Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн үүсэл хөгжил, түүхэн замналыг иж бүрэн үнэт өв болгон үлдээх зорилгоор Соёл, урлагийн цогцолборын дэргэд дижитал музей байгуулж, удахгүй нээлтээ хийх юм. Энэ нь орчин үеийн техникийн шийдэл бүхий Монголын анхны дижитал музей болох юм. Тус музей нь Монгол орны уул уурхай, Цахим мэдээлэл, Түүхэн замнал, Үйлдвэрлэл, технологи, инновац, Нийгмийн хариуцлагатай Эрдэнэт үйлдвэр, Бидний бахархал гэсэн зургаан танхимтай. Эндээс Эрдэнэт үйлдвэрийн 40 гаруй жилийн түүх, судлал, хөгжил дэвшилтэй бүх талаас нь олон орны хэлээр танилцах боломжтой юм. Музейд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 200 гаруй видео контент, 1000 гаруй үзмэр, 160 гаруй ном бүтээл, 30 гаруй самбар үзүүлэн, үзмэрүүдийг байршуулсан байна. Түүнчлэн цех нэгж бүрийн цахим танилцуулга, баримтат кино болон бүс нутгийн иргэд, анхдагчдын гар дээр байсан ховор, түүхэн үзмэр, баримтыг цуглуулж хадгалжээ. Эдгээрээс 1952 онд Эрдэнэт уулын орчмоос олдсон олборлолтод ашигласан байж болох хүрэл тогоо, хүрз, зээтүүний үзүүр зэргийг Булган аймгийн музейд хадгалж байсныг зохих журмын дагуу хуулбарлуулан авч байрлуулсан нь ихээхэн сонирхолтой юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн нээлтийн концертын хөтөлбөр, анхны ачаа ачих үеийн төмөр замын гадас, тэсэлгээний буу зэрэг сонирхол татахуйц, түүхэн ач холбогдолтой үзмэр, баримт бичгийг байршуулжээ. “Одоо тус музейг улсын статустай болгох зорилгоор бүх үзмэр, бүтээлийг улсын бүртгэлд бүртгүүлж, код авах, нэгдсэн системд холбох ажил хийгдэж байна. Ингэснээр, хүн бүрийн өгсөн бичиг баримт, бүтээл улсын үнэт өв болж үлдэнэ” гэж тус музейн эрхлэгч О.Нансалмаа ярилаа.