Сүүлийн жилүүдэд хүсээгүй жирэмслэлт болон эмэгтэйчүүдийн өвчлөл их байгаатай холбогдуулан цахим хуудсаар залуучуудад бэлгийн боловсролын талаар мэдээлэл өгдөг “Эх боловсрол” ТББ-ын их эмч Г.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-ТББ-ынхаа талаар танилцуулахгүй юу? Үйл ажиллагаа явуулаад хэр удаж байгаа вэ?
Манай “Sexuality education” төрийн бус байгууллагын үйл ажиллагаагаа анх 2017 онд нээж байсан. Харин идэвхтэй ажиллаад хоёр жилийн нүүр үзэж байна.
-Анх ямар зорилгоор ТББ-аа нээсэн бэ? Үйл ажиллагааныхаа талаар тайлбарлаач?
Анх Абортыг таслан зогсооё гэсэн зорилготойгоор нээж байсан юм. Олон улсын жишиг, олон улсын нөхөн үржихүй, хүсээгүй жирэмслэлтийг судалж байхад, хүсээгүй хүүхэд нь нийгэмд сөрөг үр дүн авчирдаг гэсэн маш их баримт судалгааг судалсны үр дүнд Абортын эсрэг бус түүнээс өмнөх үе буюу "БЭЛГИЙН БОЛОВСРОЛ" олгох зорилготой ТББ болсон байдаг. Манайх бэлгийн боловсрлын анхан шатны мэдээллийг хүн бүрт тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй хүргэх зорилготойгоор ажилладаг. Гэхдээ улирал бүр чиг хандлага маань өөрчлөгддөг гэж хэлж болно. Ойрд охид эмэгтэйчүүд маань хүчирхийлэлд их өртөж байна. Тиймээс манай энэ улирлын мэдээлэл охид эмэгтэйчүүд рүү илүү чиглэх болно. Одоогоор зөвхөн цахим хуудсуудаар хүмүүст мэдээлэл өгдөг.
-Нийгэмд хэрэгтэй зөвлөмжүүдийг өгөх сэдлээ юунаас авч байв?
Анх охидын ярианаас л авч байсан. Сарын тэмдгийн талаар, жирэмслэлтийн талаар Google-ээс мэдээлэл хайсан ч оновчтой хариулт гарч ирээгүй. Бэлгийн боловсролын мэдээлэл чинь өөрөө их ил биш нууц сэдэв шүү дээ. Тиймээс олон хүний ээж, аав, ах эгч нь болж зөвлөхийг хүссэн юм. Бидэнд маш их урмын үг, талархлын сэтгэгдэл ирдэг. Энэ л бидний цалин урамшуулал шүү дээ.
-Инстаграмм хуудсаар асуулт асууж байгаа иргэдийн дийлэнх нь хэд орчим насныхан байдаг вэ?
Мэдээлэл авч буй хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд, охидууд байдаг. 14-28 насны эмэгтэйчүүд хамгийн их асуулт асууж байгаа ажигдагдаж байна. Тэд дийлэнхдээ 72 цагийн эмийн талаар, мөн сарын тэмдгийн мөчлөгийн талаар, жирэмслэлтээс хамгаалах найдвартай аргыг их асуудаг.
-Харин эрэгтэйчүүдийн хувьд?
Эрэгтэйчүүд маань асуулт асуухдаа эмэгтэй хүмүүсийг бодвол яг дүрмээ баримталдаг юм шиг санагддаг. Манай дүрэм бол, “таны асуух гэж байгаа асуултыг хэн нэгэн асуусан байх магадлалтай тул эхлээд хайна уу? бидний пост дунд байхгүй бол та криллээр бичээд хүлээнэ үү” гэсэн шаардлага тавьдаг ч эмэгтэйчүүд маань нэг асуултаа олон удаа асуух тохиолдол их байдаг.Харин эрэгтэйчүүд асуулт асуухдаа, “миний асуулт пост дунд байхгүй юм шиг байна тиймээс асууя” гэх мэтээр мэдээлэл авдаг. Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүмүүст бэлгийн анхан шатны мэдлэг боловсрол шаардлагатай байгаа юм. Харин эрэгтэйчүүд асуухаасаа илүү унших хандлагатай байх шиг байна. Тэд ихэвчлэн бэлгийн сулралын талаар асуудаг.
-Залуучуудын бэлгийн боловсрол ямар түвшинд байгаа анзаарагдаж байна вэ?
Залуусын бэлгийн боловсролын мэдлэг дунджаас доогуур байгаа нь харагддаг. Хэн нэгний үгэнд итгэмтгий, судалгаа хийх чадваргүй байна.
Мөн өсвөр насны хүүхдүүд бэлгийн амьдралаа ээж, аавтайгаа хуваалцвал ойлгохгүй учраас гэсэн хандлагатайгаар бидэнрүү зурвас илгээдэг. Бид тэдний насыг адилхан л туулаад гарсан. Тиймээс ээж, аавууд маань хүүхэдтэйгээ нээлттэй, найз шиг нь байж сайн зөвлөдөг байгаасай гэж хүсдэг.
-Бэлгийн боловсролын мэдлэг дутмагаас залуучууд ямар асуудалтай тулгарч болох вэ?
Жишээ нь охидууд маань хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орчхоод, сарын тэмдэг нь ирэх хугацаандаа ирэхгүй байхаар өөрийгөө жирэмсэн болчхож гээд шууд итгэчихдэг. Сэтгэл санаагаа дагаад хоолонд дургүй болж, биед нь ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл жирэмсний шинж тэмдэг гээд бүр итгэчихнэ. Тэгээд шаналаад байж байтал сарын тэмдэг нь ирэхээр энэ яг сарын тэмдэг мөн үү гэж эхний хоёр өдрөө бодож шоконд ордог. Тэгээд яалт ч үгүй сарын тэмдэг гэдгийг мэдээд тайвширдаг. Өөрөөр хэлбэл охидууд бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсноор арав гаруй хоног сэтгэлийн зовиуртай, түгшүүртэй явж байна. Яг энэ асуудлаар манайд өдөрт зуу гаруй зурвас ирдэг.
-Өсвөр үеийнхэн болон залуучуудад өгөх зөвлөгөө байна уу?
Бүх зүйлд төлөвлөгөөөтэй байгаарай гэж хэлхийг хүсэж байна.