Баяр наадамд зориулсан “Тэр” булангийн дугаартаа Алдарт эх, Монгол Улсын Алдарт уяач Э.Цолмонг урьж ярилцлаа.
Тэрээр Монгол Улсын түүхэнд тодоор бичигдсэн Алдарт уяач болсон хоёр дахь эмэгтэй уяач. Түүнээс өмнө ганцхан бий нь Д.Хорлоодой агсан гэж бодохоор уяач Э.Цолмонгийн амжилтаар бахархахгүй байхын аргагүй.
Тэтгэвэртээ гарсан, Монгол улсын алдарт ээжийн хоёрдугаар зэргийн одонтой, Монгол улсын алдарт уяач цолыг аваад удаагүй байгаа хүн хэмээн ярьсан тэрээр Улаанбаатарт өсөж, 23 дугаар сургууль сургуулийг 1986 онд дүүргээд одоогийн Украины Харьков хотын инженерийн дээд сургуульд оюутан болоод явж байжээ.
Уяан дээр очоод анх шарга азарга уруугаа ойртоход би хотын хүүхэд болохоор айж, эмээж байсан. Надад бүх юм цоо шинэ байлаа. Тухайн үед ер бусын тийм мэдрэмж төрсөн. Тэр адгуус биш миний найз юм шиг. Энд л миний аврал, энд л миний жинхэнэ би байгаа гэж мэдэрсэн. Азарга маань их сайхан давхисан улс бүсийн наадам гэлтгүй нийслэлийн хурд гээд их уралдаанууд болдог тэнд түрүүлж байсан. 2005 оны өндөр гэгээн Занабазарын уралдаанд таваар давхиад тэр жилдээ Дорнодын уралдаанд бас тавласан азарга.
Horse therapy гэж байдаг гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй, дауны синдромтой хүүхдийг horse therapy- гаар эмчилдэг тийм арга байдаг юм билээ. Өнгөрсөн жил МУИС-ийн сэтгэл судлалын ангид би магистр хийхээр элсэж орсон. Сэтгэл судлалыг морьтой холбоё гэсэн хүсэл тэмүүлэл, мөрөөдлөө тээгээд явж байна.
Миний ханийг Товуугийн Энхбат гэдэг бас Монгол улсын Манлай уяач хүн. Бид дөрвөн хүүхдийн эцэг эх, гурван ачтай. Нөхөр лүүгээ уйлж утасдаад л, уралдаанд явж байхад намайг одоо ингээд байна тэгээд байна гэнэ. Нөхөр эхлээд за яах вэ миний хөгшин, чи чинь ямар хүн билээ хэн билээ тэсээд л гарна шүү дээ гэж хэлдэг зоригжуулдаг.
Өөрийнхөө багшийг дурдах дуртай. Багш маань Цэвээнжавын Дуламсүрэн гээд хүн байгаа. Монгол улсын Тод манлай уяач, Монгол Улсын Начин. Эмэгтэй хүн морь уяж болохгүй, эмэгтэй хүн уяан дээр очиж болохгүй, эмэгтэй хүн тэгж болохгүй, эмэгтэй хүн ингэж болохгүй гэдэг. Манай Дууяа надад хэлдэг байсан “Уяач болгон эх хүнээс төрдөг. Цолмон чи бол чадна, моринд нүдтэй” гээд надад морь шинжихийг зааж өгч, уяаныхаа эрдмээс надтай хуваалцаж байсан.
Алдарт уяачийн цолын болзол хангахад улс бүсийн наадмаас найман айраг түрүү авсан байх ёстой. Яг өөрөө уядаг уу гэсэн асуултад би хувиа хэлэх юм бол яг 40 хувь оролцдог. Морийг уяна гэдэг чинь маш их хөдөлмөр. Морины уяа эхлэх одоо ингээд морио бариад л 4-5 сар гэхэд уяа уруугаа шууд гараад явчихдаг байсан. Өвлийн цагт морьдоо тавина. Намрын уралддаггүй үед бол байнга эргэж тойрдог жинхэнэ хөдөө байдаг морио малладаг уяач нар шиг би дөрвөн цагийн эргэлтэд бол хажууд нь байдаг гэж би худлаа хэлэхгүй ээ.
Стадионд манай морь уралдаад ороход би хав халтар царайтай л ордог байсан. Тэгэхдээ би бол хэн нэгэнд таалагдах гэж хэн нэгэнд ойлгогдох гэж би морь уяагүй. Би зөвхөн өөрөө өөрийнхөө түүхийг бүтээж хэзээ нэгэн цагт Эрдэнэ-Очирын Цолмон гээд алдарт уяач байна гэдэг чинь бас л ондоо шүү дээ.
Хүмүүс ингэж ярьдаг шүү дээ нэг л амьдарна. Үгүй шүү дээ нэг үхнэ харин бид нар өдөр болгон амьдарна. Тэр амьдралынхаа өнгийг өөрөө яаж бүтээх үү, тэр өнгөндөө өөрөө яаж гоё хөг оруулах уу гэдэг чинь тэр хүнээсээ шалтгаална. Би өнөөдөр бол яг хурдны морьтой холбогдох болсон болоод би холбогдсон. Тэгээд манай өвөг дээдэс дотор ч гэсэн морь уядаг хүн байсан юм билээ. Лодойдамба зохиолчийн төрсөн дүү нь манай эмээ. Тэгээд манай Чадраабал өвөг дээдэс бол морь уядаг байдаг гэсэн.
Энэ эмэгтэй яагаад илүү гарчихсан юм, нөхрийнхөө буянг худалдаж авсан, үнэтэй морьдынхоо буянд гээд ингэж ярьж магадгүй. Тэрийг би үгүйсгэхгүй. Надад нөхрийн буян байгаа байна уу байна. Сайхан хурдан хүлгийн буян байна уу байна. Тэр чинь тэгээд тэр болгон заяадаггүй л байхгүй юу тийм биз дээ. Өнөөдөр маш олон сайхан хөлгүүд уралдаж байна тэгэхэд айрагдаж байгаа тавхан л байгаа шүү дээ. Тэгэхлээр тэр айрагдахын шүтэн барилдлага гэж байна шүү дээ. Морь уясан хүний морь, морины эзэн дээрээс нь морь унаж уралдаж байгаа хүүхэд тэгээд тэр өөрөө морь гэдэг хийморьтой тийм одоо амьтны яг тэр хийморь яг тэр цэг дээр нь хүрч байж тэгж байж тэр морь айрагдаж байгаа байхгүй юу. Морь уяж байгаа энэ уяач гэсэн ийм том гэр бүлийн жоохон захаар нь би алхаж байгаадаа баяртай байдаг.
Морины уяа гэдэг чинь маш их эрдэм маш их мэдлэг түүний оргилд хүрнэ гэж байхгүй.