Хүмүүс нуруу чилэх, хөл рүүгээ дагаж өвдөх зэрэгт ач холбогдол өгөхгүй, тоохгүй орхих гээд байдаг. Тиймээс бид энэ удаад “Бэханзэ” эмнэлгийн ахлах зэргийн эмч, АУ магистр, докторант Н.Алтанхундагатай нурууны өвчин үүсдэг нийтлэг шалтгаан болоод хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Нурууны суулт ихэвчлэн ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?
-Нурууны суулт болон мурийлт үүссэн тохиолдлуудын бараг 80 хувь нь бидний амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалдаг. Буруу дадал хэвшлийг суугаа, зогсоо, хэвтээ мөн ачаалал авах үеийн гэж ангилж болох юм.
Жишээбэл ажлынхаа онцлогоос шалтгаалан ширээний ард хэтэрхий удаан бөгтийж суух шаардлагатай байдаг мэргэжлийн хүмүүсийн бүсэлхий, сээрний хэсгийн нугаламууд арагш гулссанаас тэр хэсгээрээ бөгтийж, рентген зурагт бүсэлхийн хэвийн лордоз нь тэгширсэн, сээрний кифоз ихэссэн гэсэн өөрчлөлт илрэх нь их ажиглагддаг.
Маш олон хүн хоёр хөл дээрээ ачааллаа тэгш хуваарилж зогсох нь чухал гэдгийг огт мэддэггүй. Тиймээс ч голдуу нэг хөл дээрээ жингээ төвлөрүүлж зогсоод сурчихсан байдаг. Ийм дадал зуршилтай хүмүүсийн аарцагны ясны нэг тал байнга дээш өргөгдсөөр, яваандаа хөл урт богино болсон байх нь элбэг.
-Ер нь хэдээс хэдэн насны хүмүүс, ямар шалтгааны улмаас нурууны өвчнөөр өвчилж байна вэ?
-50-аас дээш насны хүмүүс нурууны жийргэвчийн ивэрхийгээр илүү өвчилдөг. Мөн эрэгтэйчүүд нурууны жийргэвчийн ивэрхийтэй болох магадлал эмэгтэйчүүдээс хоёр дахин их байдаг. Ихэвчлэн биеийн хүчний хүнд ажил эрхэлдэг, илүүдэл жинтэй, завсарлагагүйгээр хэт удаан сууж ажилладаг хүмүүс өвчилж байна.
-Өдөржин суугаа ажил эрхэлдэг хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хэрвээ та удаан сууж ажилладаг бол дараах хоёр дүрмийг ягштал баримтлах хэрэгтэй.
Нэгдүгээрт компьютерээ ширээн дээрээ эгц урд талдаа байрлуул. Ер нь хамгийн их хэрэглэгддэг бүх л шаардлагатай багаж, төхөөрөмжөө нурууныхаа эрүүл байдлыг уртасгахад чиглүүлэн зөв байршуулаарай. Зөв байрлал, зөв зохион байгуулалттай ширээний ард сууж ажилладаг бол эвгүй мушгирсан хөдөлгөөн хийх эрсдэл багасна.
Хоёрдугаарт нурууныхаа бүсэлхий хэсэгт бага зэрэг гүдгэр хэлбэр нь таарч байх сандал сонгоорой. Эсвэл жижиг ивээс байрлуулж болох юм. Ийм хэлбэртэй сандалд сууж ажилладаг бол нурууны лордоз тэгшрэх эрсдэл багасна.
-Нурууны суулттай хүмүүс хүнд юм өргөж болохгүй гэдэг ямар учиртай вэ?
-Хүнд ачаа өргөхдөө бид ихэвчлэн өөрсдөө ч сайн анзаарахгүйгээр бүсэлхийгээрээ тонгойгоод, ачаагаа өргөсөн хэвээрээ биеэ тэгшилдэг.
Энэ дарааллаар ачаа өргөх үедээ хүмүүс хэт тонгойх, ачаа өргөсөн үедээ өндийх, ачаагаа өргөх гэсэн нурууны булчингууд эрс чангарахад нөлөөлдөг үйлдлүүдийг нэгэн зэрэг хийдэг. Энэ үед нугаламууд хоорондоо ердийнхөөсөө хэт ойртон , нугалам хоорондын жийргэвчид хэтэрсэн ачаалал өгнө. Ингэснээр жийргэвч байх ёстой орноосоо нэг тийшээ, ихэвчлэн нугасны мэдрэл байрлах ар тийш шахагдан цүлхийх, хүнд тохиолдолд ивэрхий үүсэх ч эрсдэлтэй.
Ямар ч хүнд ачааг өргөх зөв дараалал бол эхлээд газар явган суугаад хоёрдугаарт ачаагаа биедээ ойрхон наалдуулж өргөөд хэт бөхийхгүй нуруугаа эгцхэн чигээр нь босох хэрэгтэй.
-Нуруу яагаад гэнэт мурийж татдаг вэ? Нуруу татсан үед эхний ээлжид ямар арга хэмжээ авах вэ?
-Нурууны нугаламуудын хооронд жийргэвчийн үүрэг гүйцэтгэн тусгаарлаж орших зөөлөн эд буюу диск нь нурууны суулт, аль нэг нугаламын огцом гулсалт, гэнэтийн огцом ачааллаас болж шахагдсан зэрэг ямар нэг шалтгааны улмаас үүссэн булчингийн чангарлын улмаас хэт шахагддаг. Ийм үед диск нугаламын ирмэгийг давж цүлхийсэн, гаднах олон давхар фиброзон бүрхүүл нь урагдаж ивэрхий үүссэн гэсэн шалтгаануудын улмаас нугалам бүрийн төвшинд нугаснаас салбарлан гардаг захын мэдрэлийн судлуудыг хавчин шахсанаас гэнэтийн нурууны өвдөлт үүснэ. Булчин хүчтэй чангарснаас , өвдөлт ихтэй үед нуруу мурийна гэсэн үг.
Тэгэхээр нурууны өвдөлтөөс болж нуруу мурийсан уу, буруу суулт дадал хэвшлээс мурийсан уу эсвэл мурийлтаас болж өвдөлт үүсэж байна уу гэдгээ сайн ялгах хэрэгтэй юм. Цаг алдвал бүүр мэс заслын эмчилгээ болж магадгүй тул эрт оношлуулж, яаралтай эмчлүүлэх шаардлагатай.
-Нурууны суулттай удаан явснаас болж мэдрэл нь дарагдсан, суумгай болсон гэх хүмүүс байдаг эрт мэдвэл мэсийн бус аргаар бүрэн эдгэрэх боломжтой юу?
-Өвчин бүрд бүрэн эдгэрэх боломжтой үе гэж бий. Суумгай болно гэдэг бол өвчин хүндэрч биеийн бүтэц үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүй болж, улмаар эргэн сэргэх найдваргүй болсон гэсэн үг. Энэ үедээ бүрэн эдгэх боломжгүй ч эрт илрүүлж оношлуулж, тохирох эмчилгээг хийлгэж чадвал ийм хүндрэлээс сэргийлэх боломжтой. Харамсалтай нь нуруу нь өвдөөд ирсэн хүмүүсээс асуумж авч байхад анх нуруу чилж хөшиж өвддөг болсоор 10-20 жил болсон. Тэгсгээд гайгүй болчихдог болохоор эмчилгээ хийлгэж байгаагүй, эсвэл хааяа бариа заслын газраар 2,3 удаа бариа хийлгээд гайгүй болохоор нь орхичихсон гэж хэлцгээдэг. Бас гэнэт хүчтэй нуруу өвдөөд одоо бүүр хөл рүүгээ дамжиж өвддөг болоод зүгээр болохгүй байна ч гэдэг. Эхлээд өвдөх үед нь хайхрамжгүй хандалгүйгээр тууштай эмчилгээ хийлгэсэн бол ивэрхий цүлхийлт болтлоо хүндэрч, мэдрэл дарагдан одоогийнх шигээ хүчтэй өвдөхгүй байсан гэдгийг огтхон ч мэдэхгүй , хэд хоног бариа хийлгээд өвчин намдчих юм шиг, нурууны жийргэвч нь бариа засал хийлгээд анхных шигээ болчих юм шиг төсөөлдөг. Өвчин бүрд тухайн хүний нас, дадал хэвшлээс шалтгаалан эмчилгээ харилцан адилгүй нөлөөлдөг, хүн бүрийн өвчин хүндрэлээсээ шалтгаалан бариа заслаар эдгэх аргагүй гэдгийг ч ойлгодоггүй. Тиймээс хүн бүр ямар ч өвчнийг цаг алдалгүй эрт оношлуулж эмчлүүлэх чухал гэдгийг ойлгож, өөртөө анхаардаг байгаасай.
-Ер нь нурууны суултын үед хүнд ямар зовуур шинж тэмдэг илэрдэг вэ? Энгийн аргаар нурууны суулттай болсон эсэхээ мэдэж болох болов уу?
-Бидний ажил ,амьдралын олон буруу дадал хэвшлээс үүдэлтэй нурууны суултаас шалтгаалан бүсэлхийн хэсэгт мэдрэлийн ёзоор дарагдсанаас хөлийн янз бүрийн хэсгээр дагаж өвдөх нь элбэг. Тухайлбал:
Бүсэлхийн L1-2 нугалмын төвшинд суулт үүсэж мэдрэл дарагдсанаас бүсэлхий орчмоор өвдөлт өгнө.
Бүсэлхийн L2-3 нугаламын төвшинд суулт өгч мэдрэл дарагдсанаас бүсэлхийн доод хэсэг болон гуяын урд , дээд талд цавь орчмоор өвддөг.
Бүсэлхийн L3-4 нугаламын төвшинд суулт өгч мэдрэл дарагдсанаас гуяны урд доод талд өвдөнө. Бүсэлхийн L4-5 нугаламын төвшинд суулт өгч мэдрэл дарагдсанаас гуяын хажуу тал болон өвдөг, өвдөгнөөс доош шилбэний дотор талаар дагаж өвдөнө.
Бүсэлхийн L5-ууцны S1 нугаламын төвшинд суулт өгч , мэдрэл дарагдсан бол гуяын ар дотор талаас доош чиглэн шилбэний дотор хэсэг, өсгий өлмий хэсгээр өвдөнө.
Ууцны S нугаламын төвшинд мэдрэл цочирч өвдөж байгаа бол умдаг, гуяын дотор талаар өвддөг.
Тэгэхээр хөлийн аль хэсгээр өвдөж байгаагаасаа хамааран нурууны аль нугалам орчимд суулт өгснийг та бүхэн таамаглах боломжтой. Маш олон хүмүүс түүний дотор залуучууд өвчнөө өвдөлт илэрсэн цаг тухайд нь эмчлүүлэхгүй, аяндаа зүгээр болчих байх гэж назгайрснаас хагалгааны заалттай болтлоо хүндэрч байгаа нь тун харамсалтай. Нуруугаа хайрлаж, өвдсөн дор нь чанартай эмчлүүлж байгаарай.