Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын үүднээс амь биеэ үл хайхран үүргээ гүйцэтгэдэг эгэл баатрууд бол Онцгой байдлын аврагчид. Тэд хүлээсэн үүрэг хариуцлагаа чанд сахиж гэртээ ч харих завгүй ажилладаг. Гэсэн ч ажлаа ялархаж биш талархаж хийдэг алба хаагчид хэнээс ч хариу нэхдэггүй. Бид Хөдөлгөөнт завьт эргүүлийн аврагчидтай уулзаж ярилцсанаа хүргэе.
Ахлах ахлагч Г.Ганбаатар
Би 16 дахь жилдээ ажиллаж байна. Энэ олон жилийн хугацаанд туршлага л хуримтлууллаа. Туршлагаасаа шинэ орж ирж буй алба хаагч нартаа зааж зөвлөдөг юм. Аврагч хүн эхлээд өөрсдийн аюулгүй байдлыг сахидаг. Дараа нь аврах ажиллагаандаа оролцоно. Эхлээд өөрсдийгөө аюулгүй байлгаж байж хүн аварна шүү дээ. Амь насаа зольсон эрсдэлтэй олон ч ажиллагаанд оролцож явлаа.
Тухайлбал Дорнодын түймэрт явж байгаад амиа алддаг таван залуу байна. Цуг үүрэг гүйцэтгэж явсан найз нөхдүүд байсан учраас энэ талаар сайн ярьж чаддаггүй. Зэрэгцэж явсан нөхөд минь үүргээ гүйцэтгэх үеэр амиа алдах нь юутай ч зүйрлэшгүй хэцүү зүйл. Гэсэн ч сонгосон мэргэжилдээ харамсаж явсан удаагүй. Бидний мэргэжлийн үнэ цэнэ шүү дээ. Аврагч хүнд амиараа дэнчин тавих шаардлага нэг бус удаа гардаг. Эргээд харахад туршлага л болсон байдаг.
Хүний амь нас аварна гэдэг буянтай ажил. Мөн эр зориг шаардсан ажил болохоор би өөрийгөө сорьж үзсэн. Нэг мэдэхэд л 17 жил болоод байна.
Иргэд хүүхдүүдээ хаячхаад бөөнөөрөө энэ тэнд архидан согтуураад, хүүхдийнхээ араас хараа хяналт тавьдаггүй. Нэг мэдэхэд хүүхэд нь урсаад явчихсан байдаг. Анхааруулж хэлэхэд архи дарсаа битгий голын хажууд уу. Бага насны хүүхэдтэй бол битгий гол дээр оч.
Ахлах ахлагч Г.Гансүх
Нэг удаагийн ээлжинд усны журмаар 3-аас багагүй аврагч явах ёстой. Зургаан албан хаагч нэг бүлэгт үүрэг гүйцэтгэж байгаа. Биогийн Энхсаран амралтын харалдаа согтуу эрэгтэй хүн хөл алдаж унасны улмаас голын салаан дээр гарчхаад явж чадахгүй байна гэсэн дуудлагын дагуу дөрвөн аврагч маань завь тавиад аврах ажиллагаа явуулж гаргаж ирсэн байгаа. Онцгой байдлын албанд анх зүгээр шалгалт өгөөд тэнцээд орж байсан. Яг усны аврагч болно гээд бодож ч байгаагүй л дээ. Анх ажилд ороод, ах нартайгаа яваад ирэхээр маш гоё. Араасаа дандаа ерөөлгөж, буян болсон ажил учраас ажилдаа дурлаж зургаа дахь жилдээ ажиллаж байна. Аврах ажиллагаа явагдсны дараа гамшиг ослын нөхцөлд байсан хүмүүс мэдээж маш их баярлаж талархснаа илэрхийлдэг. Хэрвээ гүнзгий газар живж байгаа бол биеэ суллаад аль болох биеэ атируулан хайрганаас буцаж жийгээд амьсгал авах ёстой. Аль болох тайван л байх хэрэгтэй. Хүн сандрахаараа биеэ чангалаад ус залгихаараа живдэг л дээ. Тэгэхээр биеэ суллаад аль болох тайван байх юм бол усны мандал дээр хөвж байх хугацаанд аврагчид иртэл байж тэснэ гэсэн үг.
Дэд ахлагч Г.Булганбаатар
Аврах ажиллагаа амжилттай дууссаны дараа тухайн хүн болон ар гэр нь талархаж байгаа нь их гоё байдаг даа. Хүнд хүнээс чухал зүйл гэж юу байх вэ.