Коронавирусийн халдвар манайд сүүлийн өдрүүдэд 1000 давж бүртгэгдэн халдвар буурах эсэх нь тодорхойгүй байна. Угтаа вакцинжуулалт идэхтэй явж байгаа энэ цаг үед халдварын тоо дагаад буурах ёстой гэсэн хүлээлт бий. Гэхдээ энэ сарын эхээр УОК-оос хийсэн мэдээллийн үеэр ЭМ-ийн сайдын өгсөн мэдээлэл болон ЭМЯ-ны мэдээллийн цагаар тус яамны газрын даргын өгсөн зөрүүтэй мэдээллийг хүргэе. Бид хэнийх нь аль мэдээлэлд нь итгэх ёстой вэ?
Зургаадугаар сарын 15-н гэхэд тархалтын түвшин буурна
VI сарын 2-нд
УОК-оос хийсэн мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ЭМЯ-ны болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг мөн мэргэжлийн байгууллагын эрдэмтэд судлаачдын дүгнэж байгаагаар вакцинжуулалтын үр дүн зургаадугаар сарын 15-н гэхэд гарна. Бид нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтыг зургаадугаар сарын нэгэн гэхэд дуусгана гэдэг төлөвлөлтийг гаргаж байсан. Файзер болон бусад вакцины татан авалттай холбоотой эрсдэлт бүлгийн хүмүүсийн вакцин зургаадугаар сарын 15-нд дуусах ёстой. Манай эрдэмтэн судлаачдын гаргасан графикийг харж байна. Зургаадугаар сарын 15 гэхэд тархалтын түвшин буурч, тохиолдлын тоо өдрөөс өдөрт буурах магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргасан. Хэдий вакцинжуулалттай холбоотой ч тохиолдлын тоо эрчимжиж байгаа шалтгаан нь тандалт судалгааны баг дүүргүүдэд эрчимжиж, ялангуяа хөдөө орон нутагт тандалтын шинжилгээний тоо нэмэгдэж байгаа.
Халдвар цаашид өсөх хандлагатай
VI сарын 3-нд
ЭМЯ-ны мэдээллийн цагаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Тохиолдлын тоо буюу бидэнд дараагийн давлагаа харагдаж байна. Долоо хоногийн дунджаар 540 тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Хөл хорионы дараагаар хөдөлгөөний идэвх нэмэгдсэн. Энэ нь халдвар цааш тарах гол хүчин зүйл болж өгдөг нь эндээс харагдаж байгаа.
Жишээ нь, өнөөдөр 1000 тохиолдол илэрч байгаа тохиолдолд нэг хүний цаана цаашдаа 1300 тохиолдол нэмэгдээд явах бололцоотой гэдгийг харуулж байгаа. Дараагийн нэг үзүүлэлт бол R утгаар дараагийн өдрүүдэд халдварын тархалт хэр байхыг харуулдаг. R утга 1.3 байгаа үед хэрвээ нөхцөл байдал үргэлжлэх бол халдвар цаашид өсөх нэмэгдэх хандлагатай байгаа нь харагдаж байгаа” гэдэг мэдээллийг өгсөн юм.
ЭМЯ-ны нэг өдрийн зөрүүтэй хоёр өөр байр суурийг хүргэсний учир нь иргэдийн эргэлзээг нэг талд гаргаж халдвар цаашид хэрхэн өөрчлөгдөхийг тодорхой тайлбарлахыг хүсэж байна. ЭМЯ цэгцтэй, тодорхой байдлаар мэдээллээ хүргээч ээ.