Элсэлтийн ерөнхий шалгалт бол төгсөгчид ерөнхий боловсролын сургуульд сурсан мэдлэгээ шалгуулж, цаашдын амьдралаа тодорхойлох хамгийн том алхам байдаг. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтаа хэрхэн үр дүнтэй өгөх талаар зөвлөгөөг хүргэе.
Хичээл хийх орчинг бүрдүүлэх
Ширээн дээрээс ном, сурах бичиг, үзэг харандаа гэх мэт хичээлд хэрэгтэй зүйлсээс бусдыг хураах хэрэгтэй. Аль болох анхаарал сарниулахгүй байх тайван өнгийг бүрдүүлэх нь чухал юм.
Хичээл хийх төлөвлөгөө гаргах
Өдрийн аль хэсэгт өөрийгөө илүү идэвхтэй байдаг гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Тухайн үедээ тохируулан хичээл хийх хувиараа гаргана. Энэ мэтээр өдөр бүрийнхээ төлөвлөгөөг гаргаарай.
Өөрийн хамгийн муу мэдэж байгаа зүйлээс эхэл
Хичээлээ эрчимтэй давтаж эхлэхээр шийдсэн бол эхлээд ойлгохгүй байгаа, хэцүү гэсэн хэсгээсээ эхлээрэй. Гэхдээ хийхэд хэцүү, чадахгүй байгаа бол сайн мэддэг найз, багш нараасаа тусламж авах хэрэгтэй. Хэцүү зүйлийг ганцаараа нухаад амжилтад хүрэхгүй.
Хугацаа биш үр дүн чухал
Өдөржин хичээлээ давтаж суусан ч үр дүн гарахгүй үе байдаг. Хэтэрхий удаан суухад анхаарал саринаж, идэвхгүй болдог тул хугацаанд бус үр дүнг чухалчил.
Өдөр бүр давтаарай
Хамгийн гол нь өдөр болгон давтах хэрэгтэй. Ингэхдээ 1 цаг хичээллээд 15 минут амарна гэх мэтээр өөрийн боломжит хугацаагаар давтаарай. Өөрөөр хэлбэл ойр ойрхон давтаж байж л толгойд чинь "суух" учир дунд нь завсар гаргахгүй бол сайн.
Бүх зүйлийг бодоод, цээжлээд байх хэрэггүй
Олон мэдээлэл нэг дор цугларахад хүний тогтоох чадвар сарниж, толгой эргэдэг. Тиймээс хичээлийн материалаараа схем гаргаад утгыг нь ойлгох хэрэгтэй.
Бэлдсэн хичээлүүдийнхээ тест дээр ажиллаж, хугацаагаа хянах
Ингэснээр тестийн даалгавруудын бүтцийг ойлгоход туслах бөгөөд ойлгоогүй хичээлээ олж мэдэхэд хэрэг болно. Мөн өөрийгөө хэдэн асуултыг хэр их хугацаатайгаар гүйцэтгэж байгаагаа хянаарай. Ингэхдээ хугацааг аажмаар багасган үр дүнг улам өндөр болгох хэрэгтэй.
ШАЛГАЛТАД ИРЭХДЭЭ ДАРААХ МАТЕРИАЛЫГ ЗААВАЛ БҮРДҮҮЛСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид шалгалтдаа удаан хугацаанд бэлтгэсэн хэдий ч бичиг баримт дутуу бүрдүүлэх, суудал, цагийн хуваариа андуурах гэх мэт үйлдэл гаргах тохиолдол байдаг. Ийм алдаа гаргахгүйн тулд шалгалтад ирэхдээ дараах материалыг заавал бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
–Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт
–Бүртгэлийн хуудас
/Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
–Суудлын хуваарь
/Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
–Бүрэн дунд боловсролын үнэмлэх
Энэ удаагийн ЭЕШ цар тахлын үед зохион байгуулагдах учир шалгуулагч дараах зүйлсийг анхаарч шалгалтаа өгөөрэй.
– Амны хаалтаа зүүх
– Хүн хоорондын зайгаа барих
– Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
– Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
– Их хэмжээний шингэн уухгүй байх
– Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
– Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах
– Өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байх
– Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай ба шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.