Улаанбаатар хот дахь гаалийн газраас хүлээгдэж буй ачаа барааны эргэлт болон улсын төсвийн орлого, зарим терминалуудын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга П.Сүхбаатар “Гаалийн байгууллагаас тавдугаар сарын 6-наас эхлэн зургаадугаар сарын 30-ныг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа. Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулаад бид УОК-оос өгсөн шийдвэрийн дагуу тодорхой нэр төрлийн бараануудыг ААН-үүдэд олгож ажиллаж байсан. Үүний улмаас зарим иргэд, ААН-ийн барааны бөөгнөрөл зарим гаалийн хяналтын бүсэд бий болсон асуудал байсан. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулаад бид уртасгасан цагаар ажиллаж байгаа. Уртасгасан цагаар ажилласны ач холбогдол гарч байна. Нэгдүгээрт бөөгнөрч байсан бараа тээврийг ААН, иргэд хүртээмжтэй авч байна. Бөөгнөрөл арилж хэвийн горимд шилжсэн. Эхний долоо хоногт нэлээд ачаалалтай 1200 хүртэлх гаалийн бүрдүүлэлт хийж бараа, тээврийн хэрэгслийг олгож байсан.
Уртасгасан цагаар гаалийн байгууллага дангаараа ажиллаагүй. Дагалдаад тээвэр жуучлалын байгууллагууд, төмөр зам, мэргэжлийн хяналтын байгууллагууд ажиллаж байгаа.
Өнгөрсөн 20 хоногийн хугацаанд 2000 гаруй бүрдүүлэлт хийж 38 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Улаанбаатар хотын Гаалийн газрын хувьд улсын орлогын төлөвлөгөөг биелүүлэх байдал 86.8 хувьтай явж байна. Уртасгасан цагаар ажиллахад бид хагас жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой төлөв харагдаж байгаа.
Улаанбаатар хотын гаалийн хувьд 2020 онтой 2021 оны эхний таван сарын байдлыг харьцуулахад бараа эргэлт 20 гаруй хувиар өссөн. Экспорт 145 гаруй хувиар нэмэгдсэн. Гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онтой харьцуулахад 21.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.
Тэрээр сэтгүүлчийн асуултад хариултад дараах хариултыг өглөө.
-Гааль дээр бараа материал гацах асуудал байхгүй гэсэн үг үү?
-Одоо гааль дээр манай хяналтын бүс дээр ямар нэгэн ААН, иргэдийн бараа, материал, тээврийн хэрэгсэл гацсан, бөөгнөрсөн асуудал арилсан. Өчигдрийн мэдээгээр 14 гаалийн хяналтын бүсэд 1100 гаруй вагон, чингэлэг ирсэн. Энэ нь хэвийн үед байдаг тоо.
-Өмнө нь гааль дээр бараа бүтээгдэхүүн хэд хоногоор хүлээгдэж байсан бэ?
-Хэд хоногоор хүлээгдэнэ гэсэн тодорхой зүйл байхгүй. Хатуу хөл хорио тогтоогдсон үед нефть, нефтийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн хэрэгслийг бид тодорхой чиглэлийн дагуу өгч байсан.
-Тяньжиний боомт дээр 400 гаруй чингэлэг гацсан гэсэн. Энэ асуудал дээр мэдээлэл өгөөч?
-ЭНэ мэдээлэл зөвхөн Улаанбаатар хотын гаалийн газартай холбоотой учраас Тяньжиний боомтын тухай мэдээлэл одоогоор алга. Тодорхой хэмжээгээр тэрхүү гацсан бүтээгдэхүүн манай гаалийн хяналтын бүсүүдэд буухад хэвийн ажиллах бэлтгэл ажлуудыг хангаж бэлэн байдалд ажиллаж байгаа.
-Цар тахлын үед гаалийн байгууллага ямар тусгайлсан арга хэмжээг авч ажиллаж байгаа вэ?
-Халдвар ариутгалын хувьд мэргэжлийн хяналтын байгууллага бүх хяналтын бүсэд ажиллаж байна. Бүх тээврийн хэрэгсэл, ирж байгаа иргэд зохих дүрэм, журмын дагуу бараа, тээврийн хэрэгсэл олгогдож байгаа. Одоогоор аль нэг хяналтын бүсэд халдвар гарч үйл ажиллагаа нь зогссон асуудал гараагүй.