл хайхрах” хүчихрхийлэлд өртөж байна гэсэн үг. Эцэг эхчүүд гэр бүлийн гишүүд, үр хүүхдэдээ анхаарлаа маш сайн хандуулах, сонор сэрэмжтэй байх хэрэгцээ шаардлага байна.