Сүүлийн үед худалдаалж буй хатны зурагтай цүнх, хувцас хэрэглэлүүд нь тэр болгон үндэсний үйлдвэрлэл байдаггүй. Монголын өв соёл түүхээ дэлхийд сурталчилан таниулах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан “Маяара” брендийн тухайд, олон уран бүтээлч, артистуудтай хамтран түүх соёлын үнэт зүйлийг бүтээхээр ажиллаж байна.
Маяара брендийг үүсгэн байгуулагч Э.Азжаргал:
Бид түүхэндээ маш олон өв соёлтой байж түүнийгээ таниулж чаддаггүй. Монгол хүний онцлог шинж болон бахархлыг таниулахаар бүх бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэй байлгахыг зорьдог. Гэвч уламжлалыг яг сууриар нь гаргахаар хэрэглээнд төдийлөн нэвтэрдэггүй. Тиймээс илүү бүтээлч сэтгэлгээгээр орчин үеийн хэрэглээ рүү оруулах гэж хичээж ажилладаг.
Залуучууд дэлхийн трендийг харж сонгох нь элбэгшиж байгаа энэ үед бид Монгол үндэсний хэв шинжийг агуулсан детал бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж буй юм.
Хатны зураг зурж хэвлэсэн ледринэн цүнх Нарантуул дээр ч байна, Бөмбөгөр дээр ч байна. Тэр бол үнэндээ Монгол үйлдвэрлэл, Монгол бахархал биш. Өөрөөр хэлбэл албан ёсны үйлдвэрлэгч брендүүдийг үнэгүйдүүлж буй асуудал юм.
2019 оны гуравдугаар сард АНУ-ын Сиатл хотод Microsoft-ийн төв оффист бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэнг гаргаж байсан. Тухайн үед гаднынхан маш ам сайтай байсан юм. Монгол улсад дангаараа бие даасан худалдааны хууль байдаггүй. 20 гаруй дагалдах журам л байдаг. Тийм болохоор бизнесээ гадны зах зээл рүү нэвтрүүлэхэд яалт ч үгүй төр засгийн бодлого хэрэгтэй.