Монгол Ардын намын 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймдээ ч Монгол Ардын нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах томоохон зорилтыг дэвшүүлсэн нь лавтай. Тэр ч утгаараа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас 100 хувийн саналаар У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулсан. У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдаас бууснаас хойш намын даргын суудлаа өгөөгүй байгаа.
Угтаа өнгөрсөн гуравдугаар сарын 1, 2-нд МАН ХХХ Их хурлаа хуралдуулан намын даргаа сонгох байсан. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, коронавирусийн цар тахлын үед намын Их хурлаа зохион байгуулахгүй байх нь зөв гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, МАН-ын Их хурлыг үндсэндээ баярын хурал байхаар төлөвлөсөн ч ийн цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Цар тахал дэгдээд хоёр дахь жил нүүр тулан аливаа хурал зөвлөгөөн, уулзалтууд цахим хэлбэрт шилжээд байгаа энэ цаг үед МАН-ын Удирдах зөвлөл ковидоор “шалтаглаж” цахимаар хуралдах талаар үг ч цухуйлгаагүй. Үнэхээр ковидийн улмаас МАН Их хурлаа хойшлуулав уу, У.Хүрэлсүх намын даргын суудлаа Л.Оюун-Эрдэнэд өгөхгүйн тулд сонгууль хүртэл хойшлуулав уу гэдэг нь хардлага дагуулсан хэвээр үлдлээ.
Намын даргыг зөвхөн намын Их хурлаар солих намын дүрэмтэй учраас өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Ерөнхий сайдаасаа буусан У.Хүрэлсүх одоо сул гишүүн болсон. Их хурал хойшилсон учраас У.Хүрэлсүх намын дарга хэвээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа.
Монголын ууган намын хүчин Монгол Ардын намын дарга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар тодрох нь тодорхой болсон. МАН-ын намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн даргаа намын даргын ажлаа өгнө. Тиймээс Монгол ардын намын дарга болохоор яригдаж буй хувилбарыг танилцуулья.
Л.Оюун-Эрдэнэ
Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар төрөх эмнэлгийн сувилагч коронавирусийн халдвар авсан дөнгөж амаржсан эхийг гадуур хувцасгүй тээвэрлэснээс болж огцорсон. 32 дахь Ерөнхий сайдаар МАН-аас Л.Оюун-Эрдэнэ тодорсон.
МАН-ын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон тохиолдолд Намын дарга Ерөнхий сайд байна” гэж заасан байдаг. Тиймээс одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох бөгөөд гуравдугаар сарын 1, 2-нд товлосон Их хурлаар түүнийг намын дарга болгоно хэмээн хүлээж байсан. Гэвч Их хурал хойшилсон учраас Л.Оюун-Эрдэнэ намын дарга болохгүй, У.Хүрэлсүх намын дарга хэвээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа.
Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногоор хийсэн ажлаа тайлагнахдаа намын дарга нь Ерөнхий сайд байх нь зөв, хэрэв үгүй бол ямар асуудал гарч болохыг өнгөрсөн үеийн жишээнүүд харуулсан хэмээн намаа авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Зарим таамаг дэвшүүлэгч нар намын даргын суудалд Л.Оюун-Эрдэнэ хүчтэй өрсөлдөгч гэж байгаа ч У.Хүрэлсүх түүнийг дэмжихгүй байх хэд хэдэн шалтгаан байгаа гэдэг. Мөн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын гэх хотын фракцтай хэл амаа ололцож чадах эсэх нь эргэлзээтэй.
Тиймээс дараагийн намын даргад түүнтэй өрсөлдөх хүн нэгээр зогсохгүй яригдаж буй.
Д.Амарбаясгалан
Өнгөрсөн УИХ-ын хоёр удаагийн сонгуульд өнжиж намынхаа гал тогоог хариуцлагатайгаар авч явж байгаа хүн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Тэр ч утгаараа МАН-ын дараагийн даргын сунгаанд хамгийн өндөр рейтинг, хамгийн нөлөө бүхий улс төрч нь Д.Амарбаясгалан байх боломжтой. Нам доторх түүний нөлөө нь Л.Оюун-Эрдэнээс хамаагүй илүү. Мөн У.Хүрэлсүх гэдэг хоёрдугаар эгнээнд явж ирсэн улс төрчийг нэгдүгээр эгнээнд гаргаж, намын дарга Ерөнхий сайдын суудалд тухлах боломжийг бий болгож, суулгасан арын албаны хүн нь Д.Амарбаясгалан гэх. Энэ утгаар нь авч үзэх юм бол дараагийн МАН-ын дарга нь Д.Амарбаясгалан байх магадлал хамгийн өндөр байна.
Мөн МАН дотор хүчтэй байгаа С.Батболдын фракцын улс төрчдийг өөрийн талд урвуулах чадвар нь Д.Амарбаясгаланд байгаа.
Хэрэв У.Хүрэлсүх дээшилсэн нөхцөлд түүний орыг залгах хүн нь улс төрд хатуу самар болон өсч буй Д.Амарбаясгалан байх нь магадлал өндөр.
Г.Занданшатар
Ардын намд Сү.Батболдын фракц, Миеэгийн фракц гээд олон фракц байдаг гэлцдэг. Эндээс Сү.Батболдын фракцад хамаардаг хэдэн элитүүдийн нэг нь Г.Занданшатар. Г.Занданшатар албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй ч албан тушаал, эрэмбийн хувьд намын даргаа авах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэх ч бор шувуу хэдийнээ нисэх болсон. Түүнийг намын даргад горилж буй Л.Оюун-Эрдэнийн гол өрсөлдөгч гэх нь ч бий. Тэдний өрсөлдөөнийг нэг тийш шийдэх хамгийн том түшиц цэг нь нийслэлийн МАН-ын хороо юм. Учир нь нийслэлийн намын хороо гэдэг бол нам доторх нам болсон том бүтэц бөгөөд үеийн үед хотын фракц хаашаа эргэхээс намын даргын хувь заяа шалтгаалж ирсэн байдаг. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хэдийнээ нийслэлийн фракцад таалагдах өөр өөрсдийн алхмуудаа ээлж дараалан хийгээд эхэлсэн.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд тулхтай улстөрч, мэдлэг чадвартай төрийн хүн гэдгээ мэдрүүлж байгаа хэдэн улстөрчийн нэг нь яах аргагүй Г.Занданшатар. УИХ-ын даргын ажлаа сайн хийж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт намын дарга болох амбицаа ил зарлахгүй ч далдуур шаггүй нүүдэл хийсээр байгаа сурагтай.
Эргэн сануулахад, МАН-ын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд нам олонхи болсон тохиолдолд Намын дарга Ерөнхий сайд байна” гэж заасан байдаг. Намын дарга болох нь дараагийн Ерөнхий сайдаар автоматаар томилогдоно гэсэн үг.
Хэрэв МАН-ын дарга Л.Хүрэлсүх Ерөнхийлөгч болбол М.Энхболдын түүхийг давтаж МАН дотроо Л.Оюун-Эрдэнийн бүлэг, У.Хүрэлсүхийн бүлэг гэж хуваагдаж намын хагарал эхлэх вий дээ.