“Тэр” буландаа Аpprentice.mn-ыг үүсгэн байгуулагч, ахлах программист Ц.Тэмүүжинтэй ярилцлаа. АНУ-д 10 жил мэргэжлээрээ ажилласан тэрээр өнгөрсөн онд эх орондоо эргэн ирж сурсан мэдсэн зүйлсээ залуустаа түгээхээр ажиллаж байгаа юм.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн байна уу намайг Цогтбаярын Тэмүүжин гэдэг. Аpprentice.mn-ыг үүсгэн байгуулагч байна. Миний мэргэжил бол ахлах программист гэж явдаг. АНУ-д 10 жил мэргэжлээрээ ажиллаж байгаад Монгол орондоо 2020 оны 9 сард буцаж ирсэн. Америкт байхдаа Илной мужийн Чикаго гэдэг хотын Норт Ийстэрн Илной их дээд сургуулийг 2012 онд төгсөөд түүнээс хойш 10 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа. Би Чикаго хотын "Cligue Studios" гэдэг номер нэг программ хангамжийн веб сайт хийдэг компанид ажиллаж байсан. Түүнийхээ дараа ажлаа солиод бас нэг өөр web agancy рүү шилжсэн.
-Залууст зориулан программ хангамжийн чиглэлээр сургалт зохион байгуулсан гэсэн. Хэчнээн хүн энэхүү сургалтад хамрагдав. Сургалтаараа дамжуулан ямар мэдлэг, мэдээллийг түгээв?
-Дөрвөн сард төлбөр төлөх боломжгүй байгаа хүмүүст тэр боломжийг нь олгох гээд бүрэн 86 цагийн сургалт явуулсан. Бараг үнэгүй явуулах гэж байсан. Үнэгүй явах юм бол хүмүүс тоохгүй шүү наадах чинь ямар ч үнэ цэнэгүй гэж бодно шүү гэж надад манай эгч, хамаатнууд маань хэлж байсан. Тэгээд 50 мянган төгрөгөөр эхлээд хоёр сард амжилттай яваад дараагийнхаа ажилдаа бэлдэж байгаа. Манай сургалтад 400 шахуу хүмүүс бүртгүүлсэн. Тэр хүмүүстэй дараагийн боломжийг нь, ажил гадаадаас яаж олох уу, тэр талаар нь сургалтаараа дамжуулж мэдээлэл олгосон.
-Яагаад программист мэргэжлийг сонгосон юм бэ. Дурлаж сонгож байв уу?
-Би философи мэргэжилд дуртай. Философи мэргэжлээр ажиллах юм бол цалин маш багатай амьдрал жоохон хэцүү байх магадлалтай. Философиор хамгийн боломжтой нь юу хийх вэ гэхээр ном бичих ч юм уу, их дээд сургуулийн багш болох. Тэр амьдрал бол маш хэцүү байх байсан гэж би бодоод ирээдүйгээ баталгаажуулчихъя, түүний дараа философи уруугаа оръё гэдэг бодолтой байсан.
Ерөнхийдөө IT-аар сурчихъя тэгээд сурсан мэдлэгээ сурч чадахгүй байгаа төлбөр төлж чадахгүй байгаа хүмүүстээ зориулъя гэдэг зорилгоор энэ мэргэжлийг сонгосон. Хүсээд араас нь хөөсөн юм биш. Ирээдүйд хэрэгтэй болно, залуучуудад хэрэгтэй болно гээд IT мэргэжлээр сурсныхаа дараа хүмүүст тусална гэдэг зорилгоор л энэ мэргэжлийг сонгосон.
– IT, программ хангамжийн мэргэжлээр гадаадын улс орнуудад ажиллахын тулд ямар шалгуурууд хангасан байх ёстой вэ?
-Программ хангамжийн мэргэжлээр ажилд оръё гэх юм бол маш сайн туршлагатай байх ёстой. Маш гүнзгий шалгалтууд авдаг. Түүнд бэлдсэн байхад ер нь боломжтой. Эхний ээлжид туршлагатай байх ёстой. Харуулах юмтай байх ёстой. Тэгснийхээ дараа Герман ч юм уу Япон ч юм уу ажлынхаа аппликейшныг явуулаад ажиллах боломжтой. Түүний суурийг нь, Монголоос гарах мэдээллийн санг бид үүсгэхийн төлөө ажиллаж байгаа.
Монголоос ч гадаадаас ч IT программын чиглэлийн компаниудад ажиллах боломжтой. Яагаад гэвэл дэлхий даяар салбаруудтай. Тийм компаниудаас урилга ирдэг байсан. Би Америкийн компанидаа одоо хүртэл ажилласаар байгаа. Тийм боломж байнга байдаг. Дэлхийд, Америкт мэргэжилтэй туршлагатай программист бол маш ховор байгаа. Ажлын байр бол хангалттай байгаа.
-Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн бэ?
-10 жилдээ би нэгдүгээр сургуульд явж байсан. 12 насандаа анх Америк руу гэр бүлтэйгээ хамтдаа явсан. 12 настай хүүхэд очоод шууд Америкийн дунд сургуульд явахад үнэхээр хэцүү байдаг. Өмнө нь ямар ч давтлага хийж байгаагүй ганц мэддэг юм нь тоо л байсан.
Тоон дээр эрүүл мэндийн шинжлэх ухааны хичээлүүд ороход маш хүнд байсан. Гэхдээ өдөр болгон Америк хүмүүстэй англиар ярих гээд оролдох үед хэлийг хурдацтай сурна шүү дээ. Зургадугаар ангидаа эхэлсэн гэхэд коллежид элсэхэд л би өөрийгөө бүрэн англиар ярьдаг гэсэн ойлголттой болж авсан. Хэцүү байсан.
-Ямар хүүхэд байв?
-Хүүхэд болгон чинь өөрөө, хоёр зантай ч гэх юм уу ээж аав хоёрын хажууд өөр байдаг олон хүмүүсийн дунд очихоор нэг өөр хүүхэд байдаг гэдэг дээ. Би ичимхий хүүхэд байсан. Ичимхий ч гэж дээ биеэ барьдаг хүүхэд байсан гэх юм уу. Хүмүүсийн төлөө их зүтгэдэг. Хүмүүсийг л баярлуулж байвал би өөрөө яах вэ гэдэг сэтгэлтэй. Алиа хүүхэд байсан. Хүмүүс инээлгэх дуртай тийм хүүхэд байсан. Номер нэг хобби бол философийн талаар судлах. Спортоор хичээллэх маш их дуртай.
Төрөл төрлийн спорт зөндөө оролдсон. Дунд сургуульд байхдаа би чөлөөт бөхөөр маш их барилддаг байсан. Дээрээс нь бокс, холимог тулаан гээд snowboarding , skateboarding бүгдийг нь хийдэг байлаа. Хоёр жилийн өмнө мотортой skateboard унаж явж байгаад хөлөө хугалсан. Одоо л нэг буцаж спортдоо орж эхлэх гэж байгаа.
-Гэрлэсэн үү?
-Би дээрээ нэг эгчтэй айлын бага хүүхэд. Манай ээж эдийн засгийн мэргэжилтэй. Манай аав биеийн тамирын багш байгаа юм. Одоохондоо би гэрлэх завгүй л явж байна даа. Төслүүд дээрээ ажиллаад хийх юм их байгаа. Ард түмэндээ жоохон тус нэмэр болчхоод дараа хувиа хичээхдээ орно л гэж бодож байна. Миний зорилго Монголдоо амьдралаа эхлэн суурьшихаар ирсэн. Бид нар бүгдээрээ хамтдаа хөгжөөд монгол орноо хөгжүүлээд явах боломж байгаа.