Esport, тэр дундаа PUBG Mobile нь тоглоом гэхээсээ илүү спорт болтлоо хөгжиж, энэ зах зээлд их хэмжээний мөнгө эргэлддэг болоод байгаа. Гэвч нөгөө талаасаа үүнийг өсвөр насныхан их тоглож, буруу хэвшил бий болгож байгаа юм. Энэ талаар “INFINITY ESPORT TEAM” багийн ахлагч Х.Төртогтохын сэтгэгдлийг сонслоо.
“E-sport”-ийн “PUBG” тоглоомын хувьд 17-18 настай хүүхдүүд сурч, тоглож байгаа. Зарим хүүхдүүд хичээлээ хаяад өдөр шөнөгүй тоглож байна. Үүнийг esport, мэргэжлийн талаас нь харахад маш буруу. Цагийн хуваарьтай, графиктай байх ёстой. Цагийн хуваарийнхаа дагуу тоглоод, бэлтгэлээ хийдэг. Өдөрт 2-3 цагийг бэлтгэлдээ зарцуулчхаад, тэмцээндээ бас 2-3 цаг оролцдог. Ингээд нийтдээ зургаан цагийг зарцуулдаг. Өсвөр насны хүүхдүүд болохоор өдөржин, шөнөжин тоглоод байдаг. Энэ маш буруу. Цаг заваа зөв зарцуулаад, хичээлээ хаяж болохгүй. Esport бол амьдрал болохгүй. Хобби. Тиймээс чадаж байгаа зүйлээ, чадаж байгаа хугацаандаа амьдралтай хослуулж яваад амжилтад хүрвэл илүү үр дүнтэй гэж боддог.
PUBG-д “classic mode” гэж байдаг. Энэ нь болохоор бүх хүмүүс тоглож болно. 100 хүнтэй байдаг. Гэхдээ тал нь тоглоомын цаанаас өгөгдсөн “под”-ууд байдаг. Үндсэн тэмцээн, дэлхийн стандарт бол 64 хүнтэй, 16 баг оролцдог. Энэ 16 баг нь онгоцноосоо үсрээд хэн нь давуу тал, стратеги, илүү ур чадвартай нь гарч, хамгийн сүүлийн зоонд үлдэж, “chicken dinner”-ийг идсэн баг нь л хождог.
Esport одоо л хүмүүст дөнгөж ойлгогдож эхэлж байна. Сая дэлхийн аваргад “ZEUS” гэдэг баг амжилт үзүүлснээс эхэлж хүмүүс ойлгож эхэлсэн. Монголын нөхцөлд аав, ээж ойлгодоггүй.Тиймээс гэрийн дэмжлэг хүүхдэд их хэрэгтэй байдаг. Би гурав дахь жилдээ тоглож байна. Эхний хоёр жилд гэрийнхэн ерөөсөө зөвшөөрөх хандлага байхгүй байсан. Байнга эсэргүүцдэг байсан. Одоо бол тэмцээн уралдаанд ороод амжилт гаргаад ирэхээр жоохон ойлгож, дэмжиж эхэлдэг болсон. Дөнгөж тоглож эхэлж байгаа хүмүүст хэлэхэд хоорондоо тоглох биш, Монголын өдөр бүр болдог тэмцээн, уралдаандаа оролцоод, спорт талаас нь хараад цаг заваа зөв зарцуулаасай гэж хүсэж байна.