Коронавирусийн халдвар тарснаар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны доголдлыг харууллаа гэхэд хилсдэхгүй. PCR шинжилгээг үнэ төлбөртэй болгохоос эхлэн ковидоос бусад өвчнөөр өвчлөгсөд эмнэлгийн үйлчилгээг хангалттай авч чадахгүй байгаа юм. Үүний захын нэгэн жишээг дурдахад, энэ сарын 7–ны өдөр Арьс өвчин судлалын үндэсний төв дээр харшил нь хүндэрч яаралтай тусламж авахаар ирсэн 30 гаруй хүн эмчилгээ битгий хэл эмчийн зөвлөгөө ч авч чадалгүй буцсан талаар бид сурвалжилсан. Тэдгээр иргэдийн зүгээс эмч нарын үйл ажиллагааг буруутгаж, шүүмжлэлтэй хандаж байсан юм. “Эмч нар ажлаа хийхгүй байж яах гэж цалингаа нэмүүлээд байгаа юм” гэх хүмүүс ч байлаа.
Харин эмч нарын хувьд, халдварын голомтод ажиллан эрүүл мэндээрээ ч хохирч байна. Ковидоос үүдэн эмчийн хүрэлцээ бага байгааг хэлж байсан. Аль аль талдаа хүндрэлтэй асуудал үүсч байгаа бодит жишээ энэ. Ийм маргаан зөрчилдөөн үүсч, хоёр талд хуваагдаж буй байдал нь эрүүл мэндийн сайд С.Энхболдоос хамааралтай. Өөрөөр хэлбэр ямар ч зохицуулалтгүй нүд хуурсан шийдвэр, ажлуудын үр дүнд өвчтөн болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хохирч байна.
Манай улсад 15 мянган хүн ковидын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа. Улсын хэмжээнд 27 мянган ор эрүүл мэндийн салбарт байдгаас 14 мянган орыг эмчилгээнд зориулж гаргаад байна. Үлдсэн орыг нь бусад өвчний улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдэд зориулж буй. Гэвч цаашид ор гаргах боломжгүй болсон бөгөөд ор гаргасан ч ажиллах хүний нөөц байхгүй болсон талаар ЭМЯ–наас мэдээлж байсан.
Гэвч дэлхийд элэг, сахар, нойр булчирхайн өвчлөл, хорт хавдраараа тэргүүлдэг манайх шиг улсад дээр дурдсан тооны эмнэлгийн ор хүрэлцээгүй байх нь тодорхой.
Мөн ЭМЯ–наас “Гэвч цаашид ор гаргах боломжгүй болсон бөгөөд ор гаргасан ч ажиллах хүний нөөц байхгүй болсон” гэж мэдээлэл хийж буй нь үнэндээ ичмээр асуудал. Шуудхан хэлэхэд өвчтөнүүдийг эмчлэхгүй, үх гэж буй мэт утгатай мэдэгдэл хийсэн юм. Энэ мэтчилэн үгээр бус үйлдлээрээ үх гэсэн шийдвэрүүдийн ЭМЯ-наас цар тахлын үед нэг бус удаа гаргасан.
Тухайлбал, Хүнд хагалгаанд орсон өвчтөн дөн өвлийн хүйтнээр алхаж очин эмнэлэгтээ үзүүлж байв. Хөдөө орон нутгаас ирж буй өвчтөн хот руу нэвтэрч чадалгүй машиндаа амиа алдсан гэх мэтчилэн асуудлууд ар араасаа цуварсан билээ.
Ийм нөхцөлд эрүүл мэндийн сайд юу хийсэн бэ. Асуудлыг дэврүүлж суулт, жагсаал хийхгүй л бол ямар ч шийдэл гаргадаггүй байдлаа хэзээ засах вэ. Дахин хэлье! Ковидоос бусад өвчнийг хайхрахаа больсон хандлагыг засаж залруул. Эрүүл мэндийн салбарыг зөв зохицуулалтаар залж залуурд. Чадахгүй бол ажлаа өгөх сонголт танд бий.