Монгол Улсын Манлай уяач Г.Батчулуунтай уулзаж, хурдан морь уяах арга ухааны талаар ярилцлаа. Тэрээр 40 жил хурдан морины уяа сойлго тааруулж байгаа хашир туршлагатай уяачдын нэг билээ.
-Хурдан морь уяа арга ухаанд хэрхэн суралцан, түгээн дэлгэрүүлж байна?
-40 жил хуримтлуулсан туршлага, өөрийн олж авсан, багшаасаа сурсан ахмад уяачдаас сурсан мэдсэн зүйлсээ залуу уяачдад би аль болох ойлгомжтойгоор олон хүнд түгээж хойч үедээ уламжлуулах тал дээр хоёргүй сэтгэлээр ханддаг.
-Морь хатгана гэдэг шүү дээ. Морийг хатгаснаас ямар үр дүнг үзүүлдэг юм бэ?
-Морь хатгана гэдэг нь хамгийн гол нь цусны эргэлтийг сайжруулах юм. Хатгадаг маш олон янзын цэг бий. Хөөсөн хаа, сээрэн сиймхий, савхан сиймхий, түнхний ороо хар, хонгоны ороо хар, товчлур гээд олон цэгүүд бий. Энэ цэгүүд тухайн адууныхаа ямар эмгэг олсон, яагаад олсон гээд тухайн байдлаас өөрчлөгдөж тохирсон хануур хатгууруудыг хийдэг.
Хамгийн гол нь морь доголно гэдэг нь булчин махны завсар шар ус хуян суухаар адууны догол бий болж байдаг. Түүнийг булчин махны завсар гантай хор нь гарсан зориулалтын хутгаар хатгаж булчин махны завсар хүчилтөрөгчийн хангамжийг маш өндөр хэмжээнд бий болгох хэрэгтэй. Хүчилтөрөгчийн хангамж булчин махны завсар ер нь цусанд дотор их хэмжээгээр байвал эдгэх явц түргэн явагдаж хөндүүр гарна. Хүчилтөрөгч цусны эргэлтээр дамжиж байдаг. Цусанд улаан, цагаан хоёр эс гээд хоё янзын байдаг. Улаан эс нь хүчилтөрөгчийг тээгч нь байдаг. Тэр улаан эс өөрөө тодорхой хэмжээний настай байдаг юм байна. Хамгийн гол нь залуу улаан эс нь хэдий хэмжээгээр цусанд иих байна төди чинээ адууны хол уралдах, өндөр ачааллыг авах чадвар маш сайн байдаг.
Хатгана гэдэг нь тэр хөгшин эстэй муу цусыг нь хатгуурын хутгаар судасны ханыг цоолж гадагшлуулах хэрэгтэй. Хөгшин эс их хэмжээтэй болоод ирвэл адууны хэл эврэх, хөлс түгших үйлдлүүд гарч ирдэг. Тэгэхээр муу хөгшин эсийг хануураар хатгаад гаргахаар цаанаас нь залуу эс орж ирэх орон зайг нь бий болгож өгөх нь хамгийн гол асуудал. Орон зайг нь бий болгоод өгөхөөр элэг, дэлүү, чөмөгнөөс тэр улаан эс эхэлдэг юм билээ. Тосон чөмөг гэдгээс эхэлдэг бүх юм нь уялдаатай байдаг. Залуу эсийг их хэмжээгээр цусанд байлгах юм бол тэр адуу давхих чадвар маш өндөр байна гэсэн үг.
-Уяач хүн хурдан морины уяа сойлгыг тохируулахдаа юуг голчлон анхаарах хэрэгтэй вэ?
-Хамгийн гол уяач хүнд анхаарах зүйл бол уралдах адууныхаа тосон чөмөг буюу жилийн үндсэн тамирыг зун намрын цагт бүрэн авахуулах ёстой. Байгалийн соргог бэлчээрт явуулаад намар зэрлэг сайхан бэлчээр сайтай сэврүүн газар адуугаа явуулж байж байгалийн ногоон ургамлаас адуу тосон чөмөг гэдэг зүйлийг авдаг. Адуу ч гэлтгүй ямарваа нэгэн мал. Тэр тосон чөмөг бий болсноор жилийн үндсэн тамир орж ирж байх ёстой.
-Намар уралдсан морь хавар хурдалдаггүй гэдэг. Энэ нь ямар учиртай юм бол?
-Намайг залуу байхад Дундговь руу намар гэрийн найр гэж болдог. Тэр нь есөн сарын сүүл, аравдугаар сарын эхээр болдог. Намар найранд морь уралдана. Намар 2-3 морио түрүүлнэ. Намар уралдаад морио тавина. Хойтон зун нь морио уралдуулахаар зун ерөөсөө явдаггүй байсан. Тэгээд гайхаад намарих хурдан байсан зун яахаараа явдаггүй юм гээд. Түүнийг хожуу олон жил морь уясны дараа ухаарч эхэлсэн. Тэр нь намар уралдсан адуу тосон чөмгөө авч амжихгүй өнөө байгаа тосон чөмгөөрөө намаржин уралдчихдаг. Хавар зун адуу нөгөө байгаа тосон чөмөггүй адуу ерөөсөө урагшаа явдаггүй. Нэгэн жигдийн давхилттай оч гэдэг зүйл нь алга болдог.
Адуугаа таргалуулчихлаа. Тосон чөмгийг нь авахууллаа. Үүний ард уяач хүнд хамгийн голт зүйл бол эдэлгээ. Эдэлгээг нь зөв хийж эхлүүлсэн морь тэр жилдээ давхих магадлал маш өндөр хэмжээнд байх ёстой. Эдэлгээг буруу эдлэх юм бол нөгөө бүх ажил чинь. Зөв эдэлнэ гэхээр намрын хайлган цаг өнгөрөөж цаг хугацааны хувьд 11 сарын 20-оос эхлэн морьдынхоо зөөлөн эдэлгээг эхлэх ёстой. Өөхийг хар маханд нь зөв шингээх тосон чөмөгт хүрэлгүйгээр өөхийг буулгаж зөв эдэлгээ хийх хэрэгтэй. Зөв эдэлгээ хийсний дараа тэжээл буюу морины уяанд хоол тааруулна гэдэг бол ерөөсөө зөв хөндүүрийг нь гаргаад зөв уяа эхлээд явах юм бол тэр адуу өөрөө хоолоо тохируулаад явдаг.
Их биеийн хөндүүр, тавагны хөндүүр, хэвлий гэдэсний хөндүүр гэж байдаг. Энэ гурван хөндүүрийг заавал авсан байх ёстой. Гурван амьсгал тэгширсэн байх ёстой. Гурван амьсгал гэдэг маань уушгиараа амьсгалах, арьсаараа амьсгалах, хэвлээрээ амьсгалах. Энэ гурван амьсгал нэг хэмэнд очиж байж хүчилтөрөгчийн хангамж өндөр хэмжээнд очин гэсэн үг. Уушгиар тэр хүчилтөрөгчийг татаж аваад цусны хүчилтөрөгчийг тээдэг улаан эс залуу байх ёстой. Цус шингэн байна гэсэн үг. Хэвлийн амьсгал гэдэг маань хэвлийн хөндүүр буюу гэдэсний хөндүүрийг зөв авсан байхад хэвлийн амьсгал зөв амьсгалж эхэлнэ. Энэ гурван амьсгал тэгшрэх, гурван хөндүүр гарах, сэтгэлийн гурван хорыг дарах гээд гурван гурвын есөн бичигдээгүй хууль үйлчилж байдаг.
-Морины сэтгэлийн хорыг нь яаж дардаг вэ, юунд нь илүү анхаарах уу?
-Сэтгэлийн хор гэдэг бол адуу чинь өөрөө сэтгэхүй маш өндөр амьтан шүү дээ. Өөрөө бол сэтгэлийг тайван агуу болгохыг хэлээд байгаа юм. Сэтгэлийг нь хорыг дараагүй, сэтгэлийг нь агуу болгоогүй адуу гарч зугтааж байгаад суудаг, баригдаад байдаг юм. Сэтгэл нь агуу болсон сэтгэлийн хор гарсан адуу бол хэдэн ч морины ард сүүлд үлдээд тоосон дунд эргэж байгаа харагддаг. Морины зул задрахад цээжний таван морин дээр өөрөө л хүрээд ирдэг. Энэ бол сэтгэл агуу болгосных юм. Хамгийн гол нь сэтгэл агуу болгох. Сэтгэлийг агуу болгох, тайван болгох хамгийн гол ажил бол алхаа байдаг.
Морийг дандаа алхаагаар сэтгэлийг нь засаж байх ёстой. Алхаагаар өөхийг барах, махыг хөдөлгөх гээд дандаа алхаа байдаг. Бага алхуулсан адуу бол сэтгэл тогтдоггүй, тайвширдаггүй, агуу болдоггүй. Ер нь их алхуулсан морь сайхан тогтдог. Алхаанаас морины ажил эхэлж байх ёстой юм.
-Хурдан морины хүүхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Хүүхдийн хувьд сайн байгаа морин дээр хүүхэд морины амаа зөв бариад явж байх хэрэгтэй. Морины амыг тэгш, ам ангайлгаж болохгүй, хэт дарж болдоггүй. Хэт их суллаж болдоггүй. Хэт их суллахаар адууны өөрийн их биеийн тэнцэл нь алдагдаад байдаг. Хэт их ангайлгаад байх юм бол морь амаараа амьсгалах хэл эврэх сөрөг зүйлс явдаг. Морины амыг зуулгаж дарах хэрэгтэй. Морийг хэт их балбаж, гуядаж уралдах хамгийн муу. Би айхтар гуядуулахыг боддоггүй. Үзүүрийн өрөө бараан дээр аман хүзүү, тав зургаа дээр гуядаж л таарна.
-Морины уяа ханасныг хэрхэн мэдэх үү. Ямар хугацаанд уяа сойлго нь таарах уу?
-Морины уяа ханана гэдэг нь зөв эдэлгээтэй морийг зөв сайхан тэжээгээд их насны морьдыг 30-31 хоногтоо уян дээр зогсооход хоног нь болоод байдаг. Азарга 20-25 хоногтоо зогсооход болно. Би их насны морио төрийн наадамд түрүү өргүүлж байсан.Бүсийн наадамд түрүү өргүүлж байлаа. Яах вэ, ханахлаараа мэдэгдэнэ л дээ. Нүд тунгалаг болох, сормуус дэрвийх, өнгө зүс гэрэл сүүдэр хоёр хосолж орж ирж байдаг.