-Сахарын талаар мэдлэгээ дээшлүүлсэн хүн хүнсний сонголтоо зөв хийдэг-
“Сахар” номын зохиолч, шим тэжээл судлаач Л.Энхзултай чихрийн хэрэглээний талаар яриа өрнүүллээ.
–Таны гаргасан ном болоод хүмүүст хүргэж байгаа мэдээллийг харахад чихрийн хэрэглээг багасгахад илүү анхаардаг. Яагаад сахар, чихрийг онцлох болсон бэ?
–Сахарыг онцлон таниулах олон шалтгаан бий.
Нэгдүгээрт, Сахар дахин идэх дуршил төрүүлдэг. Сахартай юм идэхэд таатай мэдрэмж төрж, үүнийг тархи тогтоож авснаар хүн дахин тэр мэдрэмжийг авахын тулд өөрийн эрхгүй чихэрлэг хүнс түлхүү авч эхэлдэг. Ингэж сахарын хамаарал үүсдэг.
Хоёрдугаарт, Сахар хүний биед зайлшгүй хэрэгтэй бичил шим, тэжээл багатай мөртлөө илчлэг их үүсгэдэг.
Гуравдугаарт, Эслэггүй учраас асар хурдан цусанд очдог. Цусны сахар гэж бид ярьж хэвшсэн ч энэ нь цусны глюкоз юм. Сахар бол цусны глюкозын түвшинг огцом өсгөдөг, савлуулдаг хүнсний эх үүсвэр. Энэ савлалт тогтмол, он удаан үргэлжилвэл нойр булчирхайг муутгах аюултай.
Дөрөвдүгээрт, Биед шингэх үйл явц, бүтцийн хувьд фруктоз болон глюкоз гэсэн нэгж болж задардаг. Сахарыг бүрдүүлэгч фруктозыг элэг боловсруулаад дараа зарцуулах глюкоз болгон хадгалдаг. Энэ нь өөхөнд хуримтлагдаж үлдэнэ. Энгийнээр хэлэхэд сахар болон сахартай хүнс тогтмол хэрэглэдэг хүн дотоод өөхлөлттэй, илүүдэл жинтэй болдог.
-Таны зохиосон “Сахар” ном Монголд хамгийн их борлуулалттай номын тоонд орж байна. Номынхоо талаар товчхон дурдвал…
-“Сахар” ном маань хэвлэгдсэнээсээ хойш “Интерном”–ын шилдэг борлуулалттай 10 номын жагсаалтад тасралтгүй багтаж ирсэн нь уншигчид эрүүл мэнддээ тэр дундаа хүнс тэжээлийн талаарх боловсролдоо анхаарал тавьдаг, энэ сэдвийг сонирхдог болохыг харуулж байгаа гэж бодож байна.
Хүн амттанд яагаад татагддаг, тэр дундаа хүүхдүүд ямар учраас чихэрлэг бүхэнд илүү дуртай болох, зөвхөн амтанд тулгуурласан сонголт цаашдаа ямар үр дүнд хүргэдэг талаар шинжлэх ухаанчаар олон талаас нь харж тайлбарласан байгаа.
-Яагаад ном бичих болсон бэ?
-Би өөрөө олон жилийн турш амттаны хамааралтай байсан. Энэ зуршлаасаа салахаар шийдсэн ч монгол хүний бичсэн, надад тус болох ном байхгүйг анзаарсан юм. Надад чихэр, шоколад, ундаа, жигнэмэг, нарийн боов, бялуу гээд амттан идэхгүй өдөр гэж байдаггүй байсан. Харин Лондонд шим тэжээлийн чиглэлээр сурснаар чихэрлэг амт давамгайлсан хооллолтоо тэнцвэртэй байдлаар сольж чадсан. Ингэснээр миний амьдралд олон эерэг өөрчлөлт гарсан. Тиймээс өөртэйгөө ижил нөхцөлд байгаа хүмүүст хэрэг болох үүднээс ном бичихээр шийдсэн юм.
-Чихрийг огт хэрэглэхгүй байх буруу, зохистой хэмжээнд идэх хэрэгтэй гэж хэлдэг . Энэ талаар та юу гэж боддог вэ?
Хүний биеийн эсүүд глюкозыг эрчим хүчний эх үүсвэрээр ашигладаг. Сахар огт идэхгүй байлаа ч гэсэн ямар нэг төрлийн нүүрс ус хэрэглэдэг л бол таны цусанд хэрэгцээтэй глюкоз үүсэж байдаг.
Гурилтай хоол, бор цагаан будаа, самар шош, цагаан идээ, жимс ногоо идэж байгаа л бол таны цусанд глюкоз бий болж байгаа. Тиймээс заавал элсэн чихэр хэрэглэх шаардлагагүй.
– Чихрийн хэрэглээг багасгахын тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Чихэрлэг амтанд дурлаад байгаа шалтгаанаа олж мэдэх зайлшгүй хэрэгтэй.
Чихэрлэг зүйлд дурлах олон шалтгаан байдаг. Орчин үед чихэрлэг хүнс элбэг, хямд байдаг болсон байна. Нийгэмд хүнс шим тэжээлийн боловсрол дутмаг байгаагаас, чихэрлэг юм идэж ууж хэвшсэнээс болоод улам дурладаг. Мөн сэтгэл санаагаа сэргээхийн тулд олдоц сайтайгаар нь гээд чихэрлэг юм хэрэглэх, нойр, стрессээс үүдэн мэдрэлийн эсийн мэдээлэл дамжуулагч элементүүд байх ёстой хэмжээндээ байгаагүйгээс гэх мэт.
Сахарын талаар мэдлэгээ дээшлүүлсэн хүн хүнсний сонголтоо зөв хийж эхэлдэг. Би энэ талаар цогц мэдлэг олгох “Чихрээ таная” онлайн сургалт жил гаруй хугацаанд явуулж ирсэн. Тийм болохоор сахарын нөлөөг маш сайн ойлгоход замбараагүй хэрэглэхээ больчихдог болохыг олон хүн дээр харсан.
–Сахарыг юугаар орлуулж болох вэ?
-Чихрийн хэрэглээг багасгах хүсэлтэй хүн шингэн хэлбэрээр авахгүй байх хэрэгтэй. Учир нь жүүс, ундаа сул чихэр ихтэй байдаг. Амттан идмээр санагдвал аль болох эслэгтэй чихэрлэг жимс ашиглавал сахараас илүү ашигтай сонголт болох юм. Жишээлбэл гэртээ жигнэмэг хийх бол үзмээр амталж болж байна. Маффин барих бол гадилаар амтлах, зайрмаг хийхдээ хөлдөөсөн жимс ашиглаж болно шүү дээ.
– Хүмүүс амттан, чихэр, шоколаданд л чихэр их хэмжээгээр агуулагддаг гэж боддог. Сахарын агууламжтай бүтээгдэхүүн хэр их байдаг вэ?
-Бэлэн сав баглаатай бүтээгдэхүүн авч байгаа бол шошго дээрээс сахарын хэмжээг шалгачхаад байхад гэмгүй. Амин дэмээс эхлээд бага насны хүүхдийн зууш, бэлэн каш гээд санаандгүй бүтээгдэхүүнд хүртэл сахар агуулагдсан байдаг. Бүтээгдэхүүн нь хэрэглэгчид таалагдсан бол дахин худалдаж авах учраас үйлдвэрлэгчид сахарыг өргөн ашигладаг. Нэгэнт чихрийн амтанд орсон хүнд бусад төрлийн амтнаас чихэрлэг амт илүү санагдана.
-Цагаан сахар, бор сахар хоорондоо ялгаатай юу?
-Эрүүл мэндэд өөрчлөлт үзүүлэх хэмжээний ялгаа байхгүй гэж хэлэхэд болно. Бор сахар нь цагаанаасаа кальци, кали зэрэг бичил шимийг багахан хэмжээгээр илүү агуулдаг. Харин илчлэг үүсгэх, биед ороод задрах, дахин идэх дуршил төрүүлэх шинж байдлаараа яг адилхан.
–Жимс, ногоонд агуулагддаг чихэр бас хортой юу? Улаан алим, хасарваань гэх мэт чихэрлэг жимс сахар ихтэй гэж ойлгодог.
Нүүрс ус хүний биед ороод задарч, цусанд глюкоз болж очдог талаар би ярьсан даа. Гэхдээ эдгээр нүүрс ус дундаа биед ашигтайг нь харж сонголтоо хийх хэрэгтэй. Бүх төрлийн жимс фруктоз агуулдаг. Гэвч бүхэл жимс эслэгтэйгээ ирдэг. Эслэг гэдэсний ашигтай нянг тэжээхээс гадна цусанд глюкоз болж очих хурдыг саармагжуулдгаараа хоосон сахараас ялгаатай. Хасарваань ч ялгаагүй сахартай харьцуулахад эслэг болон бичил шим илүү агуулдаг. Гэхдээ хасарваань илүү юм байна гэдэг үзлээр хэт их идэж болохгүй.
Сахарын хэрэглээ, тэнцвэртэй хооллолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочлоорой.
Инстаграм хаяг: enkhzul_lo
Facebook хаяг: Чихрээ танасан тэмдэглэл