Дэлхий дахиныг хамраад байгаа коронавирусийн цар тахлын улмаас улс орнуудын аялал жуулчлалын салбарт дотоодын аялал чухал тооцогдох болсон.
Бид дотоодын аялал гэхээр хамгийн эхэнд Богд уул руу явган аялал, Тэрэлж руу аялах найз нөхөд, гэр бүлийн аялал, Дорноговийн Хамарын хийд орчмыг үзэх аялал, Хархорин, Улаанцутгалан, Өгий нуур үзэх аялал, Хөвсгөл орох аяллууд төсөөлөгддаг дотоодын аялал хийдэг түгээмэл маршрутууд бий. Гэхдээ эдгээр аяллын маршрутад яригддаг шүдний өвчин болсон сэдэв нөгөө л байгальд хаясан хог хаягдал, биеийн засах газрын хүртээмжийн тухай асуудал.
Саяхан аялаад ирсэн Төв аймаг, Дундговь аймаг дээр жишээ татья.
Улаанбаатар-Дундговь аймаг-Улаанбаатар чиглэлээр 450 километр аялахад хогийн гурван цэг байсан. Гэвч гурван цэг нь хогоор дүүрэн хэзээ ачих нь тодорхойгүй дүр төрхтэй. 450км-ийн туршид нэг ч нийтийн биеийн засах газаргүй. Цагаан суварга дээр очиход ганцхан бие засах газар байсан нь цоожтой байлаа.
Түүнчлэн Төв аймаг Улаанбаатар 44 километр. Мөн л нэг ч бие засах газар, хогийн цэг байхгүй. Манзушир хийд дэх модон жорлон нь бас түгжээтэй.
Зам дагаж хөгжил гэдэг. Аймаг, сумаа аялал жуулчлалтай холбон хөгжүүлэх ажлыг төр засаг руу түлхэх биш өөрсдөө шийдэж болох зүйлсээ яагаад өдий хүртэл дорвитойхон шийдэж болдоггүй юм бэ. Аймгуудад аялал жуулчлалд зориулан жорлон барих асуудлыг хүртэл харьяа яам нь шийдээд байх уу.
Хэрвээ аймгуудын Засаг дарга нар сэтгэл гарган адаглаад л хогийн цэг, нийтийн бие засах газрын асуудлаа шийдэн дотоодын аялал жуулчлалыг хүлээн авах таатай нөхцөлийг бүрдүүлбэл адаглаад л орон нутгийн төсөвт төвлөрөх мөнгөн урсгал нь хүртэл нэмэгдэнэ.
Хэдий болтол иргэд аялахдаа хөдөө орон нутгаас хогоо машиндаа ачиж хот руу ирдэг байх вэ. Байгальд хог хаяхгүй аялаарай гэж байнга захих биш тарьсан хогоо хаях цэгийг нь дам дагуу бий болгооч. Холын замд амар тухлах ая тухтай орчинг бүрдүүлж зассан талбайгаа болохоор замын хажууд суун цайлж байгаа иргэд ч олон таарсан юм.
Орон нутгийн удирдлага үнэхээр байгаль орчноо боддог бол нэг жорлон барь л даа.
“Энэ хүүхнүүд үү” кинон дээр гардаг шиг “Дарга аа энэ цоож эвдэрчхэж засах уу, ингээд байж байг уу” гэдэг шиг хэдий болтол төр засаг, яамдаас ам асууж ажил хийх гэсэн юм бэ.
Аймгуудын аялал жуулчлалын газар, Засаг дарга, Хөрөнгө оруулалтын газар, аймгуудын байгаль орчны байцаагч нар юу хийгээд байгаа юм бэ?
Дүр зураг нь өөрчлөгддөггүй дотоодын аялал жуулчлалд аялагчдаа буруутгах биш аймаг орон нутаг эхлээд хийж бүтээчхээд эргээд хариуцлага нэхдэг баймаар байна.