Дархлааны 80 хувь нь бидний идэж байгаа хоол хүнснээс хамаардаг. Тиймээс өдөр тутамдаа амин дэмтэй, шим тэжээлээр баялаг хүнс сонгож хэрэглэх хэрэгтэй байна. Тэгвэл хоол хүнсээ хэрхэн зөв сонгож, хэрэглэх талаар хоол зүйч З.Маргаритагийн зөвлөгөөг хүргэе.
Шимтэй амин дэм, эрдэс бодис ихтэй хоол хүнсээр өөрийгөө тэжээхийг эрүүл хооллолт гэдэг. Буруу хооллох юм бол бидний эргэн тойрон өвчин орооно, илүүдэл жин нэмэгдэнэ. Мөн ядаргаа, амин дэмийн дутагдалд орох юм. Эрүүл урт насалж, залуу харагдмаар байгаа бол эрүүл хооллох хэрэгтэй.
Ходоод бидний дархлааны 80 хувийг дэмждэг учраас эрдэс бодистой, амин дэм шим тэжээлтэй хоолоор тэтгэвэл бидний эмийн систем буюу дархлааны систем сайн байна.
Миний хамгийн эхэнд өгөх зөвлөгөө бол хөргөгчөөсөө эхэл. Хөргөгч чинь зөв хүнсээр бүрдчихсэн байвал та тэр зөв хүнснээсээ зөв хоолоо хийх юм. Зөв хоол хийснээрээ та өөрөө, таны гэр бүл, таны хүүхдүүд зөв хооллоно.
Хүн бүрийн гаргадаг алдаа нь хэтрүүлэн хэрэглэх байдаг. Шоколадны тал дээр өдөрт ганц, хоёр нүдийг л идэх ёстой. Гэтэл бид шоколад аваад бүтнээр нь идчихээд ихийг идчихлээ гэдэг. Бүхий л хүнсийг идэж болно. Гол нь түүнийг хэтрүүлэн хэрэглэхгүй байвал эрүүл, илүүдэл жингүй байх болно.
Мөн хүнсний сонголтоо арвижуулахыг зөвлөж байна. Долоо хоногт 30 төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй. Гэтэл бидний хүнсний сонголт бага цар хүрээтэй, 15 дотор байдаг. Хоол хүнсний таван ангилал бий. Мах, жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүн, үр тариа гээд таван бүлэг байдаг. Бүлэг тус бүрээс зургаан хүнсийг сонгоод аваарай. Махнаас гэхэд зургаан төрлийн махыг долоо хоногт идэх хэрэгтэй. Тэр болгоныг арвижуулаад байвал нэгдүгээрт амин дэм, эрдэс бодис, шим тэжээлтэй хоол иднэ. Хоёрдугаарт олон төрөл байхаар ямар нэг бүтээгдэхүүнээсээ хэтрүүлэн хэрэглэхгүй гэсэн үг.
Гурилан, цардуултай бүтээгдэхүүнийг махтай хамт битгий идэж байгаарай гэж хэлье. Жишээ нь махыг наранд удаан хугацаагаар байлгахаар ялзарна, үнэр орно, биед хортой микробууд нь үржээд эхэлнэ шүү дээ. Бие организмд орохоороо яг ижилхэн. Халуун газар мах задрах гэтэл түүнд нь глютен эсвэл цардуул нэмэхээр тэр процессыг удаашруулдаг. Тэр процесс удааширч байна гэдэг нь мах ходоодонд удаан байна.
Мөн олон төрлийн хатуу, аюултай дэглэм битгий бариач гэж хэлмээр байна. Кето янз бүрийн дэглэмүүд нь өвчтэй хүнд зориулсан байдаг. Кето дэглэм яг ижилхэн эпилепси буюу татаж унадаг өвчний дэглэм юм. Гэхдээ эпилепси байсан хүмүүс кето дэглэм баримтлаад жин хасаж байсан үр дүн гарсан. Түүнийг нь хүмүүс өлгөж аваад үүнийг баримтлах юм бол турах юм байна гээд боддог. Кето хүн болгонд тохирдоггүй юм. Тэнцвэртэй зөв хооллох хэрэгтэй.