Тун их харамсаж сууна. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд бие нь ч бизнес нь хөл хорионд орсон иргэдийн тэвчээр тасарч, шударга бус, тэгш бус хөл хориог эсэргүүцэж жагсаж, тэмцсээр байгаа. Гэтэл миний цагдаа намайг хамгаална хэмээн бахдам хэлдэг байсан иргэдээ цагдаа нь хамгаалах биш залхаан цээрлүүлсээр, баривчилсаар, зоригийг нь мохоосоор… Харин цагдаа дарга, ноёдоо л хамгаалж байгаад харамсаж сууна.
БАРИМТ НЭГ. Зургаадугаар сарын 29-нд тэгш бус хөл хориог эсэргүүцэж, тэвчээр тасарлаа хэмээн жагсаж байсан иргэн Д.Монголхүүг Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан баривчлав. Уг нь иргэн Д.Монголхүү архи согтууруулах ундаа хэрэглээгүй, ямар нэгэн хууль зөрчөөгүй байсан юм. Цагдаа нар түүнээс тайлбар мэдүүлэг аваад буцаасан байдаг.
/Иргэн Д.Монголхүүг баривчилж байгаа нь/
БАРИМТ ХОЁР. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр буюу 6-р сарын 25-нд Сүхбаатарын талбайд комедиан Д.Амартүвшин өөрийн үзэл бодлоо илэрхийлж, цахим сүлжээнд лайв дамжуулж байх үеэр нь цагдаагийн алба хаагчид баривчлав. Тэрбээр лайв дамжуулахдаа "Халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй, өдөрт 10 гаруй хүн үхэж байхад энэ үйл ажиллагаагаа зогсоо" хэмээн орилсон юм. Лайв дамжуулж, үгээ хэлсний төлөө түүнийг баривчилсан шалтгаанаа Монголын цагдаа тайлбарлахдаа “олон нийтийн газар хууль сахиулж байгаа цагдаагийн алба хаагчид иргэдийг баривчлах бус, гаргаж буй зөрчлийг газар дээр нь таслан зогсоох зорилгоор хууль сануулж шаардлага тавих, согтуурсан мансуурсан байдлыг шалгах, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, хэрэв тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн албаны тухай хуульд заасан тодорхой ажиллагаа явуулж түр саатуулах эрхтэй байдаг" гэсэн юм. Д.Амартүвшин, Д.Монголхүү нар яг ямар зөрчил гаргасан юм бэ. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь зөрчил юм бол ардчилсан Монгол улс гэх нэрээ социалист Монгол болгож өөрчилье.
/Иргэн Д.Амартүвшинг баривчилж буй нь/
БАРИМТ ГУРАВ. Долоодугаар сарын нэгэн буюу өчигдөр ТЭВЧЭЭР ТАСАРЛАА жагсаал төв талбайд болов. Жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын үгээ бичиж, гарын үсгээ зурж буй шар өнгийн даавууг булаах гэж оролдон, иргэдийн жагсах тэмцэх эрхэнд бүдүүлгээр халдав. Цагдаа нийтийн хэв журмыг зохицуулах үүрэгтэй ч нийтийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах үүрэггүй билээ.
/Жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын гарын үсгээ зурж байсан даавууг хураах гэж оролдов/
БАРИМТ ДӨРӨВ. Өчигдрийн ТЭВЧЭЭР ТАСАРЛАА жагсаалын үеэр жагсаалд оролцож байсан иргэд манай ӨРӨГ.МН сайтад өгсөн ярилцлагадаа “өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаа нар биднийг тасралтгүй 11 цаг өрөөнд хорьж, босоогоор нь байцаасан. Биднийг бие ч засуулаагүй, агаар ч амьсгалуулаагүй. Бид ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй, тайван л жагсаж байсан. Надаас бүр дөрвөн өөр цагдаа, дөрвөн байцаалт авсан. Тэгэхэд нэг нь л нэр ус цолоо хэлж байцаалт авсан. Бусад нь намайг элэглэж, дооглож, доромжилж байсан. Бидний гар утас, бүх юмыг хураасан. Сүхбаатар дүүргийн цагдаа нар биднээс уучлалт гуйх ёстой. Бид цагдаа нарыг удаан гуйсны эцэст гадаа гарч, эмэгтэйчүүд нь бие засаж, эрчүүд нь тамхи татаж бага зэрэг тайвширсан. Яагаад ямар ч гэм буруугүй биднийг баривчилж байгаа юм бэ. Юу ч ойлгоогүй. Биднээс уучлалт гуйх ёстой.” гэсэн юм.
Цагдаагийн албаны тухай хуульд уг нь цагдаа иргэнээ баривчилж, залхаан цээрлүүлж болно гэсэн нэг ч үг үсэг өгүүлбэр байдаггүй. Харин Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэж л заасан байдаг юм. Мөн Цагдаагийн Ерөнхий газар "Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг л баривчлах гэсэн заалт байдаг. Товчхондоо энэ нь прокурор хуульд заасан тодорхой үндэслэл байна гэж үзвэл сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авч шүүхэд хүргүүлснээр, шүүхээс баривчлах тогтоол гаргаснаар баривчилдаг. Гэтэл энэ нь ч хэрэгжихгүй байгаа юм.
Анх Х.Тэмүүжин сайдыг “Цагдаагийн байгууллага бол үйлчилгээний байгууллага” гэж хэлэхэд гайхсан унтууцсан ЦАГДАА олон байсан. Магадгүй, энэ үг Монголын цагдаа иргэндээ үйлчилж чадахгүй байна аа гэдгийн хамгийн эхний илэрхийлэл. Харин Монголын цагдаа үүнийг л эгдүүцэж эсэргүүцсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл нөхцөл байдал ийм. Цагдаа хүссэн үедээ хүссэн хүнээ баривчилж яваад хүссэн хугацаагаараа өрөөндөө “хорьж” залхаан цээрлүүлж байна.
Дарга нарынхаа тушаалыг дагаж, үүргээ биелүүлж буй жирийн цагдаа нарын ажлын ачаалал, ажиллах нөхцөл, авч байгаа цалин тийм хангалттай байгаа гэж үү. Үгүй шүү дээ. Жирийн цагдаа, бизнес эрхлэгч, жирийн иргэд цөм л хүнд бий. Бүгдийнх нь л тэвчээр тасарсан. Жирийн цагдаа нараа буруутгаж, урмыг нь хугалам хатуу үг шидмээргүй байна.
/ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Болд /
Харин миний цагдаа намайг хамгаална гэх хатуу итгэл үнэмшил тогтсон байсан тэр цаг үе ард үлдэж, ард иргэд цагдаа нарын хооронд хагарал үүссээр байна. Цагдаагийн Ерөнхий газрын Дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд тэргүүтэй удирдлагын багт гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхэн дээрх үйлдэл болон эс үйлдлээрээ ноёдын ноход гэдгээ нотолж, иргэний эсрэг зогсдогоо харууллаа. Иргэн цагдаа хоёр уг нь дайсан биш юмсан.