Манай энэ удаагийн “Тэр” дугаарт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын Начин Насанцогтын Баярбаатар оролцлоо.
“Улсын цолны босгыг өөрийнхөө хүндэлж хайрлаж явдаг багшаараа алхсандаа үнэхээр их баяртай өөрийгөө их азтай хувь тавилантай хүн гэж боддог”
-Бөх болох гараагаа хэрхэн анх тавьж байв. Анх хаана наадмын дэвжээнд зодоглоэ ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Миний аав Баянхонгор аймгийн харьяат Бяхрын Насанцогт гэж залуу насандаа бөхийн тайлбарлагч, Жанрав агсны шавь гэж өөрөө хэлдэг байсан. Залуу насандаа над шиг бие хаа томтой үеийнхэн дундаа бас их том өсвөрийн хүүхэд байхдаа сумандаа түрүүлж сумын заан болж байсан.
Үндэсний бөхөөр 2007 онд наадмын бэлтгэлд гарсан жилээ аймгийнхаа өсвөр насны наадамд түрүүлж, бөх болох гараагаа эхэлсэн. 2011 онд аймгийнхаа 80 жилээр аймгийн начин цол хүртэж байсан юм. Хөдөлмөрлөсөн хүнд л аз ирнэ. Хөдөлмөрлөөгүй байж азтай яваад байна гэж юу байх вэ. 2011 онд аймгийн начин болсны дараа 2012 онд аймгийнхаа наадамд барилдаад тав даваад аймгийн начин цолоо баталж байлаа. Начин цолоо гурван удаа баталсан.
Анх Сэлэнгэ аймгийн Мандал суманд шигшээ барилдаан гэж болдог байсан юм. Түүнд Н.Жаргалбаяр заантай барилдаад давснаар сумын заан болсон. Тухайн үед би, “Одоо ингээд боллоо. Бөхийн карьер дууслаа” гээд л бодож билээ. Сумын заан болчихвол бөхийн цол өндөрлөчих юм шиг л санадаг байж билээ. Залуу ч байж.
-Том бөхөд унаад халширч байсан үе бий юу?
-Сэлэнгэ аймагт 2014 онд болсон барилдааны үеэр дөрөв билүү тавын даваанд Энхжаргал заантай таараад би нэг их сүрхий өшиглүүлээд хавьруулж унаад тэрэнд л их шаналж уйлсан байдаг юм. Улсын начин цол гэдэг үнэхээр эрхэм хүндтэй цол.
-Ямар барилдаан хамгийн амаргүй байдаг бол?
-Өөртэйгөө бие хаа ойролцоо бөхтэй барилдахаас илүүтэй жижигхэн бөхтэй барилдах хамгийн хэцүү. Цол аваад цолондоо эзэн байж, түүнийгээ дагаад үүрэг хариуцлага, хүнийг хүндлэх, хүндлүүлэх гэдэг асуудал бол байна.
-Бөхчүүдтэй холбоотой допингийн асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай бөхчүүдийн дунд яртай бол бяртай гэдэг үг байгаа шүү дээ. Допинг гэдэг юмыг хэрэглээд хүн ганцхан үндэсний бөхийн спортоор барилдаад амьдрал нь дуусчихгүй. Цаашлаад бас амьдрах цаг хугацаа орон зай маш их. Допингийн асуудлыг, дэлхийн олимпийн тамирчдаас допингийн төрлийн бодис илрэхэд өгдөг шийтгэлтэй ойролцоо шийтгэл өгөөд үүнийгээ чангаруулаасай гэж боддог. Монголын допингийн холбооноос ирээд үнэндээ бөхчүүдэд сурталчилгаа сургалт семинар ордог юм байдаггүй шүү дээ.
-Бөхчүүдийг их иддэг гэдэг. Энэ нь магадгүй хүч тамир сэлгэхтэй холбоотой байдаг байх. Хоолонд хэр сайн бэ?
-Залуу бөх байхад өлсөхөөсөө илүү идэх нь хэцүү байлаа. Н.Жаргалбаяр бид хоёр Сэлэнгэд Гүн нуурт бэлтгэлд гарсан байж байгаад нэг, хоёрдугаар хоолны төмөр тавгаар тухайн үедээ 7-8 аяга цуйван 7-8 аяга шөлтэй хоол өөд өөдөөсөө харж байгаад идэж байсан.
-Наадмаар түрүүлж индэр дээр гарч цолоо гардан авах тэр агшин ямар байдаг вэ?
-Би аймгийн арслан болчихоод ерөөсөө яаж индэр дээр гарч шагналаа аваад яаж аав ээж гэр бүлтэйгээ манай аймагт байдаг нутгийн овоо дээр гарсанаа ч мэддэггүй. Нэг мэдсэн мэлмэртэл, бөмбөртөл уйлаад сууж байсан.
-Наадмын бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ. Бэлтгэлд гарсан байхад хатуу дэг барьдаг гэдэг шүү дээ?
-Наадмын бэлтгэл сургуулилт гал гэдэг наадмн өмнөх нэг сарын хугацаанд өөрийнхөө сэтгэл санааг тогтворжуулах сэтгэл санаагаа бэлдэх юм. Наадамдаа бэлдэх, бүх хорио цээр өөртөө хорио цээр тогтоож муу муухай архи дарс хар хэл ам бүх юмнаас холуур байх гэж л наадмын бэлтгэлд гардаг болов уу. Тэрнээс биш зүгээр эмэгтэй хүнд л ойртоод бүх юм байхгүй болчихгүй тийм юм бол байхгүй байх гэж боддог. Энэ бол миний л бодол шүү.