Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж, жил бүрийн долдугаар сарын 10-нд улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж ирсэн билээ.
Анх 2009 оноос эхлэн энэ жил 10 дахь удаагаа тэмдэглэж байгаа Төрийн далбааны өдөр 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөртэй давхцаж байв.
Харин энэ жил дэлхий нийтийг хамран хурдацтай тархаж байгаа коронавирусийн цар тахлын улмаас Төрийн далбааны ёслолын парадыг цуцлаад байгаа билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн далбааны талаар доорх заалтууд багтсан байдаг.
12.1 Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
12.2 Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
12.5 Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.
Монгол Улсын Төрийн Далбааны түүх
Монголын анхны төрт Хүннү гүрний туг далбааны талаар нарийвчлалтай баттай нотолгоо олдоогүйч, одоогоор олдоод байгаа шинжлэх ухааны нотолгооноос үзэхэд Хүннүчүүдийн сүлд нь наран, саран байсан ажээ. Мөн Хятан улсын үеийн туг нь ланзан хэлбэрт дүрс болоод мөн наран, саран байсан гэх ба Хятадын болон Солонгосын зарим сударт " Лиао нүүдэлчдийн хийсэх өнгө нь сар, нар болно" хэмээсэн байдаг байна. Хүннүгийн наран, саран сүлд нь Их Монгол Улсын үед төрийн далбааны хөх дэвсгэрт дээр тодоос тод цагаанаар намирдаг байжээ. Анхлаад 1206 онд Их Монгол Улсын төрийн далбаа нь мөнх тэнгэрийн хөх өнгийн дэвсгэрт дээр цагаан шонхор шувуу дүрслэгдсэн байжээ. Цагаан шонхор шувуу нь Хамаг Монголчуудын сүлд шувуу байсан ба ерөөс бүх Монголчуудын шүтээн нь мөнх тэнгэр байсан билээ. Хожим 1250-аад оны хавьцаа хөх дэвсгэрт дээр цагаанаар наран, саран, гал гурав мөнхөрсөн байна. Энэ Монголын их Юань гүрнээс эхлээд XVIII зууны дунд үе хүртэл Монголчуудын дунд төрийн далбаа нь хэвээр байсан аж. Монголчууд Чин улсын эрхшээлд орон ортол энэхүү далбаа нь Зүүнгар улс болоод бусад Монголчуудын далбаа болон намирсан байдаг. Мөн Монголын их эзэнт гүрний бүрэлдэхүүн болох Монголын төрт улсуудын далбааг олонтоо тайлбарласан байдаг. Наад зах нь 2000 жилийн түүхтэй өвлөгдөн ирсэн наран, саран нь одоог хүртэл Монгол төрийн далбааны Соёмбод байдаг билээ.
Богд хаант Монгол улсын далбаа 1911 он
1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ: “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байв.
Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юмуу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.
Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байв.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1924-1940 он
1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлж бичихдээ: “Улсын туг, далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1940-1945 он
1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заасан байна. Үндсэн хуулийн заалтаар урьдах улсын тугийн хэмжээ нь дөв дөрвөлжин байсныг өөрчилж, тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэ зүйл юм. Мөн Үндсэн хуулийн энэ заалтад улсын нэрийг нэмэн хийх болсон нь шинээр нэмэгдсэн болно. Гэхдээ 1924-1940 оны хооронд байсан БНМАУ-ын төрийн туг далбаанд улсын нэр байсан байж магадгүй байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1945-1992 он
1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Х.Чойбалсан Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ. Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо: “БНМАУ-ын далбаа нь 2:1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Үүнээс өмнө Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичиж ирсэн бөгөөд энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна. Энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.
Улмаар 1949 онд Үндсэн хуульд нэмэлт орсноор улсын далбааны талаархи заалт дараах байдалтай болжээ: “Зуун зургадугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбааг улаан ба цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд уг далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь тэнгэрийн хөх цэнхэр өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан шар өнгийн таван хошуу, түүний дор мөн алтан шар өнгийн Соёмбо тэмдэг, бадамлянхуа цэцэггүйгээр байна. Далбааны өргөн урт хоёр нь 1:2-ын харьцаатай байна”.
1960 оны Үндсэн хуулийн Ерэн нэгдүгээр зүйлд улсын далбааны талаар заахдаа: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хушуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.
Монгол Улсын Төрийн далбаа 1992 оноос
Монгол Улсын төрийн далбаа нь Монгол Улсын ардчилсан үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт: "Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна." гэж заажээ.