Кубын нийслэл Хавана хотноо тус улсын коммунист засгийг эсэргүүцсэн жагсаал өрнөлөө. Ийм жагсаал сүүлийн 30 жилийн түүхэнд үзэгдээгүй бөгөөд олон мянган хүн оролцсон байна.
Жагсаалд оролцогчид эрх чөлөө, ардчилал, коронавирусийн цар тахалтай тэмцэх шийдвэртэй алхам хийхийг эрх баригчдаас шаардаж буй. Мөн сүүлийн өдрүүдэд тус улсад халдварын тохиолдол ихээр нэмэгдэж, иргэд вакцинжуулалтын хурдаа нэмэгдүүлэхийг шаарджээ.
Нийслэл Хавана хотын гудамжинд цугларсан мянга мянган иргэн “Дарангуйлал сөнөтүгэй” хэмээн хашхирч, ерөнхийлөгч Мигуэл Диаз-Канелыг огцрохыг шаарджээ.
Сүүлийн хоёр жил орчим хугацаанд Кубын эдийн засаг хүнд байдалд байгаа. Энэ нь тус улсын гол холбоотон Зөвлөлт Холбоот Улс задран унаснаас хойших хамгийн гүн хямралд тооцогдож байна.
Хавана хот даяар өвч зэвсэглэсэн цагдаагийн тусгай хүчнийхэн эргүүл хийж эхэлжээ.
Ням гарагт телевизээр үг хэлэхдээ ерөнхийлөгч Диаз-Канел бослого үймээнийг АНУ-аас зохион байгуулж байгааг хэлсэн байна.
Тэрбээр газар нутагт нь АНУ-ын хөлсний цэргүүд орж ирснийг дуулгаад дайсны өдөөн хатгалагтай хүчээ нийлүүлэн тэмцэхийг ард иргэд, коммунист намын гишүүдэд уриалжээ.
Хавана хотын нэг хэсэгт жагсагчид цагдаагийн автомашиныг түлхэн онхолдуулж, чулуугаар нүүлгэсэн тухай эх сурвалж мэдээлсэн байна. Жагсагчдын дунд орсон энгийн хувцастай цагдаа нар олон арван хүнийг баривчилжээ.
Түүхчдийн үзэж байгаагаар энэ удаагийн иргэдийн тэмцэл нь 1994 оны зун гарсан тэмцлээс хойших хамгийн том эсэргүүцлийн арга хэмжээ гэнэ.
Энэ удаагийн тэмцэл нийслэл Хаванагаар хязгаарлагдахгүй байгаагаараа онцлог. Сошиал сүлжээнд тарсан мэдээллээс үзвэл Кубын бусад хотуудад мөн жагсаал тэмцэл эхэлжээ.
Тус улсын нийслэлд Ням гарагийн өдрийн 3:00 цагийн орчимд эхэлсэн жагсаал оройн 8:00 цагийн үед өндөрлөсөн. Жагсагчдын Хувьсгалын талбайд хүрэх замыг цагдаа нар хааж, жагсаалыг хүчээр тараасан байна.
Эрх баригчид эдийн засгийн хямралд АНУ-ын тавьсан хориг, коронавирусийн цар тахал нөлөөлж байгаа гэж тайлбарладаг. Харин ард иргэдийн зарим хэсэг үүнд коммунист засгийн газрын хоцрогдсон арга барил нөлөөлж байгаа гэж үзэж байна.
Өнгөрсөн онд Кубын эдийн засаг 10.9 хувиар, энэ оны эхний хагаст 2 хувиар нэмж агшжээ. Хямралын улмаас Куба даяар хоол хүнсний хомсдол үүсч, иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн олж авахын тулд дэлгүүрүүдийн гадаа олон цагаар дугаарлаж байна.
Кубын эрх баригчид 11.2 сая хүн амныхаа 1.7 саяыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байгаа юм.