“Зүрх мартахгүй” төслийн багийнхан хөдөө орон нутагт ажиллажээ. Энэ үеэрээ зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, Гавьяат эмч Б.Болдсайхан өөрийн цахим хуудаснаа “Хэнтийн засаг дарга Ц.Идэрбат энэ жил наадмаар бөх, моринд их мөнгө, бай, шагнал өгөхгүй оронд нь нутгийн зөвлөлтэйгээ яриад “Хязгаараас чинад…” багийн үзлэгээр яаралтай зүрхний хагалгаанд орох хүүхдүүдэд туслахад зориулна гэж санаачлага гаргасан” талаар онцолсон юм. Бид Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаас энэ талаар тодрууллаа.
–Гавьяат эмч Б.Болдсайхан танай аймагт ажиллан таны гаргасан санаачилгыг онцолсон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Гавьяат эмч Б.Болдсайхан манай аймаг болон Дорнод аймгаар ажиллаж 500 гаруй хүүхэд насанд хүрэгчдэд үзлэг, оношилгоо хийсэн. Үүний 270 орчим нь Хэнтий аймгийн хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс дунд зүрхний гажигтай зайлшгүй шаардлагатай хагалгаанд орох хүүхэд олон байна. Эхний ээлжинд хүнд байгаа дөрвөн хүүхдийг авч явахгүй бол хүндэрсэн байна гэдэг талаар хэлсэн. Тэдгээр дөрвөн гэр бүл хүүхдээ үзүүлнэ гэж ирээд гэнэт хот руу явж хагалгаа хийлгэх шаардлагатай болж байгаа учраас мөнгөний асуудал үүссэн. Тэдгээр дөрвөн гэр бүл тус бүрд 250 мянган төгрөг нийт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд хот руу явууллаа.
Манай аймагт зүрхний согогтой хүүхэд олон байна. Амьжиргааны түвшин янз бүрийн асуудлаас болоод тэр бүр эмнэлэгт үзүүлээд байж чадахгүй зэрэг асуудлууд байна гэдгийг Б.Болдсайхан эмчийн багийнхан бидэнд танилцуулсан.
Нутгийн зөвлөлөөс болон аймгийн наадмын төсвөөсөө эдгээр хүүхдүүдэд зориулж болох уу гэдэг талаар ярьсан. Үүнд би өөрийнхөө бодол, баримталж ажиллах зарчмыг хэлсэн. Томоохон ойн баярууд буюу Ардын хувьсгалын 100 жил, аймаг байгуулагдсаны 100 жилийн ой болохоор аймгийн төсөв дээр наадамд зориулсан мөнгө нь харьцангуй бага. Ямар нэгэн байдлаар ивээн тэтгэгч олоод нутгийн зөвлөл дэмжин нэлээд мөнгө босгодог.
Түүнээсээ түрүүлсэн бөхөд байр, машин гээд зарцуулдаг. Би үүнийг буруу жишиг гэж боддог.
Орон нутагт шийдвэрлэх хэрэгтэй олон асуудал байдаг. Түүнийг зөвхөн морь, бөхийн байнд өгнө гэдэг зөв шийдвэр биш гэж үздэг. Ингэснээрээ би үндэсний спортоо үл тоож байгаа зүйл бас биш. Үндэсний спортыг хөгжүүлэхийн төлөө байна. Миний мөрийн хөтөлбөр дээр хурдан морио хөгжүүлэх, уяачдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, сонирхлыг нь хөгжүүлэх тал дээр шагай, сур, бөх гээд төлөвлөсөн ажлууд бий. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ бий. Юм хэт туйлширчхаараа утгагүй болдог. Бид томоохон ойгоороо хандив цуглуулна гэдэг ч амар байдаггүй. Хэрвээ манай аймагт туслая гэсэн бизнесийнхэн болон нутгийн зөвлөлийнхөн хандвал би түүнийг шууд наадамд биш яг л ийм очоод үзүүлье гэхээр үзүүлж чадахгүй, хүүхдээ өвчтэй гэдгийг мэдрээд өдөр бүр хараад зүрх нь шимширч байдаг хүмүүст туслах нь зүйтэй. Би ийм бодолтой байдаг хүн гэж хэлсэн. Жишээ нь аймгийнхаа 100 жилийн ойгоор тэнгэрт тулсан өндөр бай шагнал өгөхгүй гэж бодож байгаа. Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхийн цол, хурдан морь нь хурдалсан гэдэг тэр амжилт нь л тухайн хүнийг баярлуулах ёстой гэж боддог. Дорнод, Завхан, Хэнтий аймгийн 100 жилийн ойд миний энэ насны морь түрүүлж байсан гэдэг үнэмлэх, медаль нь байж байхад сайхан шүү дээ. Тэгэхгүй байр, машин болоод ирэхээрээ утгагүй болж байгаа юм. Хүний хэрэгцээг мөнгөөр хангаад явна гэвэл хэцүү шүү дээ. Баяр наадмаар цугладаг хандивыг бай шагналд зарцуулахгүй л гэсэн үг юм. Хэтийдсэн бай шагналын эсрэг байдаг учраас тэр мөнгийг л зөв зүйлд нь зарцуулахын төлөө ажиллана.
-Эхний дөрвөн хүүхдийн асуудлыг шийдлээ. Цаана нь дараагийн ээлжинд эмчлүүлэх шаардлагатай хэчнээн хүүхэд байгаа бол. Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар төлөвлөсөн зүйл байгаа болов уу?
-Бид энэ талаар Б.Болдсайхан эмчтэй ярилцсан. Дараагийн гэж эрэмбэлэгдэх хүүхдүүдийг би ялгаж мэдэхгүй. Та эдгээр дөрвөн хүүхдийн дараа тав, зургаа, долоод ямар хүүхдүүд байхыг эрэмбэлээд өгөөч. Тэгэхгүй бол бүгд л нэг хоногийн өмнө ч гэсэн үзүүлэх юмсан гэсэн хүсэлтэй байгаа. Тэднийг би ангилах нь утгагүй. Өөр хүмүүст хандахаар магадгүй дундуур нь өөр хүн өмнүүр нь оруулж эмчилгээ хийлгэх нь ялангуяа хүүхдийн асуудал дээр би нүгэл гэж үзнэ. Тиймээс та яаралтай хүүхдүүд нь энэ шүү гэж хэлээрэй. Би нутгийн зөвлөлийнхөнтэйгөө ярилцаад наадмын үеэр хандив өргөдөг хүмүүстээ хандан эдгээр хүүхдүүдийг эмчлүүлэх зүйлийг бодно гэж ярилцсан.