“Төгс мутар” хараагүйчүүдийн бариа заслын төвд МУГТ Ж.Лхагважав нэг жилийн хугацаанд бариа засалчаар ажиллажээ.
Хөнгөн атлетикийн тамирчин тэрбээр 1973 оноос эхлэн гүйсэн юм. 1977 онд Оросын Техникийн мэргэжлийн сургуульд сурахаар яваад ахуйн ослоос үүдэн харах чадвараа алджээ. Түүнтэй ажил хөдөлмөр, гавьяа шагнал хийгээд түүний үзэл бодлын талаар ярилцсан юм.
Тэрээр, “Манай “Төгс мутар” бариа заслын төв 2020 оны 5 дугаар сард байгуудагдсан. Дүү нар маань шинээр бариа заслын газар ажиллуулж байна, бидэнтэй ирж ажиллаач гээд урилга өгсөн. Байнга ажиллаад байхаар үйлчлүүлэгч олонтой болох юм. Лхагваа бариач гэсэн улсууд их л боллоо. Түмэн олны буянд болж л байна. Хараагүй хүмүүст зургаа дахь мэдрэхүй гэж байна шүү дээ. Хуруу гарандаа мэдрэхүй нь орчихдог. Түүнийгээ хөгжүүлээд хоёр жил МСҮТ-д суралцсан. Манай эхнэр тэнд багшилдаг юм. Гүйхээс өөрийг мэддэггүй байсан хүн бариач нэртэй болчхоор сайхан л байдаг юм байна.
Миний хувьд 1994 он хүртэл хөнгөн атлетикийн төрлөөр тасралтгүй хичээллэсэн. Улмаар Нью-Йоркийн олон улсын марафонд оролцоод түрүүлж байсан юм. Мөн би Азийн наадамд таван удаа, Пара-Олимпод хоёр удаа, дэлхийн наадамд нэг удаа оролцсон. Азийн наадмын хошой аварга, дэлхийн наадмын мөнгөн медальтай, Азийн наадмын гурван хүрэл медальтай. Төр засгаас миний амжилтыг өндрөөр үнэлээд Хөдөлмөрийн баатраас бусад бүх л шагналыг өглөө. Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас гээд. 1977 онд Орос руу Техникийн мэргэжлийн сургуульд явах үедээ курсынхантайгаа зодоон хийж байгаад тархиндаа гэмтэл авчихсанаа мэдэхгүй явсаар харах чадваргүй болсон.
Хүн ер нь ертөнцөөс заяасан биеэ хайрлаж явах ёстой юм билээ. Хэн ч яаж яваад гэмтэл авахыг мэдэхгүй. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэлтгүй биеэ хайрлах хэрэгтэй. Дахиж амьдрах үгүйгээ мэдэхгүй болохоор энэ заяасан амьдралдаа энх тунх явах нь чухал.
Хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй гэлтгүй эрүүл саруул мөртлөө амьдралаа авч явж чадахгүй маш олон хүмүүс байдаг. Тэдгээрийг хараад би их өрөвддөг. Надад маш олон хөгжлийн бэрхшээлтэй найзууд байна. Тэд амьдралын төлөө зүтгэж байхад эрүүл хүмүүс зүтгэхгүй байгаад их сэтгэл дундуур байдаг.
Манай эхнэр бүрэн хараагүй. Би 90 хувийн алдагдалтай. Эхнэр бид хоёр сүйтэгнээд л супер маркет орно. Тусалдаг хүн байдаггүй. Хараагүй хүнд зориулсан тэмдэглэгээнүүд дэлгүүрийн лангуунууд дээр байдаггүй юм. Супер маркетуудад ороод хараагүй хүмүүс байна үйлчлээд өгөөч гэхээр, тэнд хариуцаж байгаа хүн нь бий гээд очихоор хүн байдаггүй. Том дэлгүүрт маш хэцүү. Харж ялгаж чадахгүй болохоор тэр шүү дээ. Автобус унаанд суух гээд хүнээс асуухаар мөн хариу хэлэхгүй. Ихэнх нь чихэвч зүүчихдэг юм шиг байгаа юм. Таягаараа тогшиж автобусны хаалган дээр очоод жолоочоос нь асууна. Хараагүйчүүдийн зам дээр явж байгаад л шон мөргөнө, ТҮЦ очоод тулчихна. Яг тэр замууд дээр ТҮЦ тавьчихсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин гэж Монголд үнэхээр байхгүй.
Би Америкад гурван жил амьдарч байсан. Тамирчны буянаар дэлхийн Африкаас бусад тивийн 40 гаруй орноор явж, тэмцээн уралдаанд оролцож байлаа. Гадаадын аль ч ядуу орон байсан хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй хүмүүст зориулсан зам, үйлчилгээ нь их сайн. Монгол даанч тийм юм байхгүй” хэмээн ярилаа.