Бид Үндэсний их баяр наадамд зориулсан “Тэр” булангийнхаа дугаарт Улсын Мэргэн Л.Одсайхантай ярилцлаа.
Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүүг авч, төрөлх Сүхбаатар аймгаасаа 99 жилийн дараа төрсөн анхны эмэгтэй Мэргэн харваач бол бидний өнөөдрийн зочин Л.Одсайхан билээ. Үндэсний спортоор хичээллээд 13 жил болж буй тэрээр хүүхэд байхын спортод элэгтэй ойр өссөн нэгэн.
Ээж, аав волейбол, сагс тоглодог. Ах барилддаг, эгч хүндийн өргөлтөөр чамгүй амжилт гаргасан, одоо шүүгч хийж байна. Дүү бас л сагс тоглодог гэр бүлээрээ спортын орчинд өсөж хүмүүжсэн. Анх яг очиход аймагт тэр үед бол нум сум ховор байсан үе нум татаж үзэж байсан. Тэр нумыг дийлж байсан. Өөрөө яг сонирхож байгаагүй. Багш маань санал тавьсан. Чи чадах юм байна. Хичээллээд үз гээд. Тэгээд очоод аймагтаа сураар хичээлэж эхэлсэн. Анхны багш Сүхбаатар аймгийн хоёрдугаар сургуульд номын санч хийдэг н.Байгальмаа гэж хүн байна.
Спортоос алхам ч холдоогүй тэрээр 2007 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн биеийн тамирын багшийн анги төгссөн. Биеийн тамирын багш мэргэжилтэй. Сүхбаатар аймагтаа мэргэжлээрээ ажиллаж сагсан бөмбөгийн спортоор олон шавь төрүүлжээ.
2020 оны наадамд түрүүлж, Монгол Улсын Мэргэн цол хүртсэн. Сурын спортоор 2008 оноос эхлэн хичээллэсэн. Анх хотод ирэн мэргэчүүдийг харж байхад малгайтай, тэмдэгтэй сүрдмээр байсан. Багшдаа хэлээд та намайг энд үлдээчих, энд үлдэх юм бол харваач болох боломжтой юм байна гээд. Би өөрөө спортын хүн байсан болохоор харсан байх. Тэгээд Ц.Хүдэрчулуун мэргэн багш дээр үлдэж байсан даа. Түүнээс хойш хотод ирж багш дээрээ бэлтгэл хийдэг байсан. Би 13 жил хичээллэсэн. Бусад харваачидтай харьцуулах юм бол маш богинохон хугацаа байхгүй юу. Тэр олон гайхамшигт өндөр настай харваач байна. Тэгэхэд харваж байхыг хараад энэ хүмүүс ингэж харваж байгаа юм чинь би орхиж болохгүй. Энэ спортод ахмад харваачдыг харж илүү их хайрлаж, илүү их дурлаж орсон.
Сурын спорт гэдэг бол эмэгтэй хүнд ер нь бол хатуу. Зундаа гэр бүл, үр хүүхдээ орхиод явна. Наранд халаад л байнга шороо, салхи тэр болгоныг байж, давж гарч, тэсвэр тэвчээр гаргаж харваж байгаа. Бүгд соёлын өв тээгээд шантрахгүйгээр маш эр зоригтойгоор явна гэдэг гайхамшиг. Мэргэн болсноосоо хойш улам их хүмүүсийг хайрлаж, хүндэлж, мэдэрч арай л өөр болсон. Одоо бодоход өмнө жил би харваж байхдаа их жаргаж харваж байсан байгаа юм. Аль болох цолонд хүрчих юмсан гэсэн зорилготой байсан. Өнгөрсөн жил наадам өнгөрөөд бэлтгэлдээ гарахад энэ жилийн хувьд маш их айдастай байсан. Тийм ч учраас тавдугаар сарын бараг 20 гээд бэлтгэлдээ гарсан. Тэр их айдас, тэр их хариуцлага хүнд их оногдох, өөртөө итгэх итгэл ч юм уу, дайчин чанар цол дагаж бяр гээд бүх зүйл хамт ирдэг юм байна.
Сүхбаатар аймгийн хувьд 99 жилийн дараа анхны эмэгтэй Мэргэн төрсөн. Дараа нь бодоход өөрийнхөө амьдралд, гэр бүлд их л том түүхийг үлдээж чадсан байна. Өнгөрсөн жилийн хувьд би бэлтгэл өндөр түвшинд хийсэн. Их хөдөлмөрлөсөн. Би чинь бүр хав хар болсон байсан. Олон харваачдаас би бараг хамгийн хар нь л байсан. Шантрахгүй байсан, зоригтой байсан. Багштайгаа сайхан гар нийлж, бэлтгэлийн галынхан маань сайхан байсан. Маш олон баг ажиллаж байж нэг нь цойлж гарч байгаа. Түүнээс биш би ганцаараа яваад ямар ч амжилт үзүүлэх боломжгүй. Ард хань хүүхдээ хараад үлдэж байна. Аав, ээж маань гэртээ сүүгээ өргөөд наадам телевизээр үзээд. Тэр бол Сүхбаатар аймгийн түүхэнд бас л тодоор түүх болж үлдэх тийм сайхан үйл явдал болсон. 13 жилийн миний хөдөлмөр байсан. Гэр бүл дэмжиж байгаа учраас би ингэж явж байсан.
2013 онд ханьтайгаа танилцаад манай нөхөр ч гэсэн бас л спортын хүн, биеийн тамирын багш хийдэг. Одоо бодоход долоон жил болоход цуг үзсэн наадам нэг ч байдаггүй. Манай нөхөр үндэсний бөхөөр хичээллэдэг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хүн н.Наранцогт. Бөх тайлбарладаг. Одоо морь их сонирхож байна. Аймгийн арслан, аймгийн начин гээд олон сайхан шавь нар төрүүлсэн.
Үндэсний сураар шавь орох хүмүүс олон байна. Надад авах боломж байхгүй байна. Өөрөө сайн харвах хэрэгтэй байна. Цол авсан түүндээ эзэн болохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Яг заагаад аймагтаа байж чадахгүй учраас болохгүй байна. Болж өгвөл аймгийнхаа харваачдаас нэг хоёрыг нь дагуулаад ивээн тэтгэдэг компани дээрээ авчраад бэлтгэл хиймээр байна. Гэхдээ ирээдүйдээ шавь бэлдэнэ. Яг үндэсний сураар шавь бэлдэж үзээгүй учраас маш сайн судалгаатай байх хэрэгтэй болов уу. Одоо өөрөө шавь бэлдэх юм бол бас л эхнээс нь энэ өв соёлыг тайлбарлахаас эхлэх байх. Дээдсээ бид яаж хүндлэх ёстой гээд энэ бүгдээс эхлээд заах ёстой. Заавал хүн болгон цол авах боломжгүй. Мэргэчүүд гэдэг цаанаасаа өгөгдөлтэй төрсөн хүмүүс. Үндэсний спортоор хичээллэж байгаа учраас тэр олон сайхан ахмадууд, ах, эгч нараа хайрлах, дүү нараа хайрлах. Энэ орж ирж байгаа залуу харваачдыг сайхан ивээл, хайр, инээд хөөрөөр тосож авья гэж боддог. Маш олон залуучууд орж байна. Та нар ямар хэмжээнд очих ёстой юм бэ гээд зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэхийн тулд ухарч болохгүй.
Хэрвээ нэгэнтээ спортыг сонгож байгаа бол, ерөөсөө амьдрал дээр адилхан нэг спорт, нэг ажил сонгож байгаа бол түүний төлөө зүтгэх хэрэгтэй. Замаасаа халширч болохгүй. Тэр л замаараа чигээрээ явах юм бол өнөөдөр ямар ч хүн ямар ч цолонд хүрэх боломжтой гэж хэлмээр санагддаг. Ерөөсөө шантарч болохгүй, ухарч болохгүй шүү.