Арав гаруй жил байгалийн 300 гаруй мянган зураг дарсан Б.Эрдэнэбулган хүний хөл хүрээгүй байгалийн өвөрмөц тогтоцтой газруудаар аялж зураг дарах хоббитой. Гэрэл зурагчин Б.Эрдэнэбулган хүмүүс зургуудыг нь хараад нутгийнхаа хэр үзэсгэлэнтэйг мэдэрч, очиж үзээгүй газруудаа мэдэж аван эх орноороо бахархаж, хайрлах хүсэл төрөөсэй гэж хүсдэг хэмээн ярьсан юм.
-Манай уншигчдад өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?
-Намайг Эрдэнэбулган гэдэг. График дизайнер, Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Энэхүү мэргэжлүүдээ хослуулан байгалийн гэрэл зурагчин болж сүүлийн арваад жил ажиллаж байна.
-Яагаад заавал байгалийн зургийг голчилж авах болсон бэ?
-Аялах хоббитой учир аяллаа заавал нэг зүйлтэй хослуулах хэрэгцээтэй болсон. Тэр нь ан, загасчлах гэх зэрэг биш гэрэл зураг байсан. Анхны зургууд маань хүмүүсээс их магтаал авч байсан тул урам орж сайжирсаар одоо ажил минь болжээ. Багадаа зураг их зурдаг байсан, зурахдаа Отгонтэнгэр уул гээд байгалийн зураг их зурдаг байсан нь нөлөөлсөн байх гэж боддог.
-Аялагчид Монгол Улсыг диваажин гэж нэрлэдэг гэсэн. Таны хувьд зурагчны нүдээр Монгол улсаа тодорхойлж хэлбэл?
-Монголыг хамгийн үзэсгэлэнтэй байгальтай улс гэвэл үгүй. Харин Монголыг аяллын диваажин болгох гол хүчин зүйлс нь маш олон төрлийн байгалийн тогтоц буюу мөнх цаст уулс, өргөн уудам тал газар, далай мэт нуурууд, элсэн манхан гэх мэт бүх л тогтцыг үзэх боломжтой. Эдгээр газруудаар ямар нэг хориггүй чөлөөтэй аялж болдог учраас тэгж нэрлэдэг байх.
-Хэчнээн газраар аялж, ямар газруудын байгалийн үзэсгэлэн таны дуранд буусан бэ?
-Одоохондоо Монголоороо аялж аль болох шинэлэг, хүний хөл хүрэхэд хэцүү газруудыг гэрэл зургаар дамжуулан олонд таниулах гол зорилготой байна. Монгол орныхоо бүх аймгаар нийт 6-7 удаа тойрсон ч үзээгүй газрууд олон байна даа.
-Зураг авч эхэлснээр таны амьдрал өмнөхөөсөө хэр их өөрчлөгдсөн бэ?
-Нэгэн хэвийн амьдрал минь утга учиртай болж аяллын хэзээ ч дуусашгүй хүсэл тэмүүлэл, зорилготой болсон. Ер нь нэг л амьдрах юм чинь дурсамжаар дүүрэн амьдрахыг хүссэн.
-Та өөрийн мэдрэмж, хүмүүст хүргэх гэсэн санаагаа илэрхийлж зураг дарж сурахын тулд хэр их хугацаа зарцуулсан бэ?
-Эхний 3-5 жил бол камерын тохиргоогоо ойлгох, байгалийн гэрлийн олон янзын байдалд зураг авч туршлага хуримтлуулах зэрэг маш их суралцах хэрэгтэй жилүүд болсон. Түүний дараа гадаадын мастеруудын хичээлүүдийг үзэж суралцсан. Мөн өөрийн болон бусдын зурагт ирсэн шүүмжүүдийг маш их сонсдог байлаа. Ер нь бол гэрэл зурагчин хүний хувьд байнга суралцах хэрэгтэй. Сая хөл хорионы үеэр ч маш олон хичээлүүдийг үзэж дуусгалаа.
-Байгалийн зураг дарж явахдаа хамгийн хэцүү эсвэл адал явдалтай нөхцөл байдалд орж байж авсан зураг, сонирхолтой түүхээсээ хуваалцахгүй юу?
-Кавказад ганцаараа алхаж байгаад баавгайтай таарах, уул давж алхаж явж байгаад өөрөө ч мэдэхгүй Гүржийн хилийг давж ороод хэлийг нь мэдэхгүй буутай цэргүүдэд байцаагдсан гэх мэт зөндөө адал явдлууд бий. Мөнх цаст уулан дээрээс дрон нисгэж байгаад эсрэг талынх нь мөнх цаст оргил дээр дроноо унагаж байсан. Хайж олж аваад буцаад буух гэж бүтэн өдрийн ажил болсон доо. Ядаж байхад хөлийн яс жижиг цууралттай явж байсан үе.
-Зурагнуудаа хэрхэн авдаг вэ. Юу ашиглаж авдаг вэ. Энэ гоё агшнуудыг буулгахад хүлээх ч юм уу ойролцоогоор нэг зургийг дарахад хэр их хугацаа шаарддаг вэ?
-Би Mavic 2 Pro гэх Drone болон гараад удаж байгаа энгийн л Канон брэндийн мэргэжлийн камераар зураг авдаг. Байгалийн зураг авах хамгийн чухал зүйл нь зөв газраа зөв цагтаа байх юм. Үүний тулд ууланд авирна, цаг агаар тохиромжтой нөхцөлийг хүлээнэ, нарны тусгал тооцоолно гэх мэт хийх юм их. Өмнө нь цаг агаарыг нарийн мэдэх боломжгүй хэзээ цэлмэхийг ч мэдэхгүй хүлээх тохиолдол их байдаг байсан бол сүүлийн үед гар утасны aппликейшнаар дамжуулан хэзээ хаана бороотой, цэлмэг байхыг нарийн мэддэг болсон. Бараг л 80 хувьтай үнэн заадаг тул сүүлийн үед зураггүй буцах, цаг агаар хүлээх зэрэг асуудал маш бага гардаг болсон. Ер нь л байгалийн зурганд үүл бүхнийг шийддэг дээ.
-Ихэвчлэн ганцаараа явж зураг дардаг уу?
-Ганц машинтай явдаг ч ганцаараа явах нь ховор. Аль болох завтай байгаа найз нараасаа аваад явахыг боддог. Манай найзууд ихэнх нь уулчин, алхагч болохоор байгалийн ямар ч нөхцөлд аялаад сурчихсан хүмүүс байдаг.
-Та өнөөдрийг хүртэл нийт хэдэн зураг авсан бэ?
-Зарим тохиолдолд нутгийн хүмүүс нь мэдэхгүй газруудаар ч явдаг. Газрын зургийг сайн ашигладаг. Очих газруудаа жил жилээр нь жагсаалт гаргаад бичсэн байдаг. Сүүлийн үед хэрэггүй олон зураг авах биш яг бодсон зургууд болон гоё агшнуудыг л авдаг болсон. Ер нь 300.000-350.000-аад зураг авсан байна.
-Өндөрлөгөөс авсан байгалийн зургууд их байдаг юм билээ. Байгалийн зураг авахад бэрхшээлтэй зүйлс их тулгардаг уу?
-Өндөрлөгөөс зураг авахад бэрх шүү. Уулчидтай адилхан хичээллэх хэрэгтэй болно. Мөн ууланд явахдаа камер, 2-3 дуран, дрон, камерийн хөл зэрэг маш их ачааг илүү авч явах хэрэг гардаг.
-Юунаас сэдэл авдаг вэ. Хүн бүрд өөрийгөө сэдэлжүүлж зоригжуулдаг зүйл байдаг шүү дээ. Тухайн зүйлийг хийхэд л шинэ санаа төрдөг, амьдрах урам зоригтой болдог ч гэдэг юм уу?
-Дэлхийд гарсан алдартай зурагчдын бүтээлийг үзэж урам авдаг. Ганцаараа алхах, хөдөө хол замд жолоо барихад бас шинэ зураг, ажлын санаа төрдөг.
-Таны зургийг харахаар очиж үзэх юмсан, манай улс ямар үзэсгэлэнтэй юм бэ гэх бодол төрдөг. Хүмүүс аялж зугаалдаг ч хогоо тэр чигт нь хаяад явах, гал алдах зэргээр байгалиа сүйтгэх тохиолдол цөөнгүй бий. Байгалийн гоо үзэсгэлэн дахин сэргэх гэж их хугацаа зарцуулдаг шүү дээ. Энэ талаар таны бодол, хүмүүст хандаж хэлэхийг хүссэн үг байна уу?
-Монголд дотоодын аялагч нар дийлэнх нь аялж сураагүй байна. Давхиж давхиж нэг нуурын эрэгт бөөгнөрөөд архи, пиво уух нь аяллын нь гол зорилго болоод байна. Ийм аяллыг аялал биш зугаалга гэнэ. Жаахан судлахад л хүн бага бөөгнөрсөн, хүмүүс төдийлөн мэддэггүй гол, нуур, буудаллахад тохиромжтой газрууд олон байгаа. Хог хаядаггүй соёлтой, жинхэнэ утгаараа аялдаг болох цаг удахгүй ирэх биз ээ.
Та өөрийнхөө амьдралаас юунаас хамгийн их таашаал авдаг вэ?
Бүх зүйлийг өөрийн шийдвэрээр ямар нэг цаг нарт баригдахгүй хоббигоороо амьдарч байгаа нь л өөрөө аз жаргал юм.
-Зураг дарахыг хүсдэг, сонирхдог хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Ихэнх хүмүүс эхний хоёр, гурван жил зураг авсан болоод л амжилтгүй бол зургаа орхидог. Яг зурагчин болно гэвэл уйгагүй, шантрахгүй мөн өдөр бүрийг хоббиндоо зарцуулж шинэ зүйл сурч байх хэрэгтэй. Эхний жилүүдэд ямар нэг ангилалд баригдахгүй бүх төрлөөр авч чаддаг болох хэрэгтэй. Түүнээс цааш нэг чиглэлээ сонгоод тултал нь хөгжүүлээд явах нь зөв. Мэргэжлийн хүн чиний гэрэл зурагт шүүмж хэлбэл уурлаж биш баярлаж хүлээж авах хэрэгтэй. Харин зүгээр сонирхлоороо аваад явна гэвэл заавал үнэтэй камерт мөнгө үрэх хэрэггүй ба хямд камер эсвэл гар утсаараа л дарахад хангалттай.
-Гэрэл зургийг нэг үгээр илэрхийлбэл?
-Түүх
-Одоо хаагуур аялж байна. Коронавирусээс болж ихэнх зүйлс өөрчлөгдсөн. Таны хувьд, амьдралд тань юу өөрчлөгдсөн бэ?
-Монгол орноороо тойроод л явж байна. Миний аяллын хувьд нээх өөрчлөлт байгаагүй ч аялал жуулчлал талаасаа гаднаас ирдэг зурагчдын групп аяллууд маань хоёр дахь жилдээ цуцлагдлаа. Ер нь л дэлхий нийтээрээ хамгийн их хохирсон, нам зогссон салбар юм даа.
-Таны цаашдын зорилго тань юу вэ? Боломж гарвал хаана очиж зураг дарахыг хүсдэг вэ? Уулзахыг хүсдэг уран бүтээлч, зурагчин бий юу?
-Дэлхийгээр аялж үзэхийг хүссэн олон газар байгаа. Эхний ээлжид Исланд, Япон явж үзнэ. Орчин цагийн дижитал байгалийн зургийн мастер Marc Adamus гэх зурагчинтай уулзах хүсэлтэй. Тэрээр нэг боломжоороо Монголын үзэсгэлэнт газруудаар явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайхан мэдрэмж юу вэ? Таны зургийг хараад хүмүүс ямар мэдрэмж аваасай гэж хүсдэг вэ?
-Хүнд, хэцүү аяллын ард нь гарах, уулсын оргил дээр гарах мэдрэмж маш сайхан. Миний зургуудыг хараад нутгийнхаа хэр үзэсгэлэнтэйг мэдэрч очиж үзээгүй газруудаа мэдэж авч, эх орноороо бахархаж, хайрлах хүсэл төрөөсэй гэж хүсдэг.
Байгальдаа хог хаяхгүй, элдэв хадаг модон дээр уяж, овоон дээр хог, мөнгө тавихгүй мухар сүсэггүй, байгальдаа ээлтэй аялцгаая!