Бид үндэсний их баяр наадамд зориулсан “Тэр” булангийнхаа дугаарт Дархан мэргэн Ц.Хүдэрчулууныг урьж ярилцлаа.
Монгол түмний эрийн гурван наадам бол өнө эртний түүх, өв уламжлалыг илтгэсэн наадгай юм. Эрийн гурван наадмыг морь, бөх, сурын харваагүйгээр төсөөлшгүй, тулгын гурван чулуу.
Дорнод аймаг эрхий мэргэн харваачдаараа алдартай. Тэр дундаа Баян-Уул сумаас улсын наадмын зурхайд уухайн хадаан түрүүлсэн мэргэн харваачид олон бий. Тэдний нэг бол энэ удаагийн зочноор уригдан ярилцсан Ц.Хүдэрчулуун.
Түүний аав Дархан мэргэн А.Цэвээн МУ-ын үндэсний сурын харвааны цорын ганц Хөдөлмөрийн баатар цолыг хүртсэн бол үндэсний сурын Гавьяат тамирчин цолыг А.Цэвээн түүний хүү дархан мэргэн Ц.Хүдэрчулуун хүртээд буй.
Баянзүрх дүүрэг Бурхан Халдун группийн харваач, Монгол улсын Гавьяат тамирчин. Дархан мэргэн цолтой тэрэр сур харваагаар 46 жил хичээллэж байгаа. 10 настайгаасаа анх аавыгаа дагаж сурын зурхайд хөл тавьсан тэрээр дахиад өшөө ч олон жил харвана хэмээн хуучиллаа.
Тэрээр “Тэр үеийн залуу харваачид, манай аавын нутгийн Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат нутгийн Ц.Пүрэвээ мэргэний үр хүүхдүүдийг дагаж сурын анхны мэдэгдэхүүнтэй болсон гэж боддог. Аав маань уралдаан тэмцээнд ороход бид нарт хэлж, зөвлөдөг байсан. Сурыг анх сонирхох болсон нь ерөөсөө л нум, сум бариад эвшээлгэнэ гэдэг бол гайхамшигтай. Бяр чадал орно. Тодорхой хэмжээнд шагайж харна гэдэг бол ердийн татаж харваж байгаа биш. Тийм болохоор ер нь сур бол агуу спорт. Тэрийг нь хүүхэд байхаасаа мэдэрч ирсэн дээ. Сураасаа салж чадахгүй” хэмээн сур харваагаараа бахархан ярина.
Цэвээний Хүдэрчулуун 1987 оны улсын наадамд түрүүлж мэргэн цолонд хүрсэн. Тэрээр аавынхаа амжилтыг давтаж 1987, 1994, 2002, 2012 онуудад түрүүлсэн. Энэ тухайгаа “1987 оны улсын баяр наадмын харваагаар 40 сумаас би 36 онож улсын наадамд түрүүлсэн. Тэр үеийн мэргэн харваачид бол манай Дорнод аймгийн харваачид голдуу байсан. Тэр тусмаа манай Баян-Уул сумын харваач Д.Базаргүр мэргэн, Д.Нямсүрэн мэргэн, миний аав гээд бүгд л мундаг. Одоо алтан үеийн харваачид гэдэг юм даа. Би сурын 70-аад оны харваачид, 80-аад оны харваачдыг бол бурхдын үеийн харваачид л гэж боддог юм. Их сайхан бурханлаг хүмүүс байсан. Одоо ч байгаа. Бусад спортыг бодвол шударга, олны өмнө, олны нүдэн дээр оноод үзүүлдэг. Түүгээрээ гайхамшигтай. Энэ сайхан спортыг авч явсан улсуудыг би хүндэлж, шүтэж явдаг юм. 1987 оны улсын наадамд түрүүлэхэд тэр үед би 22-хон настай, оюутан дөнгөж болж байсан. Тийм болохоор намайг наадамд түрүүлнэ гэж огт бодоогүй байсан байх. Сүүлийн дөрвөн суманд би хоёр улсын мэргэн Д.Базаргүр мэргэн, Д.Нямсүрэн мэргэн хоёроос нэг онооны илүүтэй бас залуу насны аагаар айж ичихийг мэдэхгүй, зоригтой харваад түрүүлсэн байх гэж боддог. Аав маань баярлаж байсан. Аавыгаа олон удаа баярлуулсан гэж боддог. Хамгийн сүүлийн харваанд бол аавыгаа 2012 онд улсын наадмын дөрөв дэх түрүүгээ авч, аавтайгаа ижил, тэр үедээ бол гарамгай мэргэн цол авч байсан. Тэр цолыг авч байхдаа бол аавыгаа хязгааргүй баярлаж байхыг нь харсан. Түүнээс өмнө аав маань баярладаг л байсан. Гэхдээ тэгж баярлахыг нь бол би хараагүй. Аавыгаа тэр өндөр насанд хүрээд, 88 настай байхад нь баярлуулсандаа би одоо ч бодохдоо баярлаж явдаг” гэлээ.
Ц.Хүдэрчулуун мэргэн “Сур ер нь бол их төлөв спорт л доо. Сэтгэлзүйн хувьд их тийм тогтонги болдог. Хүүхдэд хүмүүжилд их ач холбогдолтой. Хүүхдүүд одоо цагт чинь компьютер тоглоод л, гар утсаараа тоглоод л байхын оронд сур харваад, нум сумаа тээгээд явж байвал бие бялдрын хүмүүжил олгоно, сэтгэлзүйн хүмүүжил олгоно, төлөвшүүлж өгдгөөрөө онцлогтой” гэлээ. Тэрээр олон шавь нарыг гардан сургаж байгаа. Тэдний нэг бол өнгөрсөн жилийн Улсын Мэргэн Л.Одсайхан “Манай Л.Одсайхан мэргэн 2011 онд надад анх шавь орж байсан. Сүхбаатар аймгаас өндөр, сагсны спортын мастер, бие бялдар бол мундаг хөгжсөн охин анх надад шавь орж байсан. 2019 он, 2020 оны улсын баяр наадмын бэлтгэлд цуг гарч бэлтгэл хийсэн. Тодорхой хэмжээний нөлөө байсан байж магадгүй. Л.Одсайхан мэргэн маань их сайн харваж, уйгагүй хичээл, мэрийлтийн үр дүнгээр сэтгэлзүйгээ бас их зөв авч явж, үлдсэн сүүлийн дөрвөн сумыг бүгдийг нь бүрэн онож, урдаа байгаа дөрвөн харваачийг гүйцэж, улсын баяр наадамд түрүүлсэн. Тэр нь бол миний амьдралд тохиолдож байгаа хамгийн сайхан үйл явдлуудын нэг болсон. 2002 оны улсын баяр наадамд би хоёр харваачийн дор явж байгаад сүүлийн дөрвөн сумыг бүрэн онож, түрүүлж байсан. Энэ амжилтыг маань миний нүдэн дээр үзүүлээд шавь маань улсын наадамд түрүүлсэнд би их баяртай байгаа. Шавийгаа өшөө ч олон наадмын түрүү авна гэдэгт итгэлтэй байна.
Политехникийн дээд сургууль төгссөн, технологийн инженер мэргэжилтэн тэрээр “Миний мэргэжил сур харвахад бас нэлээд дөхөм болсон байх гэж боддог. Инженерүүд манай сурд тооцоо сайн хийдэг. Жишээлбэл, Баянзүрх дүүрэг Бурхан Халдун группийн багт олон инженерүүд байдаг. Тэд нартаа би бас найдлага тавьдаг юм” гэлээ.
Баяр наадмын шагнал урамшуулалд бөх, хурдан морины бай шагнал сурынханд өгдгөөс хэд дахин илүү байдаг. Бай шагналын тухайд тэрээр “Төрийн наадамд түрүүлнэ гэдэг гайхамшиг. Тийм болохоор бид нар бол шагнал урамшууллыг бол учиргүй голдоггүй. Зүгээр харьцуулж бодох юм бол улсын баяр наадмын бөхийн бай шагнал, хурдан морины бай шагналаас доогуур түвшинд байдаг. Төр засгаас анхаарвал зүгээр. Яагаад гэвэл эрийн гурван наадам гэдэг бол тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг. Тэр дотроо алийг нь ч алаг үзэж, ярих ч бас утгагүй байгаа юм. Морь, бөх гэж яриад байгаа УИХ-ын гишүүд, дарга, дээдсүүд маань тэгж ярихаар их сонин санагддаг. Яахаараа сураа тэгж тусад нь ялгаж ярьдаг юм. Морь, бөх, сур гээд эрийн гурван наадмаа ярихдаа нэгийг нь хасаад ярихад би жоохон сэтгэл дундуур байдаг. Манай сур шиг ийм насны хязгаар байхгүй, зөвхөн тэр харваачийн сэтгэл зүй, оюун ухаанаа яаж төлөвшүүлж, яаж харваж чадна, яаж хичээл зүтгэл гаргах уу, тэр хичээл зүтгэл гаргасан харваач амжилтад хүрнэ гэдгийг харуулдаг спорт. Тэр утгаараа манай сурыг бол аль ч насны харваачид ирж харваж болно. Тийм болохоор залуучууд ч бай, ахмадууд ч бай ирээд манай сураар хичээллээд үзээрэй. Угаасаа хичээллээд эхэлсэн хүн бол манай сураас гарч чаддаггүй. Гайхамшигтай. Монголын өв уламжлалыг авч явж байгаа тансаг спорт юм” хэмээн онцолсон билээ.