Бид Үндэсний их баяр наадамд зориулсан “Тэр” булангийнхаа дугаарт уран хатгамалч, арьсан урлаач С.Нарандэлгэрийг урьж ярилцлаа. Соёлын үнэт өв болсон уран хатгамалын бүхий л төрлийг багтаасан даалин урлаж түүнийгээ бусдад зааж сургаж байгаа залуу уран бүтээлч бүсгүй хэдийнээ 2000 давсан шавьтай болжээ.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Саранцацралын Нарандэлгэр гэдэг. Би уран хатгамалч, арьсан урлаач мэргэжилтэй. Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Анх уран зураач болъё гэж бодож байсан ч багш манай багш “Чи эмэгтэй хүүхэд юм чинь, одоо манай сургууль дээр арьсан урлал, уран хатгамлын анги нээгдэж байгаа. Ийшээ ороод үзэх үү” гэсэн. Сонгоод орохдоо настай хүний ажил юм байна гэж бодогдож байсан. Тухайн үед суралцаад, өв соёлоо үзээд хатгаал хийхээс гадна түүхээ үзэх нь өвөг дээдэс монгол түмнээрээ бахархах сэтгэгдэл төрж байсан. Түүгээрээ уран бүтээлээ хийгээд, шаглаж оёх үед “Монголын маань түүх, өв соёл шавхагдашгүй их баялагтай түүх юм. Бидэнд өвөг дээдэс маань маш их соёлыг өвлүүлж үлдээжээ. Үүнийг бид өөрсдөө хийж бүтээгээд, эдэлж хэрэглээд, үр удамдаа үлдээх ёстой” гэдэг сэтгэгдэл төрөөд, түүгээрээ уран бүтээлээ хийгээд, өөрийнхөө хэмжээнд чанартай зааж сургаад явж байна.
-Хэзээнээс шавь нар бэлтгэн сургаж эхлэв?
-Сүүлийн найман жил уран хатгамлын урлагаа зааж сургаад явж байгаа. Уран хатгамлаа зааж сургаад одоогоор 2000 шавь нартай. Бид өв соёлоо авч үлдээе, монгол эмэгтэй хүн монголчуудын өв соёл, уран хатгамал, арьсан урлал гээд бидний өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн язгуур урлагаа 100 хувь өөрсдийнхөө гараар хийж бүтээж байгаа. Орчин үед энэ үнэт өвөө мартаад хаяад, мэддэггүй ч хүмүүс байна. Уран хатгамал, арьсан урлал гээд хийж бүтээж байгаа зүйлээ авч хоцрох, өв тээх.
-Техник технологи хөгжсөн ч уран хатгамлын зарим нарийн төрлүүдийг зөвхөн гараар урласаар байгаа гэж сонсон?
-Сүүлийн үед техник, технологи хөгжөөд хатгамлыг машинаар урлаж бүтээгээд байгаа. Монголын язгуур урлаг зүү ороох, загасан нуруу, олсны эрч, саа дарахыг техник технологиор хийж болохгүй юм. Үүнийг зөвхөн хүний гараар хийж бүтээдэг. Уран бүтээл нь нэг ч машин техник, оёдлын машин ч оруулдаггүй, 100 хувь гараар хийдэг.
-Уран хатгамлын хэчнээн төрөл байдаг бол. Түүнээс хэд нь даалин урлахад ордог вэ?
-Уран хатгамлын монгол уламжлалын хатгамал маань болохоор нийтдээ 200 гаруй төрөл байгаа. Торго дээр хийх, арьсан дээр хийх эсгийн дээр хийх гэх мэт материалынхаа шинж чанараас болж хатгамлынх нь төрлүүд өөр өөр орж ирж байгаа гэсэн үг. Даалинд болохоор ерөнхийдөө 9-21 төрлийн оёдол, хатгамал орж байгаа. Үүнийг уран бүтээлийн хэмжээнд хүргээд цааш нь баяжуулж хийхэд болно. Жишээ дурдах юм бол зүү ороох, саа дарах, олсны эрч, задгай хатгамал, задгай битүү хатгамал, зээг дарах, зоосон ширээний сүлжмэл, зоосон ширээний сүлжмэл дарах, шаглах, хөших, хөвөрдөх, туулайн чагт гэх хатгамлуудын төрлүүд бий.
-Хатгамал урлахад хүнээс их ур ухаан шаарддаг. Энэ нь хувь хүний төлөвшилд ч олон давуу талуудыг бий болгодог байх?
-Хатгамал урлахад энд зүү ороогоод 1 см, 2 см зайг туулахад утас нь хаана дуусах, нэг хатгаад болох юм уу, дараагийн хатгамлаа хаана яаж хийх үү гээд бодож төлөвлөж хийдэг. Энэ нь хувь хүний амьдралд болон аливаад шийдвэр гаргахад юмны наадах цаадахыг ойлгож сурч авдаг. Хийж бүтээх даалингаа бид удаан эдлэх, үр ач, хойч ирээдүйдээ үлдээхийн тулд маш сайн чанартай торго, чанартай утас материал ашиглах ёстой. Сайн торго, сайн утсаар урлахад 3-4 үедээ эдэлбэр даана.
-Үндэсний дээл хувцсыг үндсэн загвар хийцээс нь өөрчлөн хийж байгаад зарим хүн шүүмжлэлтэй ханддаг. Үүн шиг даалин урлахад хуучны зураг хийцийг өөрчлөх тохиолдол гардаг уу?
-Миний болон шавь нарын маань уран бүтээл нь яг загвар хийцээрээ, бидэнд өвлөгдөж ирсэн утга, билэгдэл агуулгаараа даалингаа урлаж хийж байна. Яагаад гэвэл энэ нь уран бүтээл маань өв соёл болж үлдэж байгаа учир энэ баялгаа цорын ганцаар авч үлдэхийн тулд зураг хийцээ өөрөө зурж бүтээдэг.
Миний өөрийн уран бүтээлийн хувьд аливаа зураачийн зураг хуулбарлах биш өөрөө зурж хийдэг.
-Хатгамал урлахад нас, хүйсийн ялгаа байдаг болов уу?
-Уран хатгамал хийхэд одоогийн нийгэм настай хүний хийдэг ажил гэж бодож хүлээж авдаг. Гэтэл энэ сайхан уран бүтээлийг хийхэд нас, хүйс хамаарахгүй. Хойч ирээдүй маань “Яагаад та нар тухайн үедээ хийгээгүй үлдээсэн юм, бид нар ийм өв соёлтой байсан, яагаад та нар мартсан юм бэ” гэх асуултыг асуух эмгэнэлтэй байдалд орохгүйн тулд зааж байгаа мэргэжлийн багш байгаа үед нь бид сайн сураад авъя, энийг сайн хийгээд үлдээе гэх тусам нь би шунан дурласан. Хэзээ ч шавхагдашгүй уул уурхайгаас ч илүү оюуны их өв соёл юм байна. Үүнийг бид биедээ болоод сэтгэл зүйдээ авч үлдэх нь техник технологи хөгжсөн нийгэмд амьдарч байгаа бидний хувьд маш том үүрэг хариуцлага гэж хүлээж авч уран бүтээл хийж байгаа.
-Таны урлаж байсан хамгийн том бүтээл тань?
-Миний бүтээлээлүүд дотроос хамгийн том нь Ногоон дарь эхийн задгай хатгамлын найман төрөл орсон бүтээл байгаа. Тэр бүтээлээрээ 2010 онд Улсын хоёрдугаар уралдаанд оролцоод тэргүүн байр эзэлж байсан. Тухайн бүтээлээ бүтэн гурван жил хагасын хугацаанд зөвхөн өдөр байгалийн гэрэлд хатгаж оёдог байсан.
Одоо ажиллаж байгаа том уран бүтээл маань “Монголын нэг өдөр” Марзан Шарав гуайн зургийг зүү ороож хатгаж байгаа. Энэ бүтээл маань нэлээд томоохон бүтээлүүдийн нэг болох болно.
-Ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Шавь нартаа уран бүтээлээ яг гарчилж заагаад үүнийг ингэж хатгадаг, энэ нь ийм өв соёлтой, билэгдэлтэй гээд хэлээд үлдээдэг. Харин цаашдын зорилго маань уран хатгамал, монголынхоо өв соёлыг дэлхийд таниулан, дэлхийн ард түмэнд монгол эмэгтэй хүн ийм нарийн нандин гоё зүйл хийдэг юм байна гээд хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг болгоё гэсэн мөрөөдөлтэй.