Коронавирусийн халдвар манайд сүүлийн өдрүүдэд 2000 давж бүртгэгдэн халдвар буурах эсэх нь тодорхойгүй байна. Угтаа вакцинжуулалт идэхтэй явж байгаа энэ цаг үед халдварын тоо дагаад буурах ёстой гэсэн хүлээлт бий. Гэхдээ энэ сарын эхээр УОК-оос хийсэн мэдээллийн үеэр ЭМ-ийн сайдын өгсөн мэдээлэл болон Эрдэмтдийн зөвлөлөөс зөвлөлийн гишүүний өгсөн зөрүүтэй мэдээллийг хүргэе. Бид хэнийх нь аль мэдээлэлд нь итгэх ёстой вэ?
Халдвар аажимдаа 7, 8-р сард дархлаажуулалтын нөлөөгөөр буурна
Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих "Эрүүл мэндийн сайд танилцуулга хийхдээ 15-наас хойш халдвар эрс буурна гэсэн үг хэлсэн. Уг танилцуулгад халдварын дараагийн оргил үе зургаадугаар сарын 15-н буюу энэ сарын дундуур тохионо гэдгийг бид оруулсан байсан. Үүнээс цааш буурна гэж хэлэхдээ эрс гээд хэлчихсэн бололтой. Үүндээ л ороогдоод байх шиг. Үгийн алдаа л гаргачих шиг болно лээ. Тухайн танилцуулгад халдвар аажимдаа буюу 7, 8-р сард дархлаажуулалтын нөлөөгөөр буурна гэж байсан юм.
сарын өмнөх судалгаанд сонгуулийн нөлөөг тооцох ямар ч арга байгаагүй учир үүнийг оруулаагүй дүгнэлт байсан. Гэхдээ зургаадугаар сард нөхцөлд байдал хүнд байх нь ойлгомжтой байсан. Тэгэхээр энэ нь сонгуультай холбоотойгоор 15-наас хойшоо ч үргэлжилнэ гэсэн үг.
Одоогоор халдвар их илэрч байгаа ч 7-р сараас яваандаа буурна, хөл хорио тогтоох шаардлагагүй. Дархлаажуулалт хийж буй тул 2-4 дүгээр сарынх шиг халдвар огцом нэмэгдэх аюул байхгүй. Байдал хүнд байгаа ч энэ нь зургаадугаар сард үргэлжлээд буурна гэж ойлгож болно.
Нийслэлийн иргэдийн 80 гаруй хувь нь вакцины бүрэн тунгаа хийлгэсэн бол халдвар үнэхээр буурах ёстой. Гэвч энэ нь нийслэлийн нийт иргэдийн биш зорилтот бүлгийн 80 гаруй хувь гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл дээрх тоонд хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, бусад шалтгаанаар вакцин хийлгээгүй олон иргэн ороогүй. Мөн хоёрдугаар тунгаа хүлээж буй иргэд бий. Дээр нь 2-р тунгаа хийлгээд 14 хоноогүй буюу халдвар авах эрсдэлтэй 800 мянган иргэн байна шүү дээ. Энэ бага биш тоо. Тэдэнд хэсэг хугацааны дараа дархлаа тогтоно гээд тооцохоор 7 дугаар сард нөхцөл байдал дээрдээд, 8 дугаар сард бүр сайжирна гэсэн үг.
Гэхдээ дархлаажуулалтыг хурдасгах шаардлагатай. Анзаарсан бол сүүлийн үед вакцин хийж буй хурд саарсан. Одоогоор хоёрдугаар тунг хүн амын 50 хувьд ч хүргээгүй байна. Тэгэхээр иргэдийн хүсэж буй шиг халдвар хурдан дарагдахгүй"
Зургаадугаар сарын 15-н гэхэд тархалтын түвшин буурна
УОК-оос хийсэн мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ЭМЯ-ны болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг мөн мэргэжлийн байгууллагын эрдэмтэд судлаачдын дүгнэж байгаагаар вакцинжуулалтын үр дүн зургаадугаар сарын 15-н гэхэд гарна. Бид нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтыг зургаадугаар сарын нэгэн гэхэд дуусгана гэдэг төлөвлөлтийг гаргаж байсан. Файзер болон бусад вакцины татан авалттай холбоотой эрсдэлт бүлгийн хүмүүсийн вакцин зургаадугаар сарын 15-нд дуусах ёстой. Манай эрдэмтэн судлаачдын гаргасан графикийг харж байна. Зургаадугаар сарын 15 гэхэд тархалтын түвшин буурч, тохиолдлын тоо өдрөөс өдөрт буурах магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргасан. Хэдий вакцинжуулалттай холбоотой ч тохиолдлын тоо эрчимжиж байгаа шалтгаан нь тандалт судалгааны баг дүүргүүдэд эрчимжиж, ялангуяа хөдөө орон нутагт тандалтын шинжилгээний тоо нэмэгдэж байгаа"